УТААТ УЛААНБААТАРААС УРИН ДУЛААН ТАЙЛАНДАД /ҮРГЭЛЖЛЭЛ/

2024-07-24  

-Хахир хүйтэн өвөл, хотын утаа,түгжрэлээс зугатсан нийслэлийн иргэд Тайландын Бангкок, Пукет  рүү  руу олноороо цувж байна-

     Бидний “загасчлах” аялал.

    ... Манай хөлөг энэ олон хөлгүүдтэй зэрэгцээд л газардлаа. Хэсэг алхаад нөгөө загас харж шумбах байршилдаа очих юм байна. Ойрхонтоо сүрлэн дээвэртэй байр сууц, өнгө өнгийн сүүдрэвчүүд цуварч харагдаж байх. Наран шарлагын ор сандалд тухалсан амрагчид сүүдрэвчийн наахнуур олон байв. Цаахантайх байр байшингууд нь зочид буудал бололтой. Хэд гурван хоногоор амрагсад энэ аралд ирж тэр буудлуудад хонож өнждөг биз... Тэнгисийн энэ эрэг торгон шаргал элстэй, бас сонирхол татахуйц үхэр чулуу, хүрмэн хадтай юм билээ. Наран шарлагын хүрмэн хадат хэсгийг өнгөрөөд

манай хөлгийнхэн тэнгисийн гүехэн хэсэгт ирцгээсэн юм. Хөлгийн ахмад, туслахууд аялагч бидэнд усан доогуур шумбахад өмсөх нүдний шил, амьсгалах гуурс өгсөн байв. Эргээс арваад метр цаашлахад ус хоёр метр гаруй гүнзгий болж хөл газар хүрэхгүй болж байлаа. Хоёр ач маань надад ойрхон сэлж загас жараахай харан баясалдаж байх. Миний сэлж буй гүнзгий хэсэгт улаан, хөх өнгөтэй загасны хоёр ч

сүрэг хажуухнаар шурдхийн өнгөрч байлаа. Усан дотроо энэ загаснууд сүрхий том, бас тод харагдах юм билээ. Ач нар ч бас хэд хэдэн загас харчихаж. Үзсэн харснаа нэг нэгэндээ гайхуулж хэсэг баясацгаав. Цаашилбал загас улам олшрох бололтой, над мэт нь энд хүрээд зогсох нь зөв байх. Манай хөлгийнхэн энүүхэнд нэг нэгнээ дуудан шуугилдаж байцгаалаа. Үүгээр “Пи Пи арал”, “Маяа булан”, “Сармагчны арал”, “Загас харах” бидний аялал өндөрлөж хөлөг дээрээ ирцгээв. Пукетийн 32 арлын дөрвөн

арлаар л бид ийн аялалаа. Алдарт Жэймс Бондын цуврал кино зураг авч түүний нэрээр нэрлэсэн нэг арал байдаг гэнэ. Тэнд гадна дотны аялагчид их очдог гэх. Энэ зүгт нь “Сарьсан багваахайн арал”, “Шүрэн арал” гээд бас байдаг аж. Тэднийг багцалсан аялалын маршрут ч байх юм билээ. Бидний өнөөдрийн аялалынхаас арай үнэтэй багц гэх юм билээ тэр нь. Пукетчууд гучаад арлаа энэ мэтээр багцалж гадныхныг аялуулж боломжийн мөнгө олж байна. Тайландын аялал жуулчлалын бизнест Пукет муж, Пукет арлынхны оруулдаг хувь нэмэр тун их аж.

    Манай хөлгийн ахмад муатай боксчин гэнэ ээ... Бидний “загасчилсан” сүүлийн арал хот талдаа ойр байсан юм байлгүй, өглөөнийх шиг удаан давхисангүй, манай хөлөг зогсоолдоо ойртож хурдаа сааж байлаа. Хөлгийн ахмадын туслах, манай энэ аялалын ахлагч эр аялагчдын сэтгэгдлийг асууж манайхан бүгд л түүнд талархал илэрхийлэв. Тэрээр хөлгийн ахмадад баяр хүргэхийг аялагчдаас хүсч бид ч алга ташив. Хөлгийн жолооч, хөлгийн дарга сахалт эр маань хэд хоногийн дараа муатай боксын нэгэн тэмцээнд орохоор бэлтгэл хийж буй гэнэ. Аялалын ахлагч бидэнд ийм мэдээлэл өгөөд хөлгийн даргад талархаж тэмцээнийх нь бэлтгэлд дэмжлэг үзүүлэхийг аялагчдаас хүсч хандивын хайрцаг аялууллаа. Аялагчид хэл

  Манай хөлгийн ахмад, хөлгийн ахмадын туслах, бидний аялалын хөтөч нар        

амгүйхэн нэг нэгнээ дуурайгаад хэд гурван дэвсгэрт тэр хайрцагт хийцгээж байна лээ. Муатайчин маань зогсоол бүр дээр л тамхилж харагдсан. Ямархуу зэрэглэлийн тамирчин юм бол доо гэх бодол, бас бага шиг эргэлзээ харин надад төрж байв.

   ...Хөлөг газардахад зогсоолын оффисийн бүсгүйчүүл баахан зураг дэлгэчихэж. Шаазан таваг дээр буулгасан зураг юм тэр нь. Хүмүүс өөр өөрсдийн зургаа хайж олоод авцгааж байх. Бид хэдийн зураг ч тэнд байж л байна. Өглөө хөлгийн тавцанд гарахын өмнө  зогсоолын ажилтан биднийг хамтад нь зогсоогоод зураг авна гэхэд нь ямар учиртайг хүүхдүүд асууж байв. Зогсоолын албат нь даатгалын зураг авч байна

гэж хариулж байсан юм. Зорчигчдын зураг даатгалд мэдээж хэрэгтэй л байх. Тэгэхдээ зогсоолынхон үүнийг давхар өөрсдийн бизнес болгочихож. Шаазант зураг 200 баат гэнэ. Төлөөд зургаа авлаа. Манайхаар бол 20 мянган төгрөг. Дурсгалтай л юм... Зогсоолын оффисоос чемодан саваа аваад гадагш гарахад биднийг хүргэж ирсэн микро хүлээж байв. Хүүхдүүд онгоц буудлын дэргэдэх “Sugar” гэх зочид буудалд  өрөө захиалчихсан юм билээ. Өглөө эрт Бангкок нисэх гээд хотын нэг захаас хол зам туулж сандчиж явснаас унаа унаш гэлтгүй тав арван минут алхаад онгоц буудалд очих нь дээр гэж хүүхдүүд маань шийдэж. Ийм шийдэл зөв юм гэдгийг Пукетэд нисэж ирээд онгоц буудлын хажуух “Perennial Resort” зочид буудалд айвуу тайвуу амарч хонож өнжихдөө мэдэрсэн билээ бид...

    Тайландын Хааны армийн “сум”-тай “Sugar“ буудалд. Цаг гаруй давхиад зочид буудалдаа ирцгээлээ. Өрөө өрөөндөө төвхнөчихөөд гудамжны хоол эргүүлцгээв. Бүтэн өдрийн аялалд яваад нилээд оройтсон тул ихэнх хоолны газрууд хаалгаа барьчихаж. Гашишийн үйлчилгээтэй бага шиг кафенууд харин олон хэлийн үйлчлүүлэгчтэй, идэвхтэй ажиллаж байх юм билээ. Хэмжээ дооз, ямар үнэ өртөгтэй гашиш буйг ч гадна самбартаа мэдээлчихсэн байх юм. Тайланд улс энэ талын үйлчилгээгээ нилээд либералчилж буй гэх юм билээ. Оройн хоол эрэх далимаар эндхийн шөнийн гудамжаар алхаж хэрэгт дурлаж элдвийг сонирхож явав. Хэдэн жилийн өмнө хүүтэйгээ Патаяд аялаж тэдний алдартай “Lady Boy” шоу үзчихээд шөнийн гудамжаар буцаж явахад бид хоёрыг аав хүү гэж ялгахгүй хажуу хавирганаас татаж чангаасан охид бүсгүйчүүд олон тааралдаж би эхэндээ санаа зовж явж билээ. Сүүлдээ би ч, хүү ч түүнийг нь тоохгүй болчихсон, инээдэм наргиан болоод л алхаж явсан юмдаг. Тэр удаагийн аялалын төгсгөлд ээж, хүү бид гурав Ханойгоос Бангкокт ирж тэнд манай Элчин сайдаар ажиллаж байсан анд Ч.Баттөмөрийн захиалж өгсөн “Ambasador Bangkok” гэх зочид буудалд бууж байв. Орой үдэш бид гурав тэр хавиар явж байхад бүсгүйчүүд хүүг бас “хоргоож” л байсан. Аав ээж нь хамт явж буйг тэд тоохгүй талдаа. Харин энэ Пукетэд тийм тохиол таараагүй шүү. Магадгүй амралт аялалын бүсүүд нь өөр өөрийн гэх үйлчилгээний төрөл зүйл, тогтсон стандарттай байдаг ч байж мэдэх. За энэ ч яахав, хэдэн жилийн өмнөх хөнгөн дурсамж л юм...  Гудамжны мухлагаас ойр зуурын идэх уух юм авч оройн хоол болгочихоод  буудалдаа ирж хүүхдүүдтэйгээ усан санд нь хэсэг сэлж өөрийгөө ядрааж, бас ганц нэг лонх шар айраг хүртэж нойр сайн авах бэлтгэл хангав. Өглөө өрөөндөө  цайлчихаад тагтнаас ойр тойрныг тольдов. Эргэн тойронд битүү ногооны талбай. Энэ буудлынхны эзэмшил байх. Хур бороо ихтэй, халуун дулаан газар болохоор ургацаа хоёр гурван удаа хураадаг биз... Ийн байтал хүүхдүүд доошоо бууцгаая гэж өрөөнөөсөө утасдаж байх. Үйлчлүүлэгчдийнхээ сонирхол татах гэдэг юм байлгүй доор хөлийн танхимдаа эл буудлынхан байлдааны сумны ногоон хайрцаг нилээдийг давхарлаад хураачихсан байх юм. Арай ч сумтай хайрцаг биш байлгүй.

     

“Royal Thai Armi 1995...” гээд эхэлсэн цагаан бичээсүүд тод харагдана лээ. “Тайландын Хааны арми...” гэсэн хаяг адрес юм энэ нь. Үймээн шуугиантай тэр жил  хааны армийн зарим анги энд байрлаж байсан ч юм бил үү?... Хурдхан шиг хоёр гурван зураг дарчихаад үйлчлүүлэгч бүсгүйгээс учрыг асуух санаатай очтол тооцоо хийх хэдэн европ миний урдуур орчихов. Хүлээгээд зогстол хүүхдүүд ээжтэйгээ нийлээд намайг яаруулчихлаа. “Асуугаад байх юу байдаг юм, анхаарал татах гэсэн бизнесийн нэг арга л байхгүй юу...” гээд тэр  бүсгүйн өмнөөс тэд хариулчихаж байх. Гудамжнаа гарч зочид буудлаа зураглав. Ирэхдээ бид энүүхэн гудамжинд тай маягийн хаус буудалд буусан бол буцахдаа европ маягийн энэ долоон давхар хоёр гурван одын зэрэглэлтэй гэхээр ийм нэгэн буудалд хоноглоцгоов. Онгоц буудал руу цуваад л алхалцгаалаа. “Хэрэгт дуртай” надтай аятайхан тохиол гудамжнаа бас таарч байх. Цайны газраас нэг лам гарч харагдав. Миний хажуухантай явж байсан эр тэр лам руу яаруухан алхаж очоод өмнө нь залбираад суучихлаа. Эрхэм лам ч түүнд ном тарни уншиж өгч байх шиг... Онгоцны буудлын нэр хаягт цамцтай тэр эр удсан ч үгүй  миний хажуухнаар хурдан хурдан алхлаад онгоцны буудал руу, ажил руугаа одно лээ.

 

Тайландчууд ер нь шашинлаг, шүтлэг бишрэл ихтэй хүмүүс гэдэг нь олон юман дээр харагдаж байдаг. Томоохон үйлдвэр аж ахуйн газар, албан байгууллага бүрийн гадна мөргөлийн суварга барьсан байх юм билээ. Эзэн хааныхаа хөргийг ч бас залсан байдаг. Ойр тойронд нь явсан тай хүмүүс “Эзэн хаан”-даа мөргөж л байх. Тайландчууд зөвхөн Эзэн хаан гэлтгүй лам, сүм хийдээ ч ихэд дээдэлж шүтэцгээх юм билээ. Бангкокт, Пукетэд ч онгоцны буудлын заал танхимуудад лам нар суух суудлыг тусгаарлан бичиг хаяг тавьсан байхтай би тааралдаж явлаа. Зураг хөргийг нь ч авч байв. Тэр зургаа дээхэнтээ тавьчихлаа... 

     Таван одотын өмнө “Алтан соёмбот”-оо олж харав аа. Пукетээс А320-200 аэрбусаар цаг хагас нисээд Бангкокт бууцгаав. Аэропортод ачаагаа хүлээж зогсохдоо нутгийнхаа нэгэн залуу гэр бүлтэй тааралдаж мэнд ус болцгоолоо. Бидний л адил хүүхдүүд, ач нартайгаа амраад явж буй аж. Бангкокт хэд хоног амраад нутаг буцах юм байна. МИАТ-аараа хамтдаа буцах бололтой бид хэд. Аяладаг, бас энд тэнд нэг нэгэнтэйгээ тааралддаг бидний цөөхөн монголчуудын л нэг төлөөлөл. Тэдэнтэй ийн тааралдаж, тааралдсан тухайгаа ном тэмдэглэлдээ дурдан бичих дуртай нэгэн юм би... Боломж бололцоогоороо газар үзэж нүд тайлж яваа залуусаараа, бас тийм боломжтой болоод үр хүүхдүүд ач зээ нараа дагуулаад аялж яваа  үеийнхнээ нийтлэлээрээ ч болохноо дэмжмээр санагддаг юм. Хэдийд л бид тив улс, тэнгис

далай гатлаад аялаад байдаг байлаа даа гэж ч бас бодогддог юм. Өмнө хэвлүүлсэн “Аян зам, бодол эргэцүүлэл” номд энэ санаа бодлоо энд тэнд нь бас цухас дурдаж байсан даг... Үдээс хойхонтоо Бангкок нийслэлд бууж бас нэгэн микро такси хөлслөөд зочид буудалдаа хүрч ирлээ. Хоёр ач, хүүхдүүд гээд бид олуул болохоор микро л бидэнд таарах унаа. Хүү маань энэ Бангкокт ажил албаныхаа шугамаар тав хоногийн сургалт семинарт суух юм. Хотын төвийн таван одот Марриотт зочид буудалд наймдугаар давхарт нэг нэгнээсээ зайтай хоёр өрөөнд бууцгаав. Энэ нь олон улсын “Marriot” сүлжээний Бангкокын салбар буудал аж . Тайланд нэр нь “Аттене” гэнэ. Хүү ажлынхаа шугамаар, аав ээж хоёр нь хувиараа энд бууж буй хэрэг. Үнэ өртөг нь бид хоёрт ахдах талдаа. Ач нартайгаа хамтдаа аялана гээд гарсан болохоор тэднийг дагалдахаас аргагүй болов. Бид хоёрын хоёр ортой энгийн өрөөний хоногийн үнэ 276 ам.доллар. Өрөө тасалгааны тав тух мэдээж тансаг талдаа. Багачуултай ирж буйг мэдэж байдаг юм байлгүй, хүүхдүүдийн өрөөнд шоколадтай жигнэмэгийн цуглуулга, олон төрлийн шинэ жимс тавьсан байв. Бид хоёрын өрөөнд ч жимс таваглачихаж. Өрөөндөө төвхнөж түр амсхийчихээд ач нарын хүсэлтээр ойрхны Макдональдс-т орж хооллох болцгоов.

                                         “                        “Алтан соёмбот” өмнөө мандуулсан “Аттене” зочид буудал 

Хүүхдүүд хоёр жилийн өмнө хажуухны “Conrad Hotel” сүлжээ буудалд бууж байсан болохоор энэ хавийнхаа газар орныг сайн мэддэг юм байна. Тэднийг дагаад зочид буудлаасаа гарч хэдхэн алхаад буудлынхаа өмнөхөн “Алтан соёмбот”-оо олж харсан минь сэтгэлд тун таатай байлаа. Салхинд намирахыг нь анаж байгаад хэдэн зураг дарав. Энэ “Аттене” зочид буудлынхан улс орныг минь эрх биш мэддэг байх нь гэх бодол төрж байлаа. Магадгүй манай төрийн өндөрлөгүүдийн хэн нэг нь Тайландад айлчлахдаа энэ зочид буудалд нь бууж байсан байж ч мэдэх. Төрийн далбаагаа хараад төрсөн бодол сэтгэгдэл ийм буюу.

Ач нартайгаа, аав ээжтэй нь нөгөө хүссэн Мак-т нь орчихоод буудалдаа ирж амрав. Хүүхдүүд өөр өөрсдийн сонирхлоор дэлгүүр хоршоо, үзвэр соёл гээд л гарцгаана лээ. Оройхондоо тэд гаднаас авч ирсэн хоол унд, шар айргаар намайг дайлж байх... Маргааш өглөө цайндаа орчихоод Бангкок хотыг өндөр дээрээс харж тольдох “KING POWER MAHA NAKHON” хэмээх цамхагт аялахаар тохироод амарцгаав. Хүүхдүүд цахимаар захиалга өгөх боломж судлана гэцгээж байв.    Үргэлжлэл бий

Д.Цэдэн-Иш

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?