-Хахир хүйтэн өвөл, хотын утаа,түгжрэлээс зугатсан иргэд Тайландын Бангкок, Пукет рүү руу олноороо цувж байна-
“Пи Пи арал”, хөлгүй далай, “Маяа булан”-гийн аялал
... Өглөөний цайнд орчихоод буудлаасаа гарч хамгийн сонирхолтой аялалдаа гарцгаав. Хоёр гурван өдрийн өмнөөс л хүүхдүүд энэ аялалын захиалга өгөх гэж хөөцөлдсөн юм. Пукетийн хамгийн сонирхолтой, холын аялал болох “Пи Пи арал”, “Маяа булан” руу аялалын компани, групп аялагчид бөөн бөөнөөрөө захиалга өгөөд бүх усан онгоц, хөлгүүдийг дүүргэчихдэг тул бид мэтийн хувиараа яваа аялагчдад суудал олдох нь хүнд байдаг юм байна. Зочид буудлын хүлээн авахаас аялалын танилцуулгыг авч үзэхэд 30-50 суудалтай хэд хэдэн төрлийн усан онгоцоор аялах боломжтой аж. Үнэ өртөг нь том хүн 3400 баат, хүүхэд 2900 баат гэх. Хоёр тэг ард нь нэмэхэд л монгол үнэ өртөг гарна гэж дээр бичсэн дээ. Буудлынхаа хүлээн авахад захиалга өгч эднийхнээр үйлчлүүлбэл ийм үнээр аялах нь. Харамсалтай нь захиалга дүүрсэн гэж байв. Хүүхдүүд ойрхны гудамжны хэд хэдэн мухлагт хандаж байгаад боломжийн аялалын компани нэгийг олоод захиалгаа өгчихөж. Тохиролцооны дэлгүүр гэдэг шиг тэр мухлагтай нь үнэ өртөг дээрээ тохиролцсон юм байх. Мэдээж албан ёсны зөвшөөрөл даатгалтай аялал жуулчлалын компаний тийм мухлагууд гэнэ. Зургаан гишүүнтэй манай баг хүүхэд том гэж ялгахгүйгээр нийт 10800 баат төлж аялах болж. Нэг хүн 180 мянган төгрөг гээд бодохоор зочид буудлын танилцуулгад буй үнээс зуу гаруй мянган төгрөг хэмнэх тооцоо гарч байх. Иймэрхүү хямд хувилбар хайвал энд бас ч гэж олдох бололтой. Пукет бол нийт 32 арлаас бүрддэг тийм муж юм. Гурав дөрвөн арлаар нь бид аялахаар болов. Ингээд л зочид буудлаасаа чемодан сав, ачаа бараагаа авч захиалгат микро автобусандаа сууцгаав. Тэнгисийн аялалаа өндөрлөөд тэндээсээ нисэх онгоцны буудлын дэргэдэх зочид буудалд очиж хоноглох тул ачаа бараагаа авсан хэрэг. Энэ унаа маань аялалын дараа усан онгоцноос биднийг угтаж нисэхийн зочид буудалд хүргэх аж. Ийм төсөөлөл төлөвлөгөөтэйгээр микроавтобусанд сууж далай тэнгисийн зүг хөдөлцгөөв. Хот дундуур цаг гаруй давхисаар усан аялалын порт дээр ирцгээлээ. Аялах усан онгоцны маань менежер гуч гаруй насны залуу биднийг угтаж ойр зуурын мэдээлэл өгөв. Ус ундаа, цай кофе, боов печень санал болгож үйчилж байх. Усны хувцас, усны кэт, усны шил гэх мэтийн худалдаа үйлчилгээ энд байна лээ. Усны тийм кэт зайлшгүй хэрэгтэй шүү гэж зөвлөж байв. Шарма шэйх, Улаан тэнгисийн аялалд явахдаа бид тийм усны кэт авчихсан маань бидэнд энд хэрэг нь гарав. Хүүхдүүд харин худалдаж авцгаана лээ. Манай усан онгоц дөч гаруй суудалтай юм. Манай энэ багт мэдэж таахад орос, япон, солонгосууд багтаж. Биднийг угтсан менежер залуу орос, англи хэлээр заавар зөвлөгөө өгч байв. Зорчигчид суудлаа эзэлсэний дараа менежер залуу усан онгоцны жолооч буюу хөлгийн ахмадыг танилцуулав. Ингээд бидний хөлөг аян замдаа гарсан юм. Зах хязгаар нь үл харагдах тэнгис далайгаар ус цалгиулан нилээд удаан давхицгаалаа. Хөлгийн хурд, салхины чигээс хамаарч хажуу болон урдаас бага шиг усан хаялага зорчигч биднээ бууж хүүхэд багачуулыг үе үе баясган шуугилдуулах. Хурдалж буй хөлөг заримдаа яг л машин шиг донслох юм. Дэржигнүүртэй замаар давхиад байна уу даа гэх сэтгэгдэл ч төрж байх. Нөгөө сайхан газраа хүрэх болоогүй л юм байх даа гэж цаг руугаа ойр ойрхон харж явлаа би. Бидний хөлөг миний баримжаалснаар цагт дөчин километрийн хурдтай давхиж буй бололтой. Бага шиг хөлөг болохоор тэнгисийн давалгаа, салхинд мэдрэг аж. Хэсэг давхиж байгаад хөлөг том хадан цохионы дэргэд хурдаа алгуурхан сааж хүрээд зогслоо. “Яг арван минут шүү” гэж хөлгийн туслах машинч залуу зарлаад усанд сайн сэлж чаддаг нь хөлгийнхөө ойролцоо умбаж шумбаж болно гэж хэлэв. Аврах хантааз
хүрэлцээтэй шүү гэж байх. Гурван орос эр тэдний багийн нэг бүсгүй хөлгийн тавцнаас ус руу умбан шумбаж орцгооно лээ. Уснаас хол бидний хэсэг нөхөд хөлгийн шат хөлгийн шат, бэхэлгээ олсноос зүүгдэж тэнгисийн цэнгэг цэнхэр уснаа булхаж таашаал авцгаав. Энэ хавийн хадат хавцал, үзэсгэлэнт байгаль үнэхээр үзэмж төгс нь бидэнд бүр ч таашаалтай байлаа. Хөлгийн ахмад, туслах машинч, хөлгийн үйлчлэгч бүсгүй гурвыг оролцуулаад манай хөлөг дөчөөд хүний бүрэлдэхүүнтэй аялаж байв. Тэн хагас нь орос болон европ аялагч, тэгээд япон, солонгос хоёр гэр бүл, казах ээж охин бидэнтэй баг болон аялаж байлаа. Хөлөг
зогсох үеэр хөлгийн үйлчлэгч бүсгүй биднийг ус ундаа, ойр зуурын амттанаар дайлж байх. Эндээсээ манай хөлөг дараачийн буудал руу хөдлөж хэсэг хадан хясаа, хошуу тойроод бас нэгэн үзэсгэлэнт булан тохойд ирж зогслоо. Энд хагас цаг болох гэнэ. Шумбагч орос, европ залуус ус руу пүлхийтэл үсрээд л ийш тийш шумбацгааж одов. Хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн бидний хэсэг нөхөд аврах хантаазаа өмсөж хөлгийн их биед бэхэлсэн татлага олсноос зуурч цэнгэг цэнхэр уснаа чадах ядахаараа умбан
шумбаж таашаал авцгаалаа. Бидний дараагийн хөтөлбөр “Маяа бэй” буланд үргэлжлэв. Хориод минут аялан байж тэнд хүрэх юм билээ. Сүглийн ногоорох хадан хясаануудын хоорондуур олон арван хөлөг онгоц түгжрэх нь холгүй шахцалдан гарч
байв. Манайхны машин тэрэг түгжирдэг шиг л дүр зураг. Хавцалаас гарангуут л тэнгис далай цаашаа цэлийгээд явчихна лээ. Бидний хөлөг хэсэг сэлээд бас нэгэн хадан хясаа руу дөхөөд зогсов. Манайхны хажууд ч олон хөлөг зэрэгцлээ. Бидний хөрш орос залуус “Сармагчнуудын арал”-д ирлээ гэцгээж байв. Хадан хясаанд олон агуй харагдна лээ. Тав зургаан сармагчин тэнд нааш цааш дүүлэлдэж байв. Хясааны доохонтойх хад хайргатай бага шиг талбайд том бага долоон сармагчин зарим нь хэвтчихсэн, зарим нь идэш ууш булаацалдаж буй бололтой самардалцаж байх... Энэ хэдэн арлуудыг л “Пи Пи...”, “Сармагчны арал” гэж нэрлэдэг байх нь. Хөлөгүүд энд зорчигчдоо буулгадаггүй юм байна. Бидний дараагийн аялал “Маяа бэй” булан буюу маяачуудын арал дээр үргэлжлэх гэнэ. Тэнд харин хөлгөөсөө бууж цаг хагас алхана гэж хөлгийн ахмадын туслах, аялалын хөтөч бидэнд хэлэв. Хориод минут сэлээд манай хөлөг тэнгисийн эрэгт дөхөж нэгэн тавцант зогсоолд тулж зогслоо. Их л олон хөлөг энд аялагчдаа буулгадаг аж. Зогсоол дээр ч, хавцалын дундуур өгсөх гүүрэн дээр ч аялагчид түгжрэх нь холгүй байв. Гүүрээр хэсэг алхаж доошоо буухад харин
ногоон тал задгайраад явчихна лээ. Зөрөг зам, замын зураг дагаж алхсаар ой мод, цэцэг навч болсон нэг газарт ирж маяачуудын агуй гээчийг үзэж харлаа. Бага шиг хэдэн агуй байна. Нэг агуйн өмнө нутгийнхан нөгөө л заншлаараа бурхан тахилын суваргаа байгуулаад хишиг тахилаа өргөчихөж.
Явган аялал хийх энэ хэсэг тохилог нойл, хөл амраах сандал сүүдрэвч, хүнсний мухлагуудтай юм билээ. Аялал жуулчлалын байвал зохих үйлчилгээ... Манай хөлгийн аялагчид хэсэг алхаад торгон цагаан элстэй тэнгисийн үзэсгэлэнт эрэг рүү гараад ирцгээв. Сувдан цэнхэр тэнгис, зөөлөн цагаан элс, ногоорон сүглийж дүнхийх хадан хясаанууд... үзэсгэлэн төгөлдөр гэхээс өөр үг үл олдох. Ганган байгальд газардсан газар газрын аялагчид зураг хөргөө авахуулан хөөр баясал болж байцгаах.
Бид ч бас тэднээс юун дутаа аж, өөрсдийгөө ийн зураглацгаалаа.
Бидний дараагийн зогсоол ч бас л үзэсгэлэнт нэгэн арал байв. Пукет нийт 32 аралтай гэж би дээр нэг бичсэн дээ. Ногоон торлогоор өвч бүрхэгдсэн хадан бөмбөлгүүдийн хажуухнаар манай хөлөг аажуухан хөвсөөр бас нэгэн тийм бөмбөлгийн өмнөх арал дээр зангуугаа татав. Эрэг хавь нь их гүнзгий бололтой хөлгүүд зорчигчдоо хөвөгч тавцан дээр буулгадаг юм байна. Хэд хэдэн хөлөг энд зэрэг ирсэн тул зорчигчид
шахалдаж түгжрэх нь холгүй, дүүжин гүүрээр цувж алхалсаар арал дээр гарлаа. Бага шиг тосгонд бид иржээ. Энд үдийн хоолонд орох гэнэ. Айлуудын хашаа байшингуудтай гудамжаар явж зоогийн газарт хүрэх юм. Зам зуур сармагчинтай айл хэд хэд тааралдав. Тийм нэг айлын бяцхан сармагчинтай манай хөлгийн аялагч нэгэн бүсгүй, миний ач хүү хоёр зургаа авахуулцгааж байх... Ингээд л хажуухантайх
зоогийн газар орцгоов. Аялалын хэд хэдэн баг энд орж ирээд том танхим нь хүн зон олонтой байв. Олон төрлийн хоол, зууш ус ундаанаас өөрсдөө сонгоод л үйлчлүүлэх
юм. Тав тухтай хооллочихоод хөлөг рүүгээ очиж дараагийнхаа аялалд гарцгаав. Сүүлийн арал дээр бууж далайн гүнд шумбаж загас харах хөтөлбөртэй байлаа.
Үргэлжлэл бий Д.Цэдэн-Иш