-Хахир хүйтэн өвөл, хотын утаа, түгжрэлээс зугатсан нийслэлийн иргэд Тайландын Бангкок, Пукет рүү руу олноороо цувж байна-
“MAHA NAKHON- Sky Walk” цамхагт аялацгаав.
... Бямба гаригийн амралтын өдөр таарч буй тул аялалын захиалгын ачаалал их байсан юм байлгүй, цахим захиалга бүтээгүй тул бид хэд зочид буудлаасаа цамхаг руу таксидцгаав. Цамхаг тусгайлсан хашаа хайстай юм. Түүгээр дамжаад цамхагийн доод давхарт орцгоов. Хүн зон олон байлаа. Дараалалд зогсож байгаад орох тасалбараа худалдаж авлаа. Хүүхэд хөгшидэд хөнгөлөлт үзүүлдэг юм байна. Жирийн тасалбар нь 880 баат, хөнгөлөлттэй нь 350 баат юм. Хоёр ач, эмээ өвөө бид дөрөв хөнгөлөлт эдлэж дөрвүүл 140 орчим мянган төгрөгөөр, хүү бэр хоёр 180 шахам мянган төгрөгөөр энд аялах юм байна. Жараас дээш насны ахмад, 12 хүртэлх насны хүүхдүүдэд хөнгөлөлт эдлүүлдэг аж. Үүдний хэсэгт аюулгүйн албаны үзлэг хяналтаар ороод үйлчилгээний танхимд ороход нэгэн жигдийн дүрэмт хувцастай бүсгүйчүүд аялагчдыг хүлээн авч цамхагийн журам танилцуулаад биднийг хамтад зогсоох агшинд дээр дүүжлээстэй камерийн гэрэл гялсхийж байв. Гараад ирэхэд зураг бэлэн, бидний хэтэвчнээс нилээд хэдэн баат гарах биз. Эдний бизнес ийм л эрэмбээр үргэлжилдэг. Манайхан ийм нэгэн цамхагтай болчихоосой гээд би нийтлэл тэмдэглэлдээ бичдэг л юм. Шанхай, Тайпей, Чикаго, Нью-Йорк, Сөүл, Токио гээд миний аяласан дэлхийн томоохон хотууд бүгд л ийм өндөр цамхагтай, тэдгээр нь аялагч, жуулчдын нүд сэтгэлийг баясгаж, бас халаасыг нь ч хөөрхөн тэмтэрч л байдаг... Сая жуулчид авна гээд хөөрцөглөж байгаа манай хотын удирдлага, яам тамга, засаг төрийнхэн санаа оноо аваасай гэж л энүүхнийг нуршиж буй минь энэ. Сүүлийн жилүүдэд хорь гучин давхар байшин нийслэлд олноороо баригдаж ашиглалтад орж байна. Нэгийг нь үзвэр үйлчилгээтэй өндрийн цамхаг болгож болдоггүй л юм байх даа? Хангарьд ордоноо зарах сураг гараад буй. Түүнийгээ тордоод, бага шиг өндөрлөөд том хотуудынх шиг нэг цамхагтай болчихвол... За энэ ч яахав тусдаа сэдэв, цамхаг руугаа өгсөх минь... Аялагчдыг арван хэдээр нь багцлаад цахилгаан шат руу оруулах юм. Хаалга хаагдангуут хана нь дүрст дэлгэц болоод тэнд нь Бангкок хотын зураг хөрөг, цамхагийн реклам сурталчилгаа гарч байх. Сонирхон харж байх төдийд чих шуугиад л хэдхэн хормын дотор дээшээ гараад ирцгээлээ. Цамхаг 22 ийм цахилгаан шаттай гэх. Олон төрлийн үйлчилгээ, олон арван байгууллага компаниуд энэ барилгад үйл ажиллагаа эрхэлдэг болохоор олон шаттай байхаас ч аргагүй биз. Тэнгэр баганадсан, онцгой сонин хийцтэй энэ 78 давхар байшин бол Бангкокийн бизнес, аялал жуулчлалын том төв гэнэ. Бүтэн болон хагас люкс154 өрөөтэй, хэд хэдэн ресторан, усан бассейн, спортын болон кино танхимтай “Orient Express” гэх таван одот зочид буудал энд үйл ажиллагаагаа явуулдаг, мөн бүрэн тохижилттой люкс ангиллын 209 орон сууц мөн энэ байшинд байдаг, хамгийн том орон сууц нь 1500 ам.метр талбайтай, орон сууцуудын үнэ нэг сая доллараас 17 сая ам.долларт хүрдэг гэх танилцуулга сурталчилгаа эдний цахимд байна лээ. Брэндийн дэлгүүр, өндөр зэрэглэлийн ресторанууд, банк санхүү, бизнес эдийн засгийн том компаниудын офиссууд ч энд байрладаг тухай мэдээлэл тэнд байсан. Өвөрмөц ур хийцтэй энэ цамхагийн зураг төслийг Оле Шерэн хэмээх нэрт архитектор зохиосон аж. Тэрээр өмнө нь Малайзын Куала-Лумпурын алдартай ихэр хоёр өндөр, мөн Анкаса Рай цамхаг, Тайпэйн урлагийн төв, Хятадын Төв телевизийн ордон гээд олон алдарт барилга байгууламжийн зураг төслийг бүтээсэн туршлагатай уран бүтээлч аж. “Maha Nakhon-Sky Walk” хэмээх энэхүү цамхагийг 600 гаруй сая долларын өртөг зардал гарган таван жил барьж 2021 онд ашиглалтад оруулсан гэнэ... Цамхагийн оройгоос хотыг хэд хэдэн янзаар тольдох боломжтой юм билээ. Хамгийн дээд давхар буюу 78 дугаар давхарт тойрч алхаад цонхоор нь хотыг тал талаас нь тольдож болж байв. Өөр нэг онц сонирхолтой үйлчилгээ нь эндээсээ хагас давхар явган шатаар алхаж гараад цамхагийн нөгөө нэг хэсэгт хүрч зузаан шилэн тавцан дээгүүр алхах аялал. Аялагчдад гутлын гадуур өмсөх зузаан даавуун углааш өгөх юм. Шилэн дээр хальтрахаас хамгаалж буй хэрэг. Аюулгүйн албаныхан хяналт тавьж, бас зөвлөмж өгч аялагчдыг шилэн тавцан руу гаргаж байв. Найз нөхөд, гэр бүл, хамтаараа нэг дор гарч болох хангалттай зай талбайтай том тавцан юм. Уртаашаа гучаад метр, өргөөшөө зургаан метр тавцан юм уу гэж би баримжаалав. Цамхагийн нэр нь ч “Maha Nakhon-Sky Walk” буюу “Маха Накхон-Тэнгэрийн алхаа”. Тээр дор харагдах баахан байшин барилгыг хараад гурван зуугаад метрийн өндөрт “хий” алхах нь үнэхээр л “Тэнгэрийн алхаа” гэгдэхээр. Эгц доош харах нь зарим хүнд тийм ч таатай биш байгаа бололтой, нэг нэгнээсээ зууралдцгааж охид бүсгүйчүүдийн зарим нь доошоо ч харж чадахгүй шилэн тавцанд түр зогсоод хурдхан шиг л буцаж байцгаах. Бид хэд “Тэнгэрийн алхаа”-г дажгүй үйлдэж өөрсдийгөө ч зураглав. Нас насны хүмүүсийн сэтгэлийг янз янзаар хөдөлгөх, ер бусын мэдрэмж төрүүлэх онцгой нэгэн үйлчилгээ юм энэ Бангкокийн “Sky Walk“. Доошоо харахад айхгүй ч аягүй гэгчээр дотор эвгүйцэхээр... Хүмүүс тээр доор шоргоолж шиг, тэнгэр баганадсан нөгөө дөч тавин давхарууд шүдэнзний хайрцагархуу л юм харагдаж байв.
Эндээсээ бид хэд явган шатаар дээшээ өгсөж цамхагийн оройд гарцгаалаа. Тэнд бага шиг шар байшин байна. Наахнуур нь ус ундаа, ойр зуурын үйлчилгээ байх. Өндөрийн энэ үйлчилгээ их л өндөр үнэтэй аж. Ус ундаа 0.5-тай нь 180 баат, жимсний коктейл 440, хундага улаан дарс-540, нутгийн “Chang” гэх шар айраг 270 баат буюу манайхаар 27 мянган төгрөгийн үнэ ханштай байх жишээтэй. Шар байшин дээр хүмүүс гарчихсан ийш тийш тольдож зураг хөрөг авч хөгжилдөн байцгаах. Зарим нь алжаал тайлаад суучихсан, зарим нь алсыг харж нэг нэгнээ дуудан баясалдаж байх. Халуун өдөр хэдий ч өндрийн сэвэлзүүр сэрүүн салхи нь тал нутгийн бидэнд таатай сайхан байлаа. Шилэн тавцан дээр тэнгэрийн алхаа хийж сандруухан байснаас тэс өөр, амгалан тайван ертөнц энд ноёлон байв.
...Аялалын төгсгөлд эдний цахилгаан шатууд бидний аялагчдыг цамхагийн дөрөвдүгээр давхар дахь худалдаа үйлчилгээнийхээ танхимд буулгав. Тэнд нь бэлэг дурсгалын дэлгүүр мухлагууд, кафе зоогийн газрууд байх. Аялагчид хэн хүнгүй л түрийвчээ тэмтэрцгээх. Бид ч аялалын дурсамж болгож, арваад см-ийн өндөр алтлаг шар “цамхаг” бэлэг дурсгалын мухлагаас нь худалдаж авлаа. Доор хөлийн танхимд ороход бидний дурсамж зураг тэнд хүлээж байх. Бид хэдийн дөрвөн янзын фотог цамхагийн өнгөт зургаар хавтаслаад дэлгэмэл цомог болгочихож. Цамхагийн дүрэмт хувцастай үйлчлэгч бүсгүй түүнийг бидэнд гардуулав. Үйлчилгээнийхээ үнэд багтсан юм байлгүй үнэ өртөг нэхээгүй санагдах юм. “Тэнгэрийн алхаа” тавцан дээр эдний зурагчнаар үйлчлүүлбэл 450 баат гэсэн зар бичиг харагдсан. Цамхагийнхаа гадна талд ч эднийх зургийн павилон зассан байна лээ. Тэнд нь залуус
Цамхагийн фото павилон
Цамхаг өмнөө бас л суврагатай
хүүхэд багачууд олноороо цувж эгнээд л зураг хөрөг болцгоож байв. Хоёр ач маань тийш гүйж ороод л аав ээжээрээ зургаа авахуулж байх. Манайхны аялал жуулчлалын бизнес, үйлчилгээ соёл нь хөгжиж дэвжээсэй, өнөө биш ч маргааш нөгөөдрөөс Бангкокийн түвшинд дөхөж очоосой гэж хүсэж мөрөөдөж энүүхнийг тэрлэж буй минь энэ бөлгөө. Өнгөрсөн зууны 90-ээд онд ашиглалтад орж одоо хүртэл аялагч олонд өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлсээр буй 88 давхар, өндрөөрөө “Sky Walk” цамхагийн дараа орох 309 метр өндөртэй “Байок Скай” хэмээх бас нэгэн цамхаг энэ Бангкокт буй гэх. Ер нь аялагчдыг татах үзмэр соёлын үйлчилгээ Бангкокт барагдахааргүй олон юм билээ. Цаг завтай бол үзэж хараад аялаад л байхаар... Дэлхийн том хотууд бүгд л “Chinatown” буюу Хятад хороололтой байдаг даа. Чайна Таун гэх энэ үг ч дэлхийн улс орон, тэдний үг хэлэнд энэ л дуудлагаараа, энэ утгаараа яригдаж хэлэгддэг болчихоод буй. Бангкокт олон зууны тэртээгээс хятад иргэд олноороо суурьшин амьдарч олон саяул болсон болохоор эндэхийн “Чайна таун” нь хэмжээ дамжаагаараа ч, үйл ажиллагааны цар хүрээгээрээ ч орон орны жуулчид, аялагчдын сонирхлыг татдаг гэх. Өнөө оройдоо би түүгээр аялаж, маргааш өглөө нь “Хааны ордон музей” үзэхээр төлөвлөөд буй.
“Чайна Таун”-аар аялаж “Алтан Будда”-гийн сүм үзэв.
...Оройн хоолондоо орчихоод хүү, ач хүү бид гурав зочид буудлынхаа хажууханаас чиглэлийн автобусанд суугаад л “Чайна Таун”-ыг зорив. Автобусууд нь кондуктортай юм билээ. Зорчих буудлынхаа хол ойроос шалтгаалаад 10-20 баат-аар билет авч зорчих юм. Манай үнэ ханштай ойролцоо юм уу гэж баримжаалсан. Бидний буух буудлын нэр ч “Chinatown” байв. Автобуснаас буухад л улаан шар өнгийн гэрлэн чимэглэлүүд алаглаад хаана ирснийг тунхаглаад явчихна лээ. Сар шинэ нь хуучраагүй байгаа болохоор баяраа тэмдэглэсэн
хятадууд, хятад гаралтай бололтой тайландууд эндхийн гол гудамжнаа багширч байх. Шар, цагаан арьстнууд, завсарт нь хар борууд гээд л олон хэл үндэстэн ястнууд өнгө өнгөөрөө алаглаад цувж байв. Машин тэрэг ч бас өдий төдий. Тайландын нийт хүн амын 10 хувь буюу долоон сая хятад иргэн энэ оронд аж төрж амьдардаг гэх тоо баримт байх юм билээ. Тэдний
ихэнх нь нийслэл Бангкокт оршин суудаг аж. “Chinatown” нэртэй энэ гудамж, хотхон 4.5 км үргэлжилдэг гэнэ. Хятад иргэд ч энэ гудамжнаа олноороо ажиллаж амьдардаг биз. Гудамжны хоолны газрууд ч олон юм. Хятад тогооч нарын том цагаан малгай шоволзож хайруулын таваг сав гялалзаад л... Хятад сүм хийд ч энэ гудамжнаа бас олон юм.
Энэ мэт элдвийг сонирхож үүгээр түүгээр цаг шахам явж байгаад буцацгаав. Гудамжны эхэнд ирэхэд том том лимузин автобусууд аялагчдаа буулгаж зарим нь буцааж татаад л... Бид гурав энүүхний нэгэн том сүмийг үзэж сонирхлоо. Эргэл мөргөл нь дуусч лам хуврагууд нь бурхан тахил, ном судраа хураах аядаж байв. Сүмийн энэ дуган хэд хэдэн алтадмал бурхан, бас нэгэн цагаан хаш бурхантай юм. Бурхадын дунд шилтэй том модон гуунд амьдаараа байгаа юм уу
гэлтэй нэгэн ламын шуумал залчихаж. Сүмийг үүсгэн байгуулагч том лам нь юм байлгүй гэх бодол төрж байлаа. Асуучихаар амьтан хүн ч харагдсангүй, тэгээд ч хаалгаа барьж хаах гэж байхад нь хараад гарья гээд л ороод ирсэн болохоор хэнд ч хандах билээ дээ, ганц нэг зураг дарж байхад минь хорьж хөөгөөгүйд нь баярлаад л сүм доторх аялалаа өндөрлөв. Гадаа нь гарч ирээд сүмийн эргэн тойрноор хэсэг алхаж бас өөрсдийгөө зураглаж сүмийн гаднах орчинтой танилцаж явлаа. Баахан цаасан мөнгө зүүгээд хэцлэчихсэн байна лээ. Сүсэгтнүүдийн өргөл мөргөлийн мөнгө биз. Тавьт, зуун баатын дэвсгэрт ч олон харагдана лээ. Зуун баат нь манайхны 10 мянган төгрөгтөй тэнцэнэ. Ард нь хоёр тэг нэмэхэд л эдний үнэ өртөг гарна гэж дээхэнтээ би нэг бичсэн дээ. Ямар ч хугацааных нь өргөл барьц юм энэ мөнгө нь, тав долоо хоног болоод ч юм уу, тодорхой хугацааны дараа үүнийгээ хурааж багцлаад сан хөмрөгтөө оруулдаг биз. Тэгээд л дараагийнх нь ийм байдлаар хэсэг хугацаанд туузлагдаж буян номын авшигаа илэрхийлж байдаг байх даа...
Сүмийн өмнөх гол шатны дээхэнтээ эдний Эзэн Хааны алтан гуутай зураг заларч байх. Бид гурав өмнөхөнтөө нь зургаа дарууллаа. Сүмийн зургаар нь ямар сүм үзсэнээ мэдэх
санаатай хүү бид хоёр цахимаас мэдээлэл хайлаа. Хангалттай их мэдээлэл тэнд байв. Сүмийн түүх их л эртнийх аж. Сиамын хаант улс хэмээн нэрлэгдэж байсан хэдэн зууны өмнө энэ газарт бага шиг сүм оршдог байж. Цагаачлан суурьшсан хятад иргэд л энд ирж эргэл мөргөл үйлддэг байсан гэнэ. Тэгээд ч энэ хавиар нь хятад иргэдийн суурьшил бий болж 18-19 дүгээр зууны үеэс өнөөгийн “Chinatown”-ы эхлэл тавигдсан түүхтэй юм байна. Энд цагаачлан суурьшсан найз гурван хятад иргэн 1930-аад оны эхээр хуучны энэ бага шиг сүмийг өргөтгөхөд хөрөнгө оруулж байр байшинг нь шинэчлэн засаж нилээд том сүм буй болгож түүнийгээ “Гурван найзын сүм” хэмээн нэрлэжээ. “Ват Траймит” хэмээх Тай нэр нь ч энэ утгыг илэрхийлдэг юм байх. Харин сүүлийн жилүүдэд Тайландын олон нийт, мөн аялагч жуулчид үүнийг “Алтан Буддагийн сүм” хэмээн алдаршуулах болсон гэж цахимд бичсэн байна лээ. Энэ сүмийн дөрөвдүгээр давхарт 4.6 метрийн өндөртэй, 5.5 тонн жинтэй цул “Алтан Будда” бурхан байдаг юм байна. Цэвэр алтаар бүтээсэн дэлхийн хамгийн том Будда гэгддэг аж. Алтны орц нь 83 хувь гэнэ. Үнэ цэнийн хувьд 250 сая ам.доллараар үнэлэгдэж даатгагдаг юм байх. Түүний үүх түүх ч олны анхаарал сонирхолыг ихээр татахаар аж. Хуучирч муудаж нурсан Сиамын хаанчлалын 13 дугаар зууны үеийн нурсан нэгэн том сүмээс энэ “Алтан Будда” энд шилжин суурьшсан түүхтэй гэнэ. Анхандаа хэн ч түүнийг алтан бурхан гэж мэдээгүй аж. Томоос том шавар бурхан л байсан юм байх. “Гурван найзын сүм”-д 1955 онд их засвар орж том шавар бурхнаа зөөж байрлуулах шаардлагатай болж. Зөөвөр тээврийн үед олс тросс нь тасарч том шавар бурхан унаж хэмхэрч дотроос нь доорх зурагт буй “Алтан Будда” гарч ирж дуулиан шуугиан болсон түүхтэй аж. Сиамын Хаант улс, хөрш Бирмтэй дайн тулаантай байсан олон зууны тэртээ Сиамын сүмийн лам нар алтан бурхнаа дайны хөл, хулгай
дээрмээс сэргийлж түүнийгээ шавраар битүү бүрсэн байжээ гэж хожмын тайлал гарсан гэх. Дөрвөн давхар энэ сүмийн дээд давхарт “Алтан Будда”, түүний доод давхарт нь энэ үнэт бурхны түүх, ном танилцуулгууд, хоёрдугаар давхарт нь Тайландад цагаачлан суурьшсан хятад иргэдийн өв уламжлалын музей байдаг гэнэ. Нэг давхарт нь бид гурав хөл тавьж, бага шиг бурхан тахилыг хараад гарсан төдий. Дахин ирж л “Алтан Будда”-г үзэж энэ сүм музейтэй танилцахаас гэх бодол төрж байлаа. Үүгээр бидний аялал өндөрлөж ойрхны гудамжнаас дуудлагын такси хөлөглөөд зочид буудлынхаа зүг одов. Таксины үнэ ханш манайхтай ойролцоо, бас тохиролцож болдог гэж байв хүү.
Үргэлжлэл бий Д.Цэдэн-Иш