Монгол Улсынхаа Элчин сайдын яаманд.
-“Аттини Тауэр”-ийн цэнхэр байшинд манай Элчин сайдын яам байрладаг-
... Хааны ордон музей үзчихээд Элчин сайдын яам руугаа яарав. “Гранд Палас” цогцолбороос гарч хэсэг алхаад такси барихаар оролдов. Манай нийслэлийнх шиг явсан газраасаа унаа тэрэг барьчихдаггүй юм байна. Гудамжны үзүүрт нутгийн хоёр залуутай тааралдлаа. Бидний адил сүм музей үзчихээд явж буй аж. Такси захиалчихаад хүлээж буй гэнэ. Нэг зүгт явах юм биш байгаа гээд асуусан чинь дуугарч ядаад байх шиг, гэхдээ л нутаг нэгтнүүд маань энэ зуур аялаж, манийхаа адил энэ улсын нэгэн гайхамшгийг үзэж хараад явж буй нь сайшаалтай... Зам дагуу гар өргөж хэсэг яваад бүтэлтэй юм болсонгүй, бэр маань нөхөр лүүгээ утасдаж байгаа газраа хэлж такси захиалууллаа. Хаяг нь тодорхой байх нь дээр гээд бид хоёр эдний Батлан хамгаалах яамны гол хаалганы дэргэд таксигаа хүлээсэн юм. Эзэн хааныхаа алтлаг шар гуутай томоос том хөргийг эдний яам үүдэндээ залсан байна лээ. Өөр нэг онцлог юм гэвэл яамныхаа явган хэрэм, хэрэмний гадуурх цуваа цагаан суурийг шар пансаар туузлан чимсэн байх
юм. Хажуухантай нь хөрш шахуу орших Дотоод хэргийн яамны хашаа хайс бас л шар цагаан хосолсон пансан туузан чимэгтэй байсныг энд алхаж ирэхдээ би анзаарч зураглаж явсан билээ. Бидний буусан буудлаас холгүй орших Хотын цагдаагийн газар нь эргэн тойрныхоо хашаа хэрмийг ч ийм шар торгоор чимсэн
байхыг өчигдөрхөн би харж явсан юм даг. Эдний лам хуврагууд, Эзэн Хааных нь хувцас хунар, эд хэрэгсэл нь голдуу шар, тэр дундаа алтлаг шар нь давамгайлах аястай байх юм билээ. Яамд нь хашаа хороогоо ийн шар торгоор чимж хулдсан нь Эзэн Хаандаа хүндэтгэл илэрхийлж буй нэг хэлбэр юм болов уу гэх бодол төрж байлаа... Хүүгийн захиалсан такси удаж төдөлгүй бид хоёрыг олоод хажууханд ирж зогслоо. Хориод минут давхиад зочид буудалд хүргээд ирлээ. Өрөөндөө орж түргэн зуур цайлчихаад товлосон уулзалт руугаа яарав. Элчин яам маань миний буусан энэ “Аттини” зочид буудалтай залгаа “Аттини Тауэр” хэмээх 34 давхар цэнхэр барилгад байрладаг нь зам зуурын надад төөрч будилах, цаг алдахын зовлонгүй амар байв. Олон орны туг далбаатай зэрэгцээд л Монгол төрийн далбаа маань энэ “Аттини” цамхагийн өмнөхөнтөө намирч байлаа.
Цамхагийн зургаадугаар давхарт элчин яам маань байрладаг гэх. Миний олж авсан мэдээллээр “Аттини” зочид буудлын 29 давхар байшин, Элчин яам маань байрлаж буй “Аттини Тауэр” хэмээх энэ 34 давхар цэнхэр байшин нэг эзэнтэй аж. Эзэн нь Чареон Сиривадханабакди гэдэг хүн. Эднийхэн гэр бүлээрээ Тайландын хамгийн том газар эзэмшигч, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч гэгддэг юм байна. Зуугаад мянган га газартай. Барилгын болон хүнсний үйлдвэрлэл, газар, үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг ThaiBev Thai Beverage –Тай Ундаа хэмээх групп компанийг гэр бүлээрээ эзэмшдэг, Тайландын хамгийн баян таван гэр бүлийн нэг гэх мэдээлэл цахимд байна лээ. Форбесоос гаргадаг дэлхийн хөрөнгөтний жагсаалтад 10.5 тэрбум долларын хөрөнгөтэй хэмээн бичигдсэн байх юм. Энэ баян эр уг нь Сү Шиминг гэдэг нэртэй байж. Тайландын Хаан есдүгээр Рама буюу Бхумибол Адулядей 1988 онд түүнд Сиривадханабакди гэх Тай овог өгч улам алдаршуулсан гэх. Ази, Америк, Австрали, Европ тивийн томоохон хотод эдний овгийнхон өндөр зэрэглэлийн 50 зочид буудал эзэмшдэг аж. Бидний буусан энэ таван одот “Аттини” бол тэдний л нэг. Сү Шиминг эрхэм анх Тайландын архи, вискиний улсын үйлдвэрүүдийг хувьчилж авсанаар өнөөгийн том бизнесийнхээ эх суурийг тавьсан түүхтэй аж. Тайландад түгээмэл “Chang” гэх шар айргийн үйлдвэрлэл, худалдаа энэ группийнх юм билээ. Манай нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүр эдний энэ “Chang” шар айраг худалдаж байхтай би нутагтаа таарч байсан юмдаг. Тэгэхээр бизнесийн энэ группийнхэнтэй манайхан харилцаа холбоотой байх нь... Зочид буудлынхаа нэгдүгээр давхарын хүлээлгийн танхимаар дамжаад л дараагийнхаа байшин руу ороод ирэв. Зүгээр ч жир байдлаар алхаад орчихсонгүй, өмнө нь цаг тохирч зөвшөөрөл авсных харуул хамгаалалтаар нь дамжиж бичиг баримтаа шалгуулан байж л энэ байр руу нэвтэрч, цахилгаан шатаар нь Элчин яамныхаа байрладаг зургаадугаар давхарт гарч ирэв. Монголын маань морин сүлдтэй монгол, англи хэлээр бичсэн хаягтай шилэн хаалга харагдлаа. Мэдээж хонхдож байж л нэвтэрнэ шүү дээ. Орчин үеийн офисс ийм л аж. Цэлгэрхэн талаар уурга суналзуулан давхих морьтон эр намайг Элчин яамны үүднээ “угтаж” байх. Цаана нь цэнхэр тэнгэр, цэлийсэн тунгалаг
нуур ус... Хажуух хананд нь монголын өвлийн байгалийн үзэсгэлэн төгөлдөр зураг харагдана лээ. Цаст цагаан уулс, хаяагаар нь морь унасан анчин эр цас будруулан давхиж явах... Элчингийн туслах бүсгүй намайг хөлийн өрөөний явган ширээтэй буйданд урьлаа. Ширээнээ монгол, англи хэлээр хэвлэгддэг Монголиа сэтгүүлийн сүүлийн хоёр дугаар, төрийн үйлчилгээний “Хур-Дан” аппликешний
танилцуулга байв. Ном сэтгүүлийн хуудас эргүүлж суутал Элчин сайд А.Төмөр хүрээд ирлээ. Залуу хүн юм. Өмнө энэ Тайландад Элчин сайдаар сууж байсан, миний анд Чимэддоржийн Баттөмөр түүний талаар надад ойр зуурын мэдээлэл өгч түүнийг би эчнээгээр бага шиг мэдэх болсон юм. Ч.Баттөмөрөөр зуучлуулан байж л элчин яамаараа орох, улмаар энэ эрхэмтэй уулзах зөвшөөрөл авсан хэрэг. Бас түүнээс сонссоноор энэ А.Төмөр сайд миний ойрын анд, олон оронд Элчин сайдаар ажиллаж байсан ахмад дипломатч Булгаагийн Алтангэрэлийн удирдаж байсан Гэрээ эрх зүйн газарт ажиллаж байсан гэх. Төмөрийн аавтай нь би нилээд эртнээс сайн танил явж. Гучаад жилийн өмнө “АЭ” сонинд ажиллаж байх үедээ л МУИС-ийн багш, Хууль зүйн сайд, хууль зүйн нэрт эрдэмтэн Жүгнээгийн Амарсанаа гэх тэр эрхэмтэй сонин хэвлэлийн ажлаар уулзаж яриа хөөрөө өрнүүлж нийтлэл ярилцлага ч хийж явсан байх юм. Хожим нь Шинжлэх ухааны зүтгэлтэн, Академич болсон үед нь ч, бас Үндсэн хуулийн цэцэд ажиллаж байхад нь ч таарч мэнд устай явлаа. Ж.Амарсанаа Академичийн төрсөн дүү, энэ А.Төмөрийн авга ах Жүгнээгийн Энхболдтой бид гэр бүлийн найз байв. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд эхнэртэй минь Ж.Энхболд хамт ажилладаг байсан юм. Манайхан 10 дугаар хороололд айл хөршүүд явлаа. Нэгнийдээ зочилцгооно. Энд нэмээд хэлэхэд Хичээнгүй сайд Балингийн Цэрэндоржийн зээ охин А.Төмөрийн ээжийн төрсөн эгч Юндэнгийн Эрдэнэтуяатай би Монголын Үндэсний Телевизэд нэгэн цаг үед хамт ажиллаж байлаа. Ю.Эрдэнэтуяагийн нөхөр, сэтгүүлч Ц.Бат-Оршихтой Монголын Телевизэд, Монголын Сэтгүүлчдийн эвлэлд хамтран ажиллаж, гадаадын зарим оронд томилолтоор ч хамт явж байв. Ярианы эхэнд энэ бүхнийгээ ярьж түүнтэй бага ч атугай дотносох аядав. Сар шинэ төдийлэн хуучраагүй болохоор хөөргөө гаргаж мэнд мэдэлцлээ. Сүүтэй цай аягалж бас сар шинийн идээ хэмээн үхрийн өвчүүний махан зуушаар намайг дайлж байлаа эднийхэн. А.Төмөрийн аав нь Бангкокт гэрт нь ирчихсэн байгаа гэнэ. Ойр зуурын эм эмчилгээтэй байгаа юм байх. Миний мэндийг уламжлаарай гэж хүсэв. Надад зуучилж өөртэй нь ярьж уулзах боломж бий болгосон, энэ оронд Элчин сайдаар ажиллаж байсан Ч.Баттөмөрийн тухай, бас түүнийг энд ажиллаж байхад нь Элчин яамаараа орж яамных нь байр байдалтай танилцаж ярилцлага сурвалжлага хийж ном сонинд хэвлүүлж явснаа түүнд дурсаж ярив. Энд тэнд аялахдаа элчин төлөөлөгчийнхөө газраар орж, тэдний ажил амьдралын талаар тэмдэглэл сурвалжлага тэрлэж явдаг ийм нэгэн байгаа юм гэдгийгээ А.Төмөрт тайлбарлаж ярьлаа. Өөртэй нь ярилцлага хийх саналаа зөвшөөрүүлчих санаатай энэ бүхнийг яриад байгаа хэрэг шүү дээ. Бас болоогүй ээ, өөрийг нь Гадаад хэргийн яамны Гэрээ эрх зүйн газарт ажиллаж байхад дарга нь байсан Б.Алтангэрэл сайдыг дурсаад, түүнтэй Москвад оюутан байх үеэсээ л найзалж одоо ч ойр дотно явдагаа хэлээд авав. Түүний Гадаад яаманд ажиллаж байхын үеийнх нь зарим хөгтэй явдал, онигоог түүнд ярьж инээлгэлээ. “Дух” гэдэг цол гуншинг нь чи мэдэх үү?...” энэ тэр гээд л яриандаа халсан хүн чинь сүрхий чангахан дуугарчихаж... Элчин сайд бага шиг сандарч “Охин нь энд сууж байгаа шдээ...” гээд санаа нь зовсон бололтой арынхаа шилэн өрөөг зааж байх юм... “Охин нь сонсвол бүр л сайн байхгүй юу, аав ээж нь саяхандаа үүгээр ирээд явсан сураг байсан...” гээд зориуд чангахан ярьсан чинь Аагий сайдын охин ч өрөөнөөсөө гараад ирлээ. “За... За аавыг чинь баахан муулчихлаа, чих нь хангинаж байгаа байх даа хөөрхий...” гээд инээд наргиан болоод л андынхаа охинтой уулзалдав. Б.Алтангэрэл андыгаа бид сайхан зантай үедээ “Аагий сайд”, бага шиг дургүйлхэхээрээ “Дух”, “Дуугий”л гэж дуудацгаадаг юм. Охин нь ч тэр гуншинг нь мэддэг болохоороо инээж л байх. Аагийгийн охид ч биднийг мэднэ л дээ. Том охин нь болох энэ Гуамаралыг би Гадаад яаманд ажилладаг гэж урьд нь сонсож байснаас биш Бангкокт Элчин яаманд ажиллах болсоныг нь мэдээгүй явж... Ийнхүү ойр зуурыг ярьж инээд наргиан болж байгаад Элчин сайдтай, Аагий найзын охин Гуамарал, намайг сар шинийн цай идээгээр дайлж үйлчлээд байсан
Элчин яамны дипломат, Консулын хэлтсийн дарга А.Гантулга нартай зургаа авахуулцгаав. Дараа нь сайдын өрөөнөө кофегоор дайлуулсан шигээ яриагаа үргэлжлүүлэв. Сайдын өрөө хааш хаашаагаа дөрөв таван метрээс хэтрэхээргүй жижгэвтэр юм уу гэж би баримжаалав. Ханандаа Эзэн Чингис хааны эш хөрөг, өмнө нь Эзэн хааны “Алтан гэрэгэ”-г шилэн хоргоноо байршуулж өндөр тавцанаа залсан байна лээ. Энэхүү “Алтан гэрэгэ” нь өнөө цагт Гадаад хэргийн яамны хүндэт илэрхийлэл болоод байх шиг. Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтнууддаа ч тус яам “Алтан гэрэгэ” энгэрийн тэмдэг олгодог болсон юм билээ.
Элчин сайдын өрөөний цонхоор гадагш харахад тэнгэр баганадсан өндөр өндөр байшингууд ойр тойронд нь сэрийлдэж байх. Аргагүй л Бангкок нийслэлийн төв хэсэг аж...
-“Найман жилийн өмнө Ч.Баттөмөр сайдыг ажиллаж байхад ирэхэд тусдаа хашаа хороотой, хоёр давхар хоёр гурван байшинтай тийм Элчин яам байсан даа, яаж яваад ямар тохиолоор хотын энэ төв хэсэгт, үнэ цэнэтэй ийм орон байранд орчихов оо?”... гэж асуумаар санагдаж байна
-Шинэ байранд нүүж ороод гурван жил болж байна. Түгжрэл ихтэй, 12 сая хүн амтай Бангкок хотод гадаадын болон өөрийн иргэдийн цагийг хэмнэж нийтийн тээвэртэй ойрхон байрлах, мөн үндсэн ажлаа явуулах зорилгоор суугаа улсын байгууллага болон бусад улсын Элчин сайдын яамтай ойр байрлаж цаг, санхүүгийн хувьд хэмнэлттэй байх шаардлагатай юм байна гэж үзээд Элчин сайдын яамаа нүүлгэх шийдвэрийг гаргасан юм. Анх Тайландын Хаант Улсад ирээд Элчин сайдын яамны байршлыг газрын зурагнаас харахад гол бизнесийн дүүргээс хол, ажил хөөцөлдөхөд олон цаг түгжрэлд зарцуулахаас гадна аж ахуйн холбогдолтой бэрхшээл багагүй байгааг олж харсан юм. Борооны улирлын үеэр байр байшин маань усанд автах, хашаа хороонд хортон шавьж үржих гэх мэт халуун дулаан орны хүнд асуудал тулгардаг л даа. Дээрээс нь Элчин сайдын яамны аюулгүй байдал, улсын нүүр царай болох тийм байршил чухал юм байна гээд одоогийн энэ байршилд, Тайланддаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй компанийн энэ байранд нүүж ирсэн. Ийшээ нүүж ирэх асуудлыг шийдвэрлэхэд бусад улсын туршлагыг ч бид судалсан. Сүүлийн үед цөөн дипломат ажилтантай, хөгжиж буй улсын Элчин сайдын яамыг уламжлалт хашаанд байрладаг байдлаас татгалзаж, оффис барилгад байрладаг прагматик тенденц ихээр гарч байна. Тухайлбал манай улсад байгаа Элчин сайдын зарим яамд ч оффис барилгад байрладаг болсныг Та харсан байх. Энд мөн ялгаагүй. Ковид 19-ийн үед манай улсын эдийн засаг хүнд байх үед ямарваа нэгэн нэмэлт зардал гаргалгүйгээр энэ байрандаа нүүж ирсэн. Манай Элчин сайдын яамны байршиж буй энэ оффис барилгад Европын холбооны төлөөлөгчийн газар, Катар, Польш, Финланд, Колумб, АНУ зэрэг хэд хэдэн улсын Элчин сайдын яам үйл ажиллагаагаа явуулж байна. Хотын төвд, бас тэгээд нэртэй зартай ийм цогцолборт байрших нь зөвхөн эдийн засаг талаасаа гэлтгүй элчин яамны нэр хүндэд ч эерэг нөлөөтэй. Гадныхантай уулзахад бидний хувьд ч, нөгөөдүүлд ч цаг хугацаа, эдийн засаг талаасаа амар хялбар. Бангкокт буй олон улсын олон арван байгууллага, элчин ихэнх нь хотын төвд төвлөрч байна. Томоохон орны олон элчин яамд ч манай эргэн тойронд байдаг" гэж А.Төмөр сайд ярьж байв. Тайландад ажиллаж амьдардаг, сурдаг, бас ажил алба амин хувиараа зорчдог иргэдийн хувьд ч орчин үеийн ийм оффистой элчин яамаараа орж гарахад сэтгэл нь өег байдаг байлгүй дээ гэж надад бодогдож байлаа. Надад ч таатай сэтгэгдэл төрж байв. Энэхүү байр байшин, цогцолборын эзний тухай би дээхэнтэй хэдэн мөр бичсэн дээ. “Аттини” зочид буудал, элчин яам маань оффислэж буй “Аттини Тауэр” хэмээх энэ цогцолборын эзэн ноён Чареон Сиривадханабакди эрхэм, тэдний гэр бүлийнхэнтэй А.Төмөр сайд маань найрсаг харилцаа тогтоосноо ярианы эхэнд цухас дурдаад авна лээ. Монголын бизнесийн томчуултай харилцаа холбоо тогтооход нь ноён Чареон Сиривадханабакдийн гэр бүлийнхэнд А.Төмөр сайд ажил хэргийн хэм хэмжээнд зуучилсан юм уудаа гэж би тэр ярианаас нь ойлгосон юм. Тэдний “Chang” шар айраг манай зарим томоохон сүлжээ дэлгүүрт худалдаалагдаж эхлэснийг манайхан мэдэх байх. Би ч Хан уулын “Е Март”, “Номин” сүлжээний “Наадам” салбар дэлгүүрт харж л байсан. Тайландаар Зааныг “Chang” гэх, тайландчууд заанаа дээдэлдэг ард түмэн аж. Манай АПУ компаний зарим нэрийн бүтээгдэхүүн Бангкокийн Нисэх буудлуудын татваргүй барааны дэлгүүрт худалдаалагдах болсон аж. Энэ тухай А.Төмөр сайд яриандаа дурдана лээ. Элчин сайдын яам энэ байр байшинд байршихад Монгол, Тайландын энэ компаниудын бизнесийн харилцаа ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн байх гэж надад санагдаж байв. Мэдээж хоёр орны эдийн засаг бизнесийн харилцаа энүүхнээр хязгаарлагдахгүй нь ойлгомжтой. Элчин яамны дипломатчдын өрөө хэмжээ дамжааны хувьд бага шиг, ажлын ширээ сандал байршаад л таарсан байх шиг харагдана лээ. Туслах ажилтан нь намайг угтсан тай бүсгүй аж. Нутгийн иргэн байдаг нь байр орон, унаа тээврийн зардал гээд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг биз... Элчин сайд бид хоёрын ярилцлага цааш ийн үргэлжиллээ.
-Танай Элчин яам хэдэн ажилтантай, техник эдийн засгийн ямархуу хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
-Хэдэн хүн ажилладаг гэхээс илүү ямар цар хүрээнд үл ажиллагаа явуулж байна гэдгийг ярьсан нь зөв байх. Учир нь дипломат хүн улсаа бүхий л салбарт төлөөлдөг, олон талын мэдлэгтэй байхаас гадна тухайн улсын хэлийг эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Манай Элчин сайдын яам мэргэжлийн дипломат ажилтануудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн гэдэг нь НҮБ-ын хэмжээнд олон улстай бүхий л сэдвээр хамтран ажиллах, мөн суугаа улстайгаа бүх салбарт ажиллах чадвартай, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажилладаг Гадаад харилцааны яамны мэргэжлийн хүмүүс юм. Олон улсын эрх зүй, олон улсын худалдаа, олон улсын харилцаагаар мэргэшсэн англи, хятад, орос, турк хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн хүмүүс манай Элчин сайдын яаманд ажиллаж байна. Манай Элчин сайдын яам нь эндээсээ Зүүн Өмнөд Азийн нийт 430 сая хүн амтай Индонез, Малайз, Мьянмар зэрэг улсыг хамаарч ажилладаг. Тайландын Хаант Улс бол Зүүн Өмнөд Азид хоёрдугаарт явж буй том эдийн засагтай улс. Азийн бүсийг хариуцсан НҮБ-ын 30 орчим салбар, бүс нутгийн 10 орчим байгууллага энэ улсад байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвхөн НҮБ-ын Ази Номхон Далайн эдийн засгийн нийгмийн комиссын нэг жилд болдог арга хэмжээ нь 3,000 орчим байгаа юм. Эдгээр байгууллагатай харилцахаас гадна суугаа болон хавсран суугаа улстай бүхий л салбарт хамтран ажилладаг тул манай Элчингийн дипломат ажилтны ачаалал өндөр байдаг.
-Та Тайландад тохоон томилогдсон хэд дэх Элчин сайд вэ? Итгэмжлэх жуухаа Эзэн хаанд нь барьдаг уу? Дэг жаяг нь ямархуу байдаг вэ? Хаантай улс орон гэх утгаар хатуу дэг, онцгой шаардлага тавигддаг болов уу гэх утгаар би асууж байна л даа...
-Анх 1974 оны гуравдугаар сарын 5-нд дипломат харилцаа тогтоосноос хойш 1976 онд Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Б.Дашцэрэн гуай анх тохоон томилогдож, Энэтхэг Улсаас хавсран суудаг байсан. Түүнээс хойш Элчин сайдын яамаа зайлшгүй нээх шаардлагатай юм байна гэж үзээд 2000 оны хоёрдугаар сард Элчин сайдын яамаа нээсэн байдаг. Дипломат харилцаа тогтоосноос хойш Тайландын Хаант Улсад тохоон томилогдсон 10 дахь Элчин сайдаар ажиллаж байна. Тайланд Хаант Улс нь Үндсэн хуульт хаант засагтай тул Тайландын Цог Жавхлант Хаан Маха Вачиралонгкорн Бодиндрадебаяаварангкун буюу 10 дугаар Рама Хаанд нь Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Хааны гэр бүлээ хүндэлдэг хатуу дэг жаягтай улс. Аливаа арга хэмжээнд өмсөх хувцас, хувцасны өнгө, зогсож суух газар хүртэл маш хатуу ёс журамтай байдаг. Хаан болон түүний гэр бүлийг хүндэтгэн үзээгүй тохиолдолд тус улсын Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн дагуу 3-15 жилийн хорих ялаар шийтгэдэг.
-Сүүлийн жилүүдэд манай хоёр орны эдийн засаг, хүмүүс хоорондын харилцаа их л хурдтай хөгжиж байх шиг, манай нислэгийн компаниуд Бангкок болон эдний амралт аялал жуулчлалын зарим бүс рүү өдөр бүр шахуу нислэг хийдэг болчихож, миний зорчсон МИАТ-ийн “Боинг 787” дүүрэн зорчигчтой л Пхүкетэд бууж байх юм. Бангкок руу ч ачаалал их, нислэгийн тийзийн олдоц ч муу байх юм билээ. Элчингийн та нарт манайхны хүн урсгалын энэ өсөлт аль хэр мэдрэгдэж байна вэ? Ажлын ачаалал ямархуу бол?
-Монгол, Тайландын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилд эрчимжтэй хөгжиж байна. Тайландын Хаант Улс нь газар зүйн онцлог, өв, соёл, байгалийн үзэсгэлэнт газраараа гадаадын төдийгүй дотоодын жуулчдын анхаарлыг ихээр татдаг улс гэж хэлэхэд болно. Тус улс нь Зүүн Өмнөд Азийн бүс нутагт Малайз, Лаос, Камбож болон Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улстай хиллэдэг, 80 орчим сая хүн амтай, 513,120 км.кв газар нутагтай, газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 50-д, хүн амын хэмжээгээрээ дэлхийд 20-д эрэмбэлэгддэг, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн сүлжээ (hub) бүхий АСЕАН-ны гол худалдааны түнш улс юм. Тус улс жилд ойролцоогоор 40 орчим сая жуулчин хүлээж авдаг бөгөөд өнгөрсөн 2023 онд зөвхөн аялал жуулчлалын салбараас нийт 50 орчим тэрбум ам.доллар, үүний 60 орчим хувь буюу 30 орчим тэрбум ам.долларыг гадаадын жуулчдаас олсон байдаг. Мэдээж хэрэг, манай иргэдийн зорчих урсгал нэмэгдэхтэй зэрэгцэн зарим сорилт, мөн таны хэлсэнчлэн ажлын ачаалал эрс нэмэгддэг. Нэг жишээ хэлэхэд, Тайландын Шилжилт хөдөлгөөний байгууллагын 2023 оны статистикт тус улсад нийт 53,000 гаруй монгол иргэн аялал жуулчлал, эрүүл мэнд болон дамжин өнгөрөх зорилгоор зорчсон байдаг бол Монголын иргэний агаарын тээвэр “МИАТ” ТӨХК-ийн улирлын чанартай Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар, Улаанбааатар-Пхүкет-Улаанбаатар чиглэлийн олон улсын шууд нислэгээр жилд дунджаар 6,000 орчим иргэн зорчсон албан бус үзүүлэлттэй байна. Тус улс нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувийг аялал жуулчлал, үйлчилгээний салбараас, 40 орчим хувийг аж үйлдвэрийн салбараас, харин үлдсэн 10 орчим хувийг хөдөө аж ахуй, хүнсний салбараас бүрдүүлдэг. Тэгвэл тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувийг дангаар бүрдүүлж буй аялал жуулчлал, үйлчилгээний салбарын хөгжлийн гол хүчин зүйлийн нэг нь яах аргагүй тус улсын Засгийн газраас гадаад улсын иргэдэд чиглэсэн төрийн уян хатан бодлого, ялангуяа гадаад улсын иргэдэд олгож буй онцгой, давуу эрх бүхий урт, богино хугацааны виз, оршин суух зөвшөөрөл юм. Жишээлбэл, тус улс урт хугацааны “LTR” (Long Term Resident) болон “Thailand Elite” визийг гадаад улсын иргэн, бизнес эрхлэгчдэд санал болгодог. Эдгээр онцгой, давуу эрх бүхий урт, богино хугацааны виз нь урт хугацаанд амьдрах хүсэлтэй гадаад улсын иргэдэд 5, 10 болон 20 жилийн хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох, мөн Тайландад байх хугацаандаа онцгой, давуу эрх бүхий олон төрлийн хөнгөлөлт, урамшуулал, тухайлбал, эмнэлэг, гоо сайхан, зочид буудал, ресторанаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг олгодгоороо онцлог юм. Манай иргэдийн хувьд Тайландын “Thailand Elite” ангиллын визтэй 30 орчим гэр бүл байна. Ажлын ачааллын тухайд, манай иргэд Тайландад байх хугацаандаа аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчилд нэр холбогдох, эсхүл гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй гардаг. Жишээлбэл, манай Элчин сайдын яам өнгөрсөн 2023 онд иргэдээс хандаж гаргасан нийт 1386 санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 497 санал, хүсэлт, гомдол хүлээн авч шийдвэрлээд байна. Өнөөдрийн байдлаар манай улсын 14 иргэн хулгайн гэмт хэрэгт нэр холбогдож, 1.6-6.6 жилийн хугацаатай хорих ял эдэлж байгаа бол зарим иргэний хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Ази тивийн улсын нийгэм, эдийн засаг, тэр дундаа Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн дэлхийн эдийн засгийн хөгжилд эзлэх байр суурь нэмэгдэж байгаа энэ цаг үед Монгол, Тайландын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа аялал жуулчлал, тухайлбал эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж их. Энэ нь дан ганц аялал жуулчлалын салбар төдийгүй худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой. Цаашид хоёр улсын хооронд зөвхөн өвлийн улиралд нислэг үйлдэхээс илүүтэйгээр зуны улиралд энэ бүс нутгийн жуулчдыг Монгол Улсад аялуулах зорилгоор тогтмол шууд нислэгтэй байх шаардлагатай байна. Энэ нь зөвхөн зорчигч тээвэр гэлтгүй ачаа тээврийн нислэг үйлдэх замаар худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашлаад Монгол Улсыг сурталчлах чухал алхам болох юм. Тайландын Суварнабум олон улсын нисэх онгоцны буудал нь хамгийн их зорчигч авдаг томоохон нисэх онгоцны буудлаас гадна дамжин өнгөрөх нислэг ихээр үйлддэг Зүүн Өмнөд Азийн гол зангилаа нь юм. Бид тус улс руу визгүй зорчдог улсын хувьд энэхүү боломжоо сайн ашиглаж, тогтмол нислэгээ хадгалж үлдэх зайлшгүй шаардлагатай байна.
-Эдний эдийн засагт аялал жуулчлал нь тэргүүлэх байр суурь эзэлдэг байх... Чөлөөт, задгайдуу байдлаараа орон орны аялагч, жуулчдыг бөөн бөөнөөр нь татаад л... Энэ талын бизнесийнх нь хууль, журам ер нь либерал талдаа юу? Хөлтэй гудамжинд нь орой үдшийн цагаар хагас нүцгэн охид бүсгүйчүүд эгнээд зогсчихсон элдэв үйлчилгээ санал болгож татаж чангаадаг нь Бангкокт ч, Паттаяа, Пхүкетэд ч жирийн л асуудал гэгддэг байх... Энэ задгайдуу “амьдрал”-аа эднийхэн аль хэр хуульчилж журамласан байдаг юм бол?
-Өмнө нь хэлсэнчлэн тус улс Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлдэг. Тухайлбал, өнгөрсөн 2023 онд тус улс 30 орчим сая жуулчин хүлээн авсны 4.44 сая нь Малайз Улс, 3.42 сая нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс, 1.62 сая нь Бүгд Найрамдах Солонгос Улс, 1.59 сая нь Бүгд Найрамдах Энэтхэг Улс, 1.43 сая нь Оросын Холбооны Улс, харин үлдсэн 14.75 сая нь бусад улсын иргэд байна. Харин энэ оны зөвхөн нэгдүгээр сард гэхэд л тус улс 5.2 сая гадаад улсын жуулчин хүлээн авсан бөгөөд тус улсын Засгийн газар энэ 2024 онд аялал жуулчлалын салбараас 3.5 их наяд тай баат буюу ойролцоогоор 100 тэрбум ам.долларын ашиг олох зорилт тавин ажиллаж байна. Үүний 2.3 их наяд тай баат буюу 65 тэрбум ам.долларыг 40 орчим сая гадаад улсын жуулчдаас төвлөрүүлэхээр тооцоолж байгаа. Тайландын Хаант Улс нь Зүүн Өмнөд Азийн бүс нутагт төдийгүй Ази, Номхон далайн бүс нутагт томоохон байр суурь эзэлдэг. Тус улс бүс нутагтаа Индонезийн дараа ордог хоёр дахь том эдийн засагтай улс бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 513.5 тэрбум ам.доллар юм. Тайландын Хаант Улс нь нээлттэй эдийн засгийн бодлого баримталдаг, чөлөөт зах зээлд суурилсан улс бөгөөд хувийн хэвшлийн салбар нь эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг юм. Тухайлбал, тус улсын нийгмийн дундаж давхарга жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд тус улсын газар нутгийн ашигтай байрлал нь гадаад улсын томоохон аж ахуйн нэгж, байгууллагад 660 сая орчим хүн ам бүхий Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн зах зээлд гарах боломжийг олгодгоороо онцлог юм.
-Охид бүсгүйчүүдийнхээ энэ “ үйлчилгээ”-г эдний нийгэм ер нь дэмжих талдаа юу? Жирийн л нэг ажил бизнес гэх үү? Манайд гараад байдаг хүчингийн хэрэг, ялангуяа хүүхдийн хүчирхийлэл гэдэг шиг муу үйл эднийд аль хэр гардаг бол?, Тийм мэдээ сэлт нь Та нарт дуулдаж сонсогддог уу?
-Миний ажигласнаар Тайланд иргэд харьцангуй тайван, дөлгөөн хүмүүс байдаг. Тус улсыг инээмсэглэл дүүрэн газар нутаг буюу “Land of Smile” гэж нэрлэдэг. Энэ нь тус улсын иргэдийн найрсаг, зочломтгой зан, түүх, соёл, амьдралын өвөрмөц хэв маяг мөн дээрээс нь шашинтай холбоотой байх. Мэдээж хэрэг хүчирхийлэл аль ч улсад гардаг бөгөөд үүний эсрэг тухайн улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа, түүний үр нөлөө чухал үр дүнтэй гэж бодож байна. Миний мэдэж байгаагаар тус улсын дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ төрлийн мэдээ, мэдээлэл гарахаас илүүтэйгээр улсын эдийн засаг, Засгийн газрын шинэ санал, санаачилга, хөгжлийн чиг хандлага зэрэг иргэдийн аж амьдралд чиглэсэн төрийн бодлогын талаарх нийтлэл түлхүү нийтлэгддэг.
-Бидний цэрвээд байдаг хар тамхи, гашиш гэдэг юмыг эднийхэн саяхнаас нээлттэй болгосон бололтой, гудамжны мухлагад ч грамлаж жинлээд борлуулж байх юм. Кафе, баар маягийн цэгүүдэд нь түүнийг хэрэглэж цэнгэсэн тив тивийнхэн, тэдний дунд энэ нутгийнхан ч цөөнгүй харагдах юм билээ. Хэрэглээг ингэж чөлөөлсөн нь эдний нийгэмд эерэг сөрөг ямар нөлөө үзүүлж байгаа бол? Гэмт хэрэг, зөрчил нэмэгддэг гээд л манайхан ярьдаг даа...
-Ерөнхийд нь хар тамхи гэж яриад байдаг ч энэ нь дотроо хүний эрүүл мэндийг анагаах зориулалттай ургамалыг олон улсын гэрээний дагуу дэлхийн олон улсад зөвшөөрөөд эхэлсэн байгаа юм. Анагаах ухааны хувьд олсны ургамалд агуулагддаг “каннабиноид” нэгдэл нь хоолны дуршлыг нэмэгдүүлэх, өвчин намдаах, тайвшруулахад үр нөлөөтэйгөөс гадна 40 гаруй өвчний эмчилгээнд тус тус ашиглаж ирсэн байдаг юм байна. Өнөөдөр Австрали, Аргентин, Бразил, Герман, Грек, Дани, Их Британи, Израил, Ирланд, Итали, Канад, Колумб, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Перу, Польш, Португал, Тайланд зэрэг 40 гаруй улсад эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн. Гэхдээ зөвхөн сэтгэцэд нөлөөт, мансууруулах “тетергидроканнабинол” нэгдлийн хэрэглээнд хязгаарлалт тогтоож, мансууруулах үйлчилгээгүй “каннабиноид” нэгдлийн хэрэглээг зөвхөн нарийн хяналтан дор зөвшөөрсөн байдаг. Тайландын Засгийн газар мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд Мансууруулах бодисын тухай анхны хуулийг 1922 онд баталж байжээ. Хамгийн сүүлд 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр тус хуулинд каннабисыг эмчилгээ, эрдэм шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглах тухай нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү шийдвэрийг гаргахдаа НҮБ-ын Мансууруулах бодисын комисс 2020 оны 12 дугаар сард ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу каннабисын төрлийн ургамлыг 1961 оны Мансууруулах эмийн тухай олон улсын конвенцын IV жагсаалтаас хасах шийдвэр гаргасны дагуу хуульчилж өгсөн байна. Нөгөөтэйгүүр энэхүү төрлийн ургамалтай тэмцээд, ялын бодлогыг чангалж байснаас зөвхөн эрүүл мэндийн зориулалтаар ашиглаж, донтсон хүмүүсийг хорих ялаар шийтгэх бус тэдний эмчилгээнд гол анхаарлаа хандуулж, сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүсийг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулдаг болсон. Нөхөн сэргээх төвд мансууруулах эм, бодис хэрэглэх хүслийг багасгах үүднээс ганцаарчилсан болон бүлгийн сургалт зохион байгуулдаг ба тухайлбал сэтгэл судлаач сөрөг бодол, зуршлыг засахад зөвлөгөө өгөх, мансууруулах бодисын хорыг гадагшлуулах эмчилгээ хийх, биеийн тамираар хичээллүүлэх зэрэг ажил зохион байгуулдаг байна. Хувийн нөхөн сэргээх төвд тай иргэдээс гадна бусад улсын иргэд үйлчилгээ авч болдог, тухайлбал, мансууруулах, согтууруулах ундааны хорыг гадагшлуулах, донтолтыг эмчлэх зорилгоор нийт 500,000 Австралийн иргэн Тайландад зорчсон байна. Энэ нь Тайланд руу аялах нь зардал хямд, 30 хоногт визгүй аялах боломжтой, тогтмол нислэгтэй нь холбоотой аж.
-Улс төрийн хурц тэмцэл, элдэв сөргөлдөөнт байдал энд аль хэр гарч байна? Хэдэн жилийн өмнө хэсэг ширүүсч, Эзэн Хаан онц байдал тогтоогоод л... одоо намжмалдуу байна уу? Ард түмний амьдрал дажгүй талдаа юу? Нэг хүнд ногдох ДНБ-ийхээ хэмжээ дамжаагаар манайхаас арай илүү бололтой...
-Тайландын Хаант Улсад сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд улс төрийн тэмцэл, олон нийтийн бослого гарч байсан нь үнэн. Ялангуяа сүүлд 2020-2022 онд залуус Засгийн газрын давуу эрх, ардчилал, хүний эрх, цэргийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал тогтмол зохион байгуулсан. Парламентын Төлөөлөгчдийн танхимын сонгууль 2023 оны тавдугаар сард зохион байгуулагдаж, Засгийн газраа 2023 оны есдүгээр сард бүрдүүлснээс хойш сүүлийн хоёр жилийн хугацаанд харьцангүй тайван байна. Тус улсын нэг хүнд ноогдох ДНБ нь 7,801 ам.доллартай тэнцэж байгаа нь манай улстай харьцуулахад өндөр юм. Тус улсын эдийн засаг нь аялал жуулчлал, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлд тулгуурладаг бөгөөд эдгээр салбар нь ихээхэн хөгжсөн. Хэдийгээр COVID-19-ийн цар тахал эдийн засагт ихээхэн нөлөөлсөн ч цар тахлын дараахь эдийн засгийг сэргээхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Ард түмний амьдралын түвшин нь харьцангуй сайн ч хот, хөдөөгийн орлогын ялгаа их байдаг.
-Эдний Ерөнхий сайд асан Таксин Шинаватра, бас түүний дүү, ахынхаа дараа Ерөнхий сайд болж байсан хатагтай Инглак Шинаватра, тэдний гэр бүлийнхэн эдний улс төрд чимээ алдарсан уу? Ах Шинаватра нь ял аваад өршөөгдсөн байдаг. Ерөнхий сайдаасаа тэрээр огцорчихоод манай нийслэлд нэг хэсэг орогнож амьдарсан гэдэг. Энэ тухай мэдээ манай цахим сүлжээ, зарим сонинд бас гарч байж. Сүүлд Ерөнхий сайд болсон дүү Инглак Шинаватра хатагтай ахынх нь орогнол дууссанаас хойно манайд айлчилж байсан байдаг... Тайландын улс төрд нэртэй зартай гэр бүл гэдэг талаас нь би хэрэгт дурлаж л асууж байна л даа...
-Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Тайландын Хаант Улсын Засгийн газрын тэргүүнээр нийт найман хүн томилогдон ажиллаж байсан ба үүний дөрөв нь Шинават-ын гэр бүлээс гаралтай. Тухайлбал, Таксин Шинават, Сомчай Вонгсават /Таксин Шинават-ын хүргэн/, Инглак Шинават /Таксин Шинават-ын дүү/, Петонгтан Шинават /Таксин Шинават-ын охин/ нар юм. Мөн эдгээр найман Ерөнхий сайдын зургаа нь Таксин Шинават-ын үүсгэн байгуулсан либерал, популист үзэл санаа бүхий улс төрийн гурван намаас сонгогдсон байна. Тэдний улс төрийн үйл ажиллагаа Тайландын олон нийтийн дунд хуваагдал үүсгэж, томоохон нөлөө үзүүлсэн алдартай, улс төрийн нөлөө бүхий гэр бүлийн нэг юм. Сүүлд болсон сонгулиар Шинаватын Тайландын төлөөх нам хамгийн их санал авсан нь тус улсад ямар нэр хүндтэй гэдгийг нь харж болох байх. Тайланд иргэд өөрсдөө Таксин Шинаватын Засгийн газрын үед бага дунд орлоготой иргэд, нэн ялангуяа орон нутагт амьдарч буй иргэдийн амьжиргаа илт сайжирсан гэж ярьдаг юм билээ. Тэрээр 2006 онд цэргийн эргэлтээр Ерөнхий сайдын суудлаасаа огцорсны дараа 15 жил гаруй гадаадад амьдарсны дараа 2023 оны наймдугаар сард эх орондоо буцаж ирсэн. Түүнд албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр найман жилийн хорих ял оноосон хэдий ч Тайландын хаан Маха Важиралонгкорн ялыг нь нэг жил болгон хөнгөвчилсөн юм. Хэдийгээр ял авсан боловч нэг ч хоногийг шоронд өнгөрүүлээгүй. Ял эдэлж эхлэхдээ эрүүл мэндийн байдал муу гэсэн нөхцлөөр цагдаагийн эмнэлэгт өнгөрсөн оны наймдугаар сараас хойш зургаан сарын хугацааг өнгөрөөж байгаад өршөөлөөр суллагдсан. Таксин Шинават-ын охин Петхонгтан Шинават аавынхаа үүсгэн байгуулсан намын даргаар сонгогдсон бөгөөд дараагийн Ерөнхий сайдаар томилогдох хүн гэж улс төрийн хүрээнд ярьдаг. Ингээд харахад тэдний гэр бүл тайландын улс төрд нөлөө бүхий, оролцоо сайтай байгааг харуулж байгаа юм. (Энэхүү ярилцлагыг хийснээс хэдэн сарын дараа Петхонгтан Шинават Тайландын Ерөнхий сайдаар томилогдож энэ гэр бүлийн уламжлалыг үргэлжлүүлэв)
-Та болон танай яамныхан эдний хөдөө тосгодоор явдаг уу? Инфляцийн түвшин, хоол унд, бараа материалын үнийн өсөлт ямархуу байдаг бол?
-Тэгэлгүй яахав, хэдийгээр бидэнд тогтмол орон нутагт ажиллах боломж олдоггүй ч, бид орон нутгийн үйл ажиллагаатай танилцахыг эрмэлздэг. Орон нутгийн иргэд ихэвчлэн будаа, жимс, ногоо тариалах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг. Технологийн дэвшлийг нэвтрүүлж байгаа хэдий ч уламжлалт арга барилаар тариалан эрхэлдэг иргэд бий. Тайландын тариачдын амьдрал ихэвчлэн цаг агаарын халуун уур амьсгалтай бүсэд явагддаг, голдуу будаа болон бусад тариалангийн бүтээгдэхүүнээр амьжиргаагаа залгуулдаг. “Энэ улс гурван улиралтай буюу халуун, бүүр халуун, маш халуун гэсэн гурван улиралтай” гэж иргэд нь хошигнодог юм билээ. Халуун улирлаа дагаад ган гачиг, борооны улиралд үер тохиох нь түгээмэл. Инфляцийн түвшин 2024 оны байдлаар харьцангуй тогтвортой байгаа ч дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, COVID-19 цар тахлын дараахь сэргэлтийн үр дагавартай холбоотойгоор зарим бүтээгдэхүүний үнэ өсч байна. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь тариачдын болон хөдөө тосгодын оршин суугчдад нөлөөлж байх шиг.
-Эдний залуусын боловсролын түвшин, ажил төрлийн байр байдал нь ямархуу вэ? Залуусын ажил албаны хүйсийн харилцаа ямар бол? Залуус нь цэргийн алба хэдэн жилээр хаадаг вэ?
-Тайландын залуусын боловсролын түвшин ерөнхийдөө сайжирч байгаа. Боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд Засгийн газар нь олон санаачилга гаргаж, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийн талаарх статистик мэдээллийг үзвэл нийт 39 сая иргэн ажил эрхэлж, ажилгүйдлийн түвшин 0,96 хувьтай байна. Ажилгүйдлийн түвшин нь сүүлийн жилд тогтвортой буурч байгаа бөгөөд энэ нь тус улсын эдийн засгийн өсөж, ажлын байр нэмэгдэж байгаатай холбоотой юм. Тайландын Хаант Улсын Засгийн газар ажил эрхлэлтийн бодлогодоо анхаарч, шинэ ажлын байрыг бий болгож, бизнесийн орчныг сайжруулснаар ажилгүйдлийн түвшин буурахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Мөн, сургалтын болон мэргэжлийн хөгжлийн хөтөлбөр нь иргэдийн ур чадварыг дээшлүүлж, ажиллах боломжийг өргөжүүлж байна. Энэ нь Тайландын Хаант Улсын ажилгүйдлийн түвшин бага байхад нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийн нэг юм. Миний өмнө хэлсэнчлэн, ажилгүйдлийн түвшин бага байгаа нь тус улсын эдийн засаг өсөлт, аялал жуулчлалын салбарын хөгжилтэй шууд холбоотой. Тайландын залуус цэргийн алба хаах үүрэгтэй бөгөөд 21 нас хүрсэн залуусын хувьд цэргийн алба хаах хугацаа нь ихэвчлэн зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаатай. Мөн ахлах сургуулийн сурагчид гурван жилийн хугацаатай цэргийн албаны сургалтад хамрагдах тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөгдөх, дээд боловсрол эзэмшсэн оюутан залуус цэргийн алба хаах хугацааг нь багасгах зэрэг зохицуулалттай юм билээ.
-Тайланд аль хэр олон их дээд сургуультай вэ? Техникум, манайхны МСҮТ буюу ТМС гэдэг юм олонтой юу?
-Тайландын Хаант Улс 154 төрийн болон хувийн их, дээд сургуультай. Эдгээр дунд Чулалонгкорны Их Сургууль (Chulalongkorn University), Таммасатын их сургууль болон Азийн технологийн институт зэрэг Зүүн Өмнөд Азийн шилдэг сургууль бий. Миний бие Азийн технологийн институтын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоод жил болох гэж байна. Тус сургууль нь инженер, байгаль орчин, менежментийн чиглэлээр англи хэлээр магистр, доктор болон богино хугацааны сургалт явуулдаг сургууль бөгөөд Ази тивд дэлхийн стандартад хүрсэн боловсрол олгох зорилготойгоор АНУ, Их Британи, Франц, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын дэмжлэгтэйгээр 1959 онд байгуулагдсан юм. ТУЗ-ийн гишүүний хувьд тус сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, манай их, дээд сургуультай харилцаа тогтоох ажилд түлхүү анхаарч байна. Тус улсын боловсролын салбарын өөр нэг онцлог нь гэвэл салбар бүрийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн нийт 900 гаруй нийтийн болон хувийн төв үйл ажиллагаа явуулж, боловсролын чухал хэсэг болж байна. Ялангуяа үйлдвэр, үйлчилгээ, мэдээлэл технологи, инженерчлэл зэрэг олон салбарт мэргэжлийн боловсрол олгодог.
-Манайхаас Тайландад сурдаг оюутан, ажиллаж амьдардаг хүмүүсийн тоон мэдээлэл? Оюутнууд гол нь ямар мэргэжил чиглэлээр эднийд түлхүү сурдаг бол?
-Тус улсад тогтмол ажиллаж, амьдарч буй 200 гаруй иргэд байдаг. Монгол оюутнууд ихэвчлэн иргэний нисэх, мэдээллийн технологи, инженерчлэл, бизнесийн удирдлага, аялал жуулчлалын менежментийн чиглэлээр суралцаж байна. Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхоны ивээл дор тэтгэлэгт хөтөлбөр манай оюутнууд хамрагддаг.
-Ази тив болон Ази Номхон далайн орнуудын спортын олон арван тэмцээн Бангкокт явагддаг юм билээ. Хүүхдүүдийн усанд сэлэлтийн 2024 оны Азийн аварга шалгаруулах Бангкокийн тэмцээнд амжилттай оролцчихоод аав ээжтэйгээ Пукетэд амарч яваа Улаанбаатар хотын Сант сургуулийн гурав, тавдугаар ангийн сурагч Жаргал овогтой Тэлмүүн, Билгүүн гэх ах дүү хоёртой бид аялалын автобусанд тохиолдлоор таарч танилцсан юм. Монголын гучаад сурагч тэр тэмцээнд амжилттай оролцож зарим нь байр эзэлж медаль авсан гэнэлээ. Эртхэндээ энэ Бангкокт эдний алдарт “Лумпини”ордонд манай холимог тулааны тамирчин Жадамбаагийн Нарантунгалаг өөрийн жиндээ “One championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга болж алдар нэрээ мандуулж байлаа. Өнгөрсөн жил манай холимог тулааны тамирчин З.Шинэчагтага, Б.Энх-Оргил нар энэ “Лумпини” ордонд Тайландын болон бусад улсын тамирчидтай амжилттай өрсөлдлөө. Иймэрхүү уралдаан тэмцээнд манайхан оролцох үед Элчин яамныхан очиж үзэх, тэднийг дэмжих хандлага оролцоо ер нь ямархуу байдаг юм бол? Ер нь энэ талын мэдээ мэдээлэл Элчин яаманд аль хэр байдаг бол?
-Тайландын Хаант Улсад спорт, урлагийн чиглэлээр ихээхэн арга хэмжээ зохион байгуулагддаг. Бидний зүгээс монголын соёл урлаг, спортын тамирчдыг тэмцээнд оролцуулахаас эхлүүлээд бүхий л талаар дэмжиж, Бангкок хотноо болох арга хэмжээнд оролцохыг хичээдэг. Монгол иргэд цөөхөн байгаа газар эх орны тамирчдаа дэмжихэд хэн ч гэсэн баярлалгүй л яахав. Өнгөрсөн хугацаанд FIBA-гийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг, “NSDF Futsal Invitation Thailand” Монголын Футзалын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн ирж оролцсон. Энэ оны хоёрдугаар сард All Asia Cup 2024” морин пологийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай шигшээ баг амжилттай оролцсон. Түүний дараахан Нахон Ратчасима мужид Тэргэнцэртэй сэлэмний Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай шигшээ баг амжилттай оролцож, ганцаарчилсан төрөлд Д.Цолмон Монгол улсын анхны олон улсын медалийг авсан юм. Үүсгэн байгуулагдаад удаагүй атлаа олон улсын медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст урам зориг өгч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст спортоор дамжуулан зорилго мөрөөдөл бий болгосон байх. Нийгмийн харилцаанд тэднийг идэвхтэй оролцох боломж бүрдүүлэх, энэ талд эерэг өөрчлөлт бий болгохын төлөө Монголын тэргэнцэртэй сэлэмний холбоо идэвхтэй ажиллаж байгааг дурдмаар байна. Холимог тулааны “One Championship” холбооны “One Friday Nights”, “One Fight Night”-ийн тулаанд манай тамирчид олонтоо тулалдах болсон. ЭСЯ-наас Б.Энх-Оргилын тулааны үеэр дэмжиж оролцсон. Тус холбоонд хэлмэрч шаардлагатай үед манай албан хаагчид очиж тусалдаг юм. Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан “One Friday Nights 62”-т Б.Бат-Очир гэж залуу тус холбооны анхны тулаандаа ялалт байгуулсан. Нэмж дурдахад тавдугаар сарын 24-нөөс зургаадугаар сарын 2-ны өдрийг хүртэл “Парис-2024” боксын зуны олимпийн наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн Бангкокт зохион байгуулагдана. Тэмцээнд манай 12 боксчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм билээ. ЭСЯ-ны хамт олон болон тус улсад оршин суудаг иргэддээ бид мэдээллийг нь хүргүүлсэн тул үндэсний шигшээ багийн тамирчдаа иргэд маань очиж дэмжих байх.
-“Лумпини”ордонд болдог Тайландын “Муатай”, мөн холимог тулааны олон улсын тэмцээний хажуугийн шүүгчээр манай монголын иргэн Баттулгын Халиун хэмээх бүсгүй ажилладаг юм билээ. Монголын спортын сувгаар байнга л гарч байдаг энэ бүсгүйтэй манай спорт сонирхогчид эчнээ танил болчихоод буй. Нутаг нэгт энэ шүүгч бүсгүйг манай элчин яамныхан мэддэг болов уу?
-Танилгүй яахав, одоо “One Championship” холбоонд шүүгчээр ажиллаж байгаа бүсгүй байна. Манай Элчин сайдын яаманд ч консулын үйлчилгээ авахаар ирж байсныг нь мэдэх юм байна.
Элчин сайд бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөв. Төмөр сайд надад өөрийн орчуулсан “Дипломат ёс горим ба ёслол“ (Америкийн Колумбын Их сургуулийн хэвлэл. Нью-Йорк 1970) гэх номоо уулзсаны дурсгал болгон гарын үсэг зурж өргөн барив.
... Маргааш би нутгаадаа явах тул оройхон хүүхдүүдтэйгээ дэлгүүр хоршоо, хоол унд гээд ойр зуур гарлаа. Хотын төв хэсэг болохоор брэндийн бараатай том дэлгүүр, ресторан зоогийн газрууд, орон орны олон нэрийн хоолны газрууд элбэг. Бид хэд “Сиам Парагон” гэх худалдаа үйлчилгээний том цогцолборт явж байгаад тэндэхийн доор буй олон төрлийн хоолны газруудаас “Фужи” хэмээх япон рестораныг сонгож оройн хоолонд оров. Миний дуртай улаан цагаан загас, хар улаан түрс, хэд хэдэн төрлийн суши байх. Хүүхдүүд маань том багагүй бага балчраасаа намайг дуурайгаад энэ талын амттанг таашаадаг болцгоосон юм. Би гэдэг хүн Япон оронд байгаа юм шиг л аяглаж тэр нутгийн хоол, зуушийг өндөр
хэмтэй Сакэй, Асахи шар айргаар даруулж суулаа. Үйлчилгээ нь ч чанартай, хоолны амт чанар ч дажгүй юм. Багачуул жимс, шоколадтай мөхөөлдөс, кекс тоорт мэтийн амттан захиалж хүртээд л... Ийнхүү тавтай хооллочихоод буудал руугаа явж амарцгаав... Бид хоёрын нислэг үдээс хойш тул өглөөний цайндаа орчихоод ач охинтойгоо буудлын доорхи усан бассейнд очив. Аав ээжтэйгээ энэ буудалд биднээс өмнө хэд хоносон болохоороо ач охин маань эндэхийн
Усан сан нь буудлынхаа дөрөвдүгээр давхарт юм
үйлчилгээг надад замчлах хэмжээнд мэдэх юм. Ач охин усанд сэлэхээсээ эдний жимстэй мөхөөлдөсийг илүүтэй сонирхдог аж. Усан сан нь хэдий дөрөвдүгээр давхарт гэх ч яг л гадаа байгаа юм шиг эргэн тойрон нь ногоон орчин. Хаа газрын таван одот зочид буудал ийм л байдаг аж. Ач охин бид хоёр цаг гаруй тансаглаж байгаад л өрөө рүүгээ дээшлэв. Хүүгийн сургалт семинар хараахан дуусаагүй тул тэд гурав хоног эндээ үлдэх юм. Онгоц буудал руу явахын өмнө бид хэд зочид буудлынхаа доор зургаа авахуулцгаалаа. Хүүхдүүд онгоцны буудал хүргэх такси
захиалсан тул бид хоёр тайван амгаландуу. Такси ч цагтаа ирлээ. Хотын төвөөс гарч буй хэдий ч манай нийслэлийнх шиг түгжрэл байсангүй цаг орчим давхиад л эдний Суварнабум олон улсын нисэх онгоцны буудалд хүрчихлээ. “Аттени” зочид буудлын хүлээн авахын ажилтан хатагтай болон хүүхдүүдийн хэлсэн 800 баатаас 100 баат нэмж хэлж байв энэ жолооч. Хаа газрын таксичид яаж ийгээд л тав гурвыг илүү авахыг хүсдэг дээ, тэр л жишгээр хэлээд үзэж байх. Хэлсэнээр нь өгөөд л баяртай, баярлалаа болцгоов... МИАТ-ийн нислэгийн бүртгэлийн хэсгийгээ ч удалгүй олоод очлоо. Тайландад буусан үеийнх шиг л танхим дүүрэн зорчигч. Урин дулаан Бангкокоос утаатай түгжрэлтэй Улаанбаатар луугаа ийн буцацгааж байна бидний хэсэг монголчууд. “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь...” гээд л төрөлх Улаанбаатар руугаа зорьж байна. Хэдэн арван жилийн дараа харин энэ тайландчууд манай нийслэл рүү, монгол орон руу маань цэвэр цэнгэг агаар амьсгалах гээд л бидэн шиг цувах тийм цаг ирэх ч юм бил үү, хэн мэдлээ... Үр ач нар маань тийм сайхан нийслэл, тийм улс орныг бий болгож
цэцэглүүлэн хөгжүүлээсэй билээ. Ийм чин хүсэл, гэгээн мөрөөдөл тээсээр МИАТ компанийхаа “Боинг-787” агаарын хөлгийн бүхээгт хөл тавив.
Д.Цэдэн-Иш. Тайланд. Пукет, Бангкок