"УТААТ УЛААНБААТАРААС УРИН ДУЛААН ТАЙЛАНДАД" ҮРГЭЛЖЛЭЛ

2024-06-28  

-Хахир хүйтэн өвөл, хотын утаанаас зугатсан иргэд Тайландын Бангкок, Пукет  рүү  руу олноороо цувж байна-

     Энэтхэгийн далай, Андаманы тэнгисийн торгон эрэгт. 

   ... Хорь хорин минутын зайтай Пукет хотын төв, тэнгисийн эрэг явдаг хувиарт автобус зорчигчдоо суулгаж байв. “100 ТНВ” гэх нэр хаягтай юм энэ “Мерседес” автобус нь. Жолооч нь ч бас ийм хантаазтай. Хот руу, Андаманы тэнгисийн эргийн амралтын газрууд руу ч нэг зорчигч 100 баатаар зорчихыг л автобус, жолоочын дүрэмт хувцсаны аль алин дээр ийн баталгаажуулсан аж. Манай мөнгөөр бол нэг хүн 10000 төгрөг гэсэн үг юм. Бидний буух тэнгисийн эргийн тэр зочид буудал  хүртэл 30 орчим км гэнэ. 

Зам зуур жимс ногооны талбай, ой мод, тариачдын сууц хэсэг үргэлжлэнэ лээ. Тариалангийн том талбай ч ногоорч харагдсан. Цагаан будааны тариалан, экспортоор Тайланд дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг гэх статистик байх юм билээ. Энэтхэгийн дараа дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг том экспортлогч орон аж. Аялал жуулчлалаас хүртдэг орлого, энэ талын үйлчилгээгээрээ дэлхийд эхний аравт багтдаг гэх хэвлэлийн мэдээлэл байна лээ... Пукет хот дундуур хэсэг явсаар автобус маань далайн эрэгт гарч ирэв. Эрэг дагуу олон арван зочид буудал тасралтгүй үргэлжилж автобус ч ойр ойрхон зогсож амрагч аялагчдаа буулгах юм. Бидний захиалгат “Flora Resort” хэмээх дөрвөн одот зочид буудал нь автобусны зогсоолоос төдий л хол биш, цөөхөн минут алхаад буудалдаа ирцгээв. Хотод байхад хүүхдүүд “Цэцэг” нэртэй зочид буудал захиалчихлаа гэхэд нь манай нийслэлийн “Цэцэг” зочид буудал санаанд орж байсан юм. Нэртэй бизнесмэн Мянганбаярын тийм нэг зочид буудал 12 дугаар хорооллын Сансарын гүүрийн урдхантай байсан даа. Япончуудтай хамтарч ашиглах болоод тийм нэр өгсөн гэж сонсож байв. “Цэцэг” нэртэй л болохоос тэнд нь цэцэг навч, мод ногоо гэхээр юм байдаггүй байсан санагдана. Харин Пукетийн энэ Цэцэг буюу “Flora Resort” зочид буудал нь харин ч нэрэндээ яв цав таарсан тийм нэгэн аж. Цэцэг ногоо, усан сан, ой мод болсон сайхан орчин биднийг угтлаа. Цэцэг ногоон дунд бид хооллож ундалж, энэ л орчинд унтаж амарч, цэцэг ногоон дунд алхаж аялаж хэд хонох нээ...

Зочид буудлын үүднээ ирэхэд бидний тээшийг үйлчилгээний залуус ухасхийгээд л авцгааж хүлээн авахын бүсгүйчүүл биднийг буйданд урьж байх юм. Жимсний ундаа, бас мөхөөлдөс авчирч дайлж байна. Дөрвөн одот буудлын нэрийн үйлчилгээ ийм аж. Энэ хооронд буух өрөө тасалгаа маань ч бэлэн болчихож. Гуравдугаар давхарт зэргэлдээ хоёр өрөөнд орцгоолоо. Ширээнээ жимс ус ундаа бас зэхчихэж. Энэ зэргийн  үйлчилгээ нь ч буудлынхаа үнэд багтдаг аж. Хоёр ортой манай өрөө хоногийн 206 ам.долларын үнэтэй гэх. Өглөөний цай энд багтаж. Ач нарын нэг нь бидэнтэй хононо гэвэл туслах жижиг ор ч өрөөний буланд байна лээ. Хөргөгчид шар айраг, хатуу ундаа, дарс мэдээж байж л байх. Үнэ нь тэнд бичээстэй. Манай өрөө усан сан руугаа харсан цонх, том тагттай юм. Тагтанд жижиг дугуй ширээ, хоёр хуванцар кресло байна. Доор хоёр усан сан цэнхэртэж нэгэнд нь хүүхдүүд сэлж тоглож, ээж аав нь хажуух сүүдрэвчинд нь ус ундаа, шар айраг шимсэн шигээ суух. Буудлын гадна дүр зураг манай тагтнаас ийн харагдаж байх. Өрөө тасалгаандаа төвхнөчихөөд үдийн хоолонд гарцгаав. Буудлын доор томоохон зоогийн газар байна. Өглөө оройдоо эндээ хэдэнтээ орж болох юм чинь гээд ойрхны гудамж руу гарцгаав. Олон төрлийн хоолтой гуанз, ресторанууд зэрэгцээд л үргэлжилж байна. Далайн эрэг хавь болохоор үйлчлүүлэгч ч олон аж. Цуварсан олон лангуутай хоолны газар орж шилэн хоргонд өрөөстэй янз янзын хоолноос өөрсдөө сонгоод л үйлчлүүлцгээв. Өчигдөр онгоцноос буугаад хажуух буудалд нь тав тухтай амарчихсан болохоор явдал суудлын ядаргаа зүдэргээ гэхээр юм байсангүй, хоол ундаар цэнэг авсан бид хурдхан шиг л тэнгис далайд умбаж шумбахын хүслэн болж эрэг рүү яарцгаав. Эрэг хавийн олон арван зочид буудлуудын аялагч амрагчид голдуу энд ирцгээдэг бололтой. Усанд сэлсэн, эрэг хавийн элсэн дээр нь хэвтсэн суусан, эрээн мяраан сүүдрэвч дор тухалсан амрагчид энэ хавьд пиг дүүрэн. Бид ч нэг сүүдрэвчийн дор тухалцгаав. Наран шарлагын ор саравчны түрээс бүтэн өдрөөрөө 300 баат аж. Хагас өдөр хэдий ч төлбөрийг нь төлөөд авахаас аргагүй байлаа. Далайн ус бүлээн дулаан, эрэг хавиараа гүехэн нь бидэнд, бяцхан ач нарт тун ч таатай тааламжтай. Би гэдэг хүн усанд булхаж шумбаж, бас хавь ойрын амрагчид хэрхэн аяглахыг хэрэгт дурлан анзаарч сонирхолтой заримыг нь зураглаж явав. Тэд ч мэдээж өөрсдийгөө бас

янз янзаар зураглаж амралт аялалынхаа дурсамжыг бүтээж байх. Моод загварын бүтээл ч зарим нь “туурвиж” байх шиг.

Моторт завины үйлчилгээ, далайн мотоциклийн түрээс, шүхрийн аялал гээд л амрагчдыг татах төрөл бүрийн үйлчилгээ ч энд өдий төдий юм. Бид хэд усанд сэлж, наранд шарж, сүүдрэвчид

тухалж ус ундаа болцгоож байгаад оройн нар энэ далай тэнгист хэрхэн шингэхийг сонирхов. Оройхондоо буудал руугаа ирэхэд доорх зоогийн газарт амрагчид дуу хөгжим болоод цагаан сар тэмдэглэж байлаа. Энэ Тайланд нутагт цагаан сарыг ерөнхийд нь “Хятадын цагаан сар” л гэж нэрлэдэг юм шиг. Хятадууд ч энд олноороо ирж амарч аяладаг биз. Бидний буусан энэ буудалд ч хятадууд олон байгаа бололтой, зоогийн энэ танхимд хятадын болон европын хэд хэдэн групп жуулчид дуулж бүжиглэж найрлаж байлаа. Хөгжмийн арын тайзыг ч “Хятадын цагаан сарын баярын мэнд 2024” гээд чимэглэчихэж. Манай сар шинэ энэ жил Хятадынхтай  

давхацсан байдаг. Хятад цагаан сар гээд зарлачихсан энэ найр наргианд эдэнтэй нэгдэлтэй биш гээд бид  гадагш гарч Тай зоогийн газарт орж битүүлцгээв.

    Нутгийн залуустай Будда бурхны аялалд. Шинийн нэгний өглөө хүүхдүүдтэйгээ золгож шинэлчихээд буудлынхаа зоогийн газрын усан сангийн дэргэдэх задгай талбайд

цай ундандаа орцгоолоо. Хүүхдүүд далайн парк, усан гулгуурын бүтэн өдрийн захиалгат хөтөлбөрт явцгааж бид хоёр “Их Будда бурхан” үзэх аялалын хөтөлбөрт хамрагдахаар буудалдаа үлдэв. Өчигдрөөс хойш хүү маань энэ аялалын захиалгыг хөөцөлдөж цахимаар амжуулсан юм. Аялалын группт хамрагдаагүй хувиараа аялаж яваа болохоор бүхнийг л өөрсдөө зохицуулах шаардлага гарах юм. Үнэ өртөг нь ч мэдээж групп жуулчдынхаас өндөр тусах талдаа. Хоёр хүний өнөөдрийн хөтөлбөрт хүүхдүүд 1600 баат төллөө гэж байв. Манайхаар бол 160 мянган төгрөг юм уудаа. Өдөр 12.30 цагаас Будда бурхан руу явах аялалын автобус бид хоёрыг буудлын үүднээс авах гэнэ. “Их бурхан” үзэх аялал Пукетийн аялагчдын хөтөлбөрт ордог аж. Манай Зайсан толгой шиг өндөр уулан дээр энэ бурхны хөшөө байдаг аж. Зочид буудлаас алсхантай харагдаж байна лээ тэр хөшөө. Пукетийн хамгийн өндөр уулан дээр барьж байгуулсан болохоор хотын аль ч цэгээс аль нэг талаараа харагдаж байдаг аж. Хүүхдүүд өмнөх жил энэ аялалд хамрагдаж байж. Манай зочид буудал үүдэндээ хүлээлгийн өрөөтэй, автобус такси захиалсан аялагчид халуунд гудамжинд халж зогсохгүй эндээ тухлаж байгаад унаа ирэхээр гараад суучих боломжтой юм. Ном сэтгүүл, телевизорь, хүүхэд багачуулыг сатааруулах тоглоомын булан ч энэ өрөөнд байх юм билээ. Цонхоор харж байтал арваад минут хожимдосхийгээд ийм нэгэн мини автобус хүрч ирэв. Ази европ нийлсэн долоо найман аялагч суулгачихаж. Хөтөч нь Алиса гэх тай бүсгүй. Автобусанд биднийг

суулгангаа өөрийгөө ч, аялагчдаа ч танилцууллаа. Энэ Пукетэд, энэ автобусанд нутгийнхаа аялагчидтай тааралдсан нь гайхалтай тохиол байлаа. “Монгол хүний толгой дээр нар жаргадаггүй...” гээд л аян замынхаа тэмдэглэлд би бичих дуртай хүн. Хаа холын харь газар санаандгүй тохиолоор нутгийнхантай уулзахдаа энэ үгийг би хэлж явдаг юм. Нийтлэл тэмдэглэлийнхээ баатруудтай ийн уулзахдаа ч би их баяртай байдаг. “Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй” гэж хятадууд ярьдагийг манайхан сонссон л байх. Бөмбөрцгийн аль ч бөөрөнд хаа сайгүй л хятад хүмүүс ажиллаж амьдарч, бас аялацгааж явдаг. Монголчууд бид цөөхүүлээ ч хаа нэгтээ бас тааралдаад л байх болж сүүлийн жилүүдэд. Тийм болохоор хятадуудын хэлдэг тэр үгийг би өөриймсүүлж буй хэрэг. Сургуулийн насны хоёр хүүхэдтэй залуухан гэр бүл хаа холын энэ Пукет хотод бидэнтэй зам нийллээ. Нэг орос бүсгүй, Энэтхэг гэр бүл, бидний зургаан монголоос манай аялалын баг бүрдэв. Нутгийнхантайгаа танилцлаа. Жаргал гэх гучаад насны тэр залуу барилгын инженер, барилгын компаний захирал аж. Гэргий нь уул уурхайн компанид хүний нөөцийн мэргэжилтэн, хүү Билгүүн, охин Цэлмүүн нар нь Сант сургуулийн сурагчид гэнэ. Хүүхдүүд нь Бангкокт болсон Азийн орнуудын сурагчдын усан сэлэлтийн тэмцээнд оролцож аав ээж нь Бангкокт хамт ирцгээсэн юм байх. Монголоос усан спортын дөрвөн клубын 30 гаруй хүүхэд нас насныхаа ангилалд Бангкокийн тэмцээнд оролцоцгоож. Хүүхдүүдээ балиашиглаж тэмцээнд нь оролцуулчихаад Пукетэд амарцгаая гээд энд ирээд гурав хонож байна гэцгээж байв энэ Жаргалынхан. Ер нь аялагч амрагчид гэлтгүй манай спортынхон ч Тайландад олноороо ирдэг болоод буй. Манай спорт сувгийн үзэгчид эдний Лумпини ордонг сайн мэднэ дээ. Холимог тулааны нэрт тамирчин Жадамбаагийн Нарантунгалаг энэ ордонд дэлхийн томчуултай тулалдаж аваргалж байсан. Холимог тулааны тамирчин З.Шинэчагтага, Б.Энхбаяр нар ч энд тулалдаж ялж ялагдаж явааг манайхан үзэж харж яваа. Баттулгын Халиун гэх эмэгтэй шүүгч энэ Лумпини ордонд сүүлийн хоёр жил холимог тулааны дэлхийн шинж чанартай нилээд олон тэмцээнүүдийг  шүүж буй. Тэмцээнүүдийг телевизээр дамжуулж хажуугийн шүүгчдийг танилцуулахад манай алтан соёмбот далбаа Халиун шүүгчийн нэртэй хамт тод харагдаж байдаг. Усан спортын ирээдүйтэй тамирчин багачуултай ийнхүү таарч өдрийн хугас аялалыг хамтдаа өнгөрүүлэв. Бид хэсэг давхиад уулын орой дахь Их Будда бурхны цагаан гантиган том хөшөөний өмнөхөнтөө хүрээд ирцгээв. Орон орны олон арван амрагч аялагчид үүгээр түүгээр нь багширч байлаа. Алиса хөтөч англиар тайлбарлаж аав ээж нь ч, охин хүү хоёр ч асуудалгүй ойлголцох юм билээ. Нутгийн ирээдүй болсон ийм залуустай аян зам нийлэх аятайхан байлаа. Жаргалынхантай,  усан спортын хоёр тамирчинтай Их Будда бурхны өмнө зургаа авахуулав.

Алиса хөтөч англиар тайлбарлаж аав ээж нь ч, охин хүү хоёр ч асуудалгүй ойлголцох юм билээ. Нутгийн ирээдүй болсон ийм залуустай аян зам нийлэх аятайхан байлаа. Их Будда бурханы энэ цогцолборыг Пукет хотын нэгэн өндөр цэг болох Наккерд хэмээх толгод дээр барьж байгуулсан юм билээ. Манайхаар бол Зайсан толгой гэхээр толгод юм. Уул ороож өгсөх замаар хэсэг давхисаар тэр өндөрлөгт гарч ирэх юм билээ. Их Маравижа Буддагийн хөшөө гэж манайхан нэрлэдэг гэж Алиса хөтөч тайлбарлаж байв. Энэхүү хөшөөт цогцолборыг 2004 оноос барьж эхлээд 2017 онд нээлтийг нь хийсэн гэнэ. Дараагийн жилүүдэд ч зарим нэмэлт байгууламжуудыг барьж өргөтгөсөн юм байх. Их Буддагийн баруун хажуух Алтан будда, зүүн талын бурхадын цуваа нь сүүлийн нэмэлт аж. Аль алинд нь мөргөсөн биширсэн, үзэж сонирхсон сүсэгтнүүд өдий төдий байлаа.

 Эндээсээ бид доошоо бууж Пукетийн хамгийн алдартай буддын шашны сүм хийд болох Ват Чалонгд очив. Манай Гандан тэгчинлэн хийд шиг сүм хийдийн томоохон цогцолбор аж энэ Ват Чалонг нь. Хэд хэдэн үзэмж төгөлдөр сүмтэй юм. Сүмүүд нь хурц хурц оройтой, өндөр

 нарийхан байх юм билээ. Эргэл мөргөл хийсэн сүсэгтнүүд ч энд олон байв. Бүх сүмд нь гутлаа тайлж орох юм. Эргэл мөргөл хийсэн сүсэгтнүүд ч эндхийн сүмүүдэд олон байв.    

Бурхан тахил ч арвинтай юм сүмүүд нь. Нэг гол сүмд нь 2400-гаад жилийн настай гэх гурван гуулин бурхан байв. Нэг бурхных нь доод хэсгийн цутгамалд “2444 жилийн настай” гэж ухмалдан бичсэн байна лээ. Газарт булаастай мянга мянган жил байсны ул мөр юм байлгүй бурхны их бие, нүүр ам, бурхадын суурь нь энд тэндээ их л харлан цоохортсон харагдах юм.

Сүсэгтэн олон тэр бурхдад их л удаанаар сүслэн мөргөцгөөж байх.

    Самарын үйлдвэр, хуучин хот, “Кароны өндөрлөг”-т. Хөтөлбөрийн дагуу бид энэ хотын “Шри Бхурапа Орчид” хэмээх компаний самарын үйлдвэрт очиж үйл ажиллагаатай нь танилцав. Эднийх модны болон газрын хэд хэдэн төрлийн самар тариалж боловсруулж савлаж орон нутгийн болон гадаад зах зээлд нийлүүлдэг гэнэ. Тал талаас нилээд хэдэн жуулчны групп энэхүү үйлдвэрийн хашаанд бидэнтэй зэрэгцэн бууж байлаа. Бид ч, тэр жуулчид ч үйлдвэр лүү цуваад л орцгоов. Самарыг яс, хальснаас нь салгах дамжлагыг жуулчдад үзүүлж цэвэрлэж цэвцийлгэсэн самарын идээг амтлууллаа. Бор цагаан хэд хэдэн төрлийн самарын жуулчид идээг очерлож байгаад л амталцгааж байх. Дараа нь савлах дамжлагыг үзүүлээд үйлдвэрийнхээ нэрийн барааны дэлгүүрт жуулчдыг урьж байна лээ. Ер нь улс орнууд аялал жуулчлалаа худалдаа эдийн засагтай иймэрхүү байдлаар хослуулах болсон байдаг. Хэдэн жилийн өмнө оросын Абахазад аялахад нэгэн фермерийн дарсны аж ахуйтай биднийг танилцуулж, иймэрхүү байдлаар дарсаа худалдаалж л байсан. Үйлдвэр үзэж самар амталсан жуулчид оочерлож байгаад л хайрцагтай, лаазтай самарыг олон олноор нь худалдан авч байлаа. Ер нь Тайландын эдийн засаг Зүүн өмнөд Азидаа Индонезийн дараа хоёрт эрэмбэлэгддэг гэх. Олон талт эдийн засаг гэдгээрээ илүү ялгардаг аж. Цахилгаан бараа, тээврийн хэрэгсэл, резинэн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ улс орноо хангаад экспортод  нилээдийг гаргадаг юм байна. Цагаан будаа, самарын экспорт энд том байр суурь эзэлдэг гэнэ. Орон орны жуулчдад өнөөдөр үүнийхээ нэг бага шиг үйлдвэрлэл, худалдааг сурталчлаад бас багагүй борлуулалт хийгээд авна лээ.   

Манай аялалын баг эндээсээ хотын төвийн хуучны гудамжаар аялах дараагийн хөтөлбөрөө хэрэгжүүлэв.аар хөдөлсөн юм. Энэ гудамжны барилга байшингууд нь Хятад, Европын хуучны архитектуртай гэдгээрээ жуулчдын сонирхлыг татдаг гэнэ. Олон янзын хийц дизайнтай, өнгө

будгийн элдэв зохицолдогоотой жижиг кафе, бэлэг дурсгалын дэлгүүр, үйлчилгээний газруудтай нарийвтар гудамжаар бид хоёр цаг шахам алхаж аялав. Нэг гудамжны байшингийн ханыг бүтнээр нь ягаан цэцгээр бүрчихэж. Үүгээр зугаалагсад, голдуу бүсгүйчүүд. Цэцгэн

дунд орж зургаа авахуулцгаах юм. Дараа нь бид хөтөлбөрийн дагуу хотыг өндрөөс тольдон харах “Кароны өндөрлөг” гээчид давхиж очив. Энэ Пукет хэд хэдэн ийм өндөрлөг толгодуудтай юм. Бидний сая аялаж үзсэн “Их Будда бурхан”-ыг ч тийм нэг толгод дээр барьж байгуулсан байсан. Пукет гэдэг нэр нь тай хэлэнд уул толгод гэх утга агуулдаг аж.  Тэгэхээр энэ арал, энэ хот бол “Уул толгод” гэх нэртэй байх нь. Энэ “Карон” толгодын оройгоос хот бүхэлдээ харагдаж байх юм. “Flora Resort” зочид буудлынхаа орчин тойрон, цаахантайх далайн эрэг хавийг эндээс тольдон харж бас ч гэж баясав. Толгодын оройд никель хашаатай тал талдаа орц гарцтай цамхаг байна.

Цамхагийн доторх багануудад толгодын зурагт танилцуулгуудыг байрлуулсан байна лээ. Аялалын багт зам нийлсэн Энэтхэг хостой яриа өрнүүлж хамтдаа зургаа авахуулснаар

өнөөдрийн аялал өндөрлөв. Буудлынхаа үүдэнд буухад нар далайн цаагуур алгуурхан доошилж байлаа. Өрөөндөө орж ус ундаа болчихоод оройн хоол эргүүлцгээв. Манай зочид буудлаас холгүй “Гагарин” хэмээх орос хаягтай хоолны газар байв. Цаахантай нь “Веранда” русская тайская кухня гэсэн хаягтай бас нэг тийм хоолны газар харагдана лээ. Бид хоёр оросын анхны сансарын нисэгчийн нэртэй зоогийн газрыг сонгов. “Семейноё кафе“ гэсэн тодотгол нь ч гэр бүлээрээ аялан явж буй бидний сонирхлыг татахаар юм.  Энэ Пукетэд ер нь

оросын аялагчид ер нь хаа сайгүй. Энд байнга амьдардаг орос иргэн 5-6 мянга орчим, аялалын улиралд ирэгсэд нь 12 мянгад хүрдэг гэсэн тоо байна. Гудамжинд нь ч далайн эрэг хавьд ч мотоцикл хөлөглөсөн, бас алхсан хагас нүцгэн орос аялагч нутагтаа байгаа юм шиг л аяглацгааж байх юм билээ. Тайландын номертой машин унаа хөлөглөсөн оросууд хотын төвд ч, далайн эрэгт ч бас тааралдаж байв. Бид хоёрын сонгож орсон “Гагарин” зоогийн газарт оросууд олноороо хооллоод сууцгааж л байна лээ. Эндхийн хоолны цэс ч орос хэл дээр, зөөгч тай бүсгүйтэй оросоор ярьж хоолоо захиалчихаад тай шар айраг хүртэж байтал усан паркийн аялалаа өндөрлөсөн хүүхдүүд хүрч ирж хамтдаа хооллоцгоов... Өглөө бид Пукетийн аялалын хамгийн сонирхолтой хөтөлбөр болох “Пи Пи арал”, “Сармагчны пляж”, “Маяа бэй” булан руу усан онгоц хөлөглөж өдөржин аялна. “Арлуудын хоорондох хадан хясаануудын дэргэд усан онгоц зогсож хүссэн аялагчдад Андаманы тэнгисийн гүн цэнхэр усанд дураараа умбаж шумбаж сэлэх боломж олгоно” гэж хөтөлбөрт бичсэн байна лээ. “Сармагчны пляж”, “Маяа бэй” буланд ч аялалын онгоц түр зогсож аялагчдаа гайхашруулдаг гэх...                                                                

Үргэлжлэл бий.       Д.Цэдэн-Иш.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?