МОРИН ХУУРЫНХАН НАРА МУЖИЙН КАВАКАМИ ТОСГОНД ГУРАВДАХЬ УДААГАА

2023-02-06  

ӨМНӨХ НИЙТЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!

Эзэн хаан, хатаны буусан энэ зочид буудалд тухалцгаав.

   Морин хуурын чуулгынхан тоглолтынхоо аравдахь өдөр бага үдийн орчимд Изүмисано хотын “Биг Ай” зочид буудлаас Нара мужийн Каваками тосгон орохоор хөдлөсөн юм. Осакагийн төвөөр дайрч 130 орчим км яваад тэнд хүрэхээр юм. Осакад Мадано гэх солонгос зоогийн газарт үдийн цай ууцгаав. Зоогийн газрын эзэн бүсгүй нь Сато Норико сантай хамтарч ажил төрөлд нь тусладаг ойр дотны харилцаатай бололтой юм. Ариун цэврийн өрөөндөө хүртэл өчигдрийн тоглолтын зар сурталчилгааг байршуулсан байна лээ. Тоглолтыг ч зоогийн газрынхаа хамт олон, найз нартайгаа үзсэн гэж манайхны орчуулагчдын нэгэнд хэлсэн байв. Жүжигчдэд элгэмсүү хандаж өөрөө ч үйлчлээд үүгээр түүгээр гүйж байлаа. Биднийг явахад бүгдэд нь 2023 оны CD хуанли бэлэглэж байв. Ер нь Токиод ч, Осакад ч, Оберлинд ч тоглолт үзсэн япон хүн бүр манайханд магтаал хүндэтгэлийн сайхан үг хэлж элгэмсүү хандаж байсан нь сурвалжлага нийтлэл бэлтгэж явсан надад ч таатай байлаа. Каваками тосгон хүртэлх зам аялагч биднийг уйдаахааргүй юм. Янз янзын хэлбэр хийцтэй байшин барилга, бас тэгээд усан үзэм, цагаан будааны тариалан, нарийн ногооны хүлэмжүүд гээд олон төрлийн аж ахуй, амьдрал автобусны цонхоор жирэлзэн өнгөрнө. Япон хүмүүс, айл гэр бүл амьдрал ахуйгаа аль хэр авч явааг нь эндээс  хараад зэрвэс ойлгож болохоор. Бүгдээрээ л хүнс үйлдвэрлэгчид юм үзэгдэж харагдах энэ байдлаараа.

Автобусанд өдөр бүр мандарин тараадаг байв. Энэ удаагийн аялан тоглолтыг дэмжиж Сато саны уугуул нутаг Хоофу хотын нэг тариаланч айл ургацын дээжээсээ хэдэн хайрцгийг хандив болгон илгээсэн нь энэ гэх юм билээ. Каваками хүрэх энэ замд автобусанд хүн бүрт гоёмсог хайрцагтай ногоон цай Сато сан гарын бэлэг болгож тараав. Цайны тариалангаараа алдартай Шизүока мужийн цай аж. Дэмжигчийн хандив юм байх. Энэ мужийн хоёр ч хотод Морин хуурын чуулгынхан тоглолтоо хийх юм. Хоофугийн бас нэг тариаланч гэр бүлийн хандивласан илжгэн чихэрийг чуулгын жүжигчид аян замд хааяа амтархаж явсан. Ер нь аялан тоглолтын нилээд цаг хугацааг бид автобусанд өнгөрөөж бас олон үйл явдал, яриа хөөрөө энд үргэлжилдэг байлаа. Тосгон хүрэх замд Сато Норико сан өөрийн бичсэн “Бид монголчуудыг шалтгаангүйгээр хайрладаг” номоо хүн бүрт бэлэглэв. Монгол оронд анх ирж байсан 1990 оноос хойших гучаад жилийн үйл явдал, энэ дундаа Морин хуурын чуулгынхантай нөхөрлөсөн он жилүүдийнхээ тухай дурсаж бичсэн тэмдэглэлээс нь энэ ном бүтжээ. “Ардчилсан хувьсгалтай Монгол орон 1990 он-Морин хуурын чуулгатай танилцсан минь”, “Фүкүоко-Азийн соёлын анхны шагналыг Монгол хүн хүртсэн нь” гэх мэт дурсамж  

нийтлэлүүд энд байв. Иймэрхүү хэдэн тэмдэглэлийг бага шиг бүлэг болгоод монголоор орчуулаад хэвлүүлчихэж. Бусад бүлгүүд нь япон хэл дээр юм. Сато сан Монголд аялал жуулчлал, ажил төрлөөр зуу шахам удаа ирсэн гэдэг. Урлаг соёлын алдартнууд, улс орны удирдагчид, төрийн зүтгэлтэнүүд, аймаг хотын дарга, аж ахуйн удирдагчид гээд олон арван хүмүүстэй уулзаж учирч явж. Зөвхөн өөрөө уулзаж учрах төдийгүй Японы өндөр албаны улс төрчид, муж хотын удирдагчид, японы урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид гээд олон арван япон хүмүүсийг тэдэнтэй уулзуулж танилцуулж ажил төрлийн харилцаа холбоог нь эхлүүлж байж. Энэ нь хоёр орны харилцаа холбоо, бас монгол япон хүмүүсийн хэлхээ холбоог хөгжүүлэх, өргөжүүлэхэд  ач холбогдлоо өгсөн нь дамжиггүй.  Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, дараагийн Ерөнхийлөгч Н.Багабанди нартай уулзаж танилцаж ажил төрлийн холбоотой байсныг нь илтгэх зураг хөрөг энэ номд хэд хэд байна лээ. Мөн Морин хуурын чуулга, түүнийг үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун агсан, Монгол улсын зууны манлай дуучин, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад агсантай анх уулзаж танилцсан учрал, цаашдаа харилцаж нөхөрлөсөн он цагийн дурсамжууд гээд зураг хөрөг, үнэ цэнэтэй тэмдэглэлүүд энэ номд байр сууриа эзлэсэн байна лээ. Монгол хэл дээр хэвлэгдсэн тэр бага шиг хэсгийг нь япон судлаач, орчуулагч Ц.Бурмаа монгол хэлнээ буулгасан байх. Цаашдаа уг номыг монгол хэлнээ бүрэн орчуулж гаргах төлөвлөгөө яригдаж буй гэх юм билээ. Аян зам, автобусанд иймэрхүү ажил хэрэг, яриа хөөрөөтэй явсаар их үд өнгөрч байхад бид Каваками тосгонд хүрэлцэн ирэв. Ой мод, гол ус нуур цөөрөм болсон үзэсгэлэнт байгальтай цэвэр цэмцгэр тосгон юм. Зам зуурт ч, бас урьд өмнө ч энэ тосгоны тухай яриа хөөрөө бидний дунд хэдэнтээ өрнөж явлаа. Японы хамгийн урт Ёшино гэх цэнгэг цэвэр устай голын эхэнд Омин, Дайко, Ёшино гэх ой модоор өвч бүрхэгдсэн уулсын хооронд оршдог 1095 хүн амтай ийм тосгон гэнэ. Гол ус нь цэнгэг болохоор маш амттай загастай гэх. Ой мод нь нарс ихтэй аж. Ойн аж ахуй, модон эдлэлийн үйлдвэр түлхүү хөгжсөн мэдээлэл байна лээ. Морин хуурын чуулгынхан өмнө нь энд хоёр ч удаа ирж тоглолт хийж байсан аж. Танил дотно газраа ирж буй нь энэ юм. Тосгонд орж ирээд автобус зогсох үеэс л хуучин танилуудын дотно харилцаа үргэлжилж эхлэв. Тосгоны дарга Курияма Таадаки гэх эрхэмийг ч чуулгынхан бүгд л таних юм. Тэр эрхэм ч хуучин танилын ёсоор хорин жилийн өмнө Морин хуурын чуулгынхны тоглолтоо хийж байсан “Ямабүки холл” театрын өмнө зочдоо угтлаа. 

Хөгжмийн зэмсэг хэрэгсэл, тоглолтын хувцас хунар, том ачаа бараагаа театрын тайзнаа буулгаж, танхимтайгаа танилцаж театрын найруулагч продюсертой маргаашийн тоглолтын талаар ярилцчихаад жүжигчид зочид буудал руу явцгаалаа. Тус тосгоны Аялал жуулчлал гадаад харилцааны албаны даргаар нь Сато Норико хатагтайн хүү Сато Ацуши ажилладаг юм байна. Тэрээр зочид буудлынхаа өмнө зочдоо угтав. Морин хуурын чуулгынхны урьд өмнөх жилүүдийн тоглолтын зохион байгуулалтад гар бие оролцож явсан хүний хувьд жүжигчдийн хуучин танил нь юм тэр залуу. Одоогоос найман жилийн өмнө миний бие гэргий хүүгийнхээ хамт Японоор аялахад Осака, Нара хотод ээжийнхээ хамт биднийг хүлээн авч замчилж, бас зочилж явсан тийм эрхэм. Би ч түүнтэй танилын ёсоор уулзалдав. Монголд ч бас зочилж байсан эрхэм. Гурав дөрвөн жилийн өмнө гэргийтэйгээ хамт монголоор аялаад ирсэн гэж ярьж байв тэр.   

  

Буудлын үүдэнд Монголын төрийн далбаа мандуулж угтлаа     

                          

Сато Ацуши                

Тосгоны удирдлагууд, Сато Ацуши нар маргаашийн тоглолт хүртэл ёслол хүндэтгэлийн зарим       арга хэмжээ төлөвлөсөнөө манайханд танилцууллаа. Эхлээд “Мочи Цуки” буюу цагаан будааны ёслолд биднийг оролцуулах гэнэ. Япончууд цагаан будаагаа дээдэлдэг ард түмэн. Түүгээрээ яаж хоол хүнс бэлтгэдэгийг “Мочи Цуки”  ёслолоороо харуулах бололтой юм. Манайхан өрөө тасалгаагаа авч хувцас хунараа сольж түр амсхийсний дараа нэг давхарын хөлийн танхимд ёслол эхэллээ. Том модон торхонд шинэ ургацын будаагаа бага шиг чийглээд хийдэг юм байна. Япон эрчүүд модон алхаар будаагаа цохиж нүдэж сайтар няцлах юм. Нэг эр нь торхон дахь няцарч наалдмал болсон будааг гараараа бөөгнүүлж өгч байх. Нөгөө эр нь тоолоод л алхадна. Бидний мэдэх зуурсан гурил шиг л юм болж харагдана лээ цагаан будаа нь. Тасралтгүй сурмаг алхадаж байж чанартай сайн зуурмаг болдог гэнэ. Тариаланчид хоёр гурваараа хамтраад ажилладаг аж. Будаа няцарч элдүүр нь ханасан гурил шиг болсоны дараа япон бүсгүйчүүд түүнийг нь амттан болгодог юм байна.

Энэ амтатанаа япончууд “Мочи” гэж нэрлэдэг аж. “Мочи” бэлдэх энэ процессыг л шоу болгож зочдодоо үзүүлж байв. Манайхаар бол ааруул, сүү цагаан идээ бэлтгэх нэг үе шатны ажлыг л газар дээр нь харуулж байна гэхээр юм. Будааг зуурмаг болгодог эрчүүдийн хувцас хэрэглэл нь нэг маягийн эрээн мяраан, бас ч гоёмсог юм билээ. Чуулгын залуус, морин хуурчид тэр хувцасыг нь өмсөөд энэ ажилд оролцов. Дуурийн дуучин Б.Энхнаран, Б.Монголхүү нар ч бас авьяасаа үзүүлмээр байна гээд модон алх гартаа авцгаана лээ. Торхон дахь будаа эргүүлж өгдөг япон эрийн гарыг тэд золтой л гэмтээчихсэнгүй, үзэгчид ч дууг нь дахиулдаг шиг тэр хоёрыг дахиулсангүй ээ.

Морин хуурын чуулгынхан эдний тосгонд өмнө нь хэдэнтээ ирж тоглолт хийж байсан болохоор тосгоны удирдлагууд хуучин танил найз нөхөдтэйгээ уулзаж учирч байна гээд хаа хаа сайгүй их л элгэмсүү дотно байцгаасан юм. Оройн зоог барьсан танхимдаа “Гэртээ тавтай морил” гэх урилгыг монгол, японоор бичиж байршуулсан харагдана лээ. Зоогийн үеэр Тосгоны дарга Курияма сан

“Монголын Морин хуурын чуулгынханыг тосгондоо гуравдахь удаагаа хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхний тоглолтыг үзээд үзээд уйдашгүй ээ, Токиод NHK-д тоглоход би тосгоныхоо зарим удирдлагуудтайгаа хамт очиж үзлээ. Маш сайхан тоглолт болсон. Хуучны андын хувьд та нараар бахархаж байлаа. Маргааш тосгоныхонтойгоо хамт тоглолт үзэж улам ихээр баярлаж бахархах байх аа” гэж  ярьж байлаа. Мөн олон жил ажил төрлийн холбоотой яваа, бас Морин хуурын чуулгынхныг төрөлх тосгонд нь гурвантаа ирүүлж тоглолт хийлгэж буй Сато Норико санд Японы Эзэн хааны “Мандах нарны одон” хүртсэнд нь Курияма сан тосгоныхоо хамт олны өмнөөс болон хувиасаа баяр хүргэж алба болон амин хувийн гарын бэлэг гардуулж байв.

Зоог өндөрлөсний дараа биднийг халуун рашаанд орж аян замынхаа алжаал тайлцгаахыг тосгоны удирдлагууд, бас энэ зочид буудал, аялал жуулчлалын алба хариуцагч Сато Ацуши санал болгов. Манайхан ч өрөөндөө орж хувцас хунараа хөнгөлж буудлын рашаан амралтын халад нөмрөг, улавч энэ тэрийг нь өмсөөд доошилцгоов. Халуун рашаан нь В-1 давхартаа юм. Энд нь рашааны том усан сан байна. Тэнд нь хэсэг булхаж сууж байгаад гадаах усан санг нь сонгож рашаандцагаав. Тэр хэсгийг ч сайхан тохижуулжээ. Ой модтой уул ойрхонтоо сүглийнэ. Өдөр орвол ойр тойрны үзэсгэлэнт байгаль, хажуухантай дүнхийх ой модтой уул, наахнуур нь цэлийх нуур цөөрөм, шуугин урсах гол горхиноос нь илүү их таашаал авахаар байсан байх. Байгалийн сайханд нь, халуун рашааных чанар чансаанд ч байдаг уу, бас энэ тосгонд оршдог мянга гурван зуун настай, үе үеийн эзэн хаантай харилцаатай явж ирсэн эртний сүмд ч зочлох гэсэн үү, өмнөх Эзэн хаан Акихито, хатан Мичикотойгоо энэ тосгонд хүрэлцэн ирж бидний буусан энэ зочид буудалд хонож өнжиж байж.  Зочид буудлын хөлийн танхимын хананд Хаан, Хатаны тэр үеийн айлчлалынх нь жаазтай фото харагдсан. Түүнийг хараад гучаад жилийн өмнө Монголын Ерөнхий сайдын Японд хийсэн айлчлалыг сурвалжилж явахдаа Эзэн хааны ордонд орж Хаан, Хатаныг зураглаж явснаа дурсан санав. Тэр үеийн зарим зургийг энд толилуулмаар санагдчихлаа. Түүхэн гэхээр л зураг. Эзэн Хаанд орчуулга хийж байсан залуухан Х.Кобаяши эрхэм өнөөдөр Япон улсын Элчин сайд болоод манайд ажиллаж байна. Ерөнхий сайдын тэр айлчлалын үеэр хэвлэл мэдээллийн биднийг хариуцан

үйлчилж байсан Гадаад яамны тасгийн дарга Такенори Шимизү сан Эн Эйч Кэй-д Эзэн хаан, Монголын Ерөнхийлөгч нар Морин хуурын чуулгын тоглолт үзэхэд Ерөнхийлөгчийн айлчлалыг сурвалжилж яваа Монголын телевиз, хэвлэл мэдээллийнхэнд үйлчлээд явж байна лээ. Хожмоо Шимизү сан Японы Элчин сайдаар Монголд нилээд хэдэн жил ажиллаж байсныг манайхан мэдэх байх. Кавакамид Эзэн хаан айлчилсан зургийг хараад ийм түүхийг бодолдоо сэргээж явав.

... Ер нь энэ тосгон сүрхий хөгжсөн болох нь юм юмнаас харагдаж байв. Таван давхар энэ зочид буудал нь гэхэд л дөрөв, таван одын зэрэглэлд дүйж очихоор. “Ямабүки холл” хэмээх нэртэй соёлын ордон нь суудлын тоо, багтаамжаараа л бага болохоос өмнө тоглолт хийсэн том хотын том театруудынхаас өнгө үзэмж, тохилог байдал, тоног төхөөрөмж, акустик энэ тэрээрээ огт дутахгүй юм гэж Морин хуурынхан магтаж байв. Модон эдлэлийн үйлдвэрлэлээрээ ч эднийхэн алдартай гэнэ. Ой мод элбэгтэй, тэгэхдээ түүнийгээ маш их ухаалаг ашигладаг аж. Хоёр гурван зуун жилийн настай нарс мод ч эндэхийн уул нуруудад бий гэх. Нас өндөртэй тийм нарсаар урчууд нь

        

Эзэн Хаан хатантайгаа Кавакамид   

 250 настай нарс мод. (Голч нь 1,70 метр,“Ямабүки холл”)

зүйдэлгүй том бүтээгдэхүүн урлаж дотооддоо болон гадаадын үзэсгэлэн худалдаанд оролцдог юм байна. “Ямабүки холл” соёлын ордонд нь уртаас урт, томоос том нарсан “Луу” суналзаж байсан. Тосгоны удирдлагууд залуу талдаа юм, Куриями сангаас бусад нь. Ер нь ажилтнууд нь ч тогтвор суурьшил сайтай гэнэ. Тосгоноос хот руу дайжих явдал бараг байхгүй, харин ч том хотуудаас энэ нутагт ирж ажил амьдралаа төвхнүүлэх залуус олон болж байгаа гэх. Бидний танил Сато Ацуши тэдний нэг юм. Осака хотын “Шарф” компанид мэргэжилтэнээр нилээд хэдэн жил ажиллаж байгаад Каваками тосгонд шилжин суурьшсан нь энэ аж. Том хотод байдаг хөгжил дэвшил энд бүгд байна. Хөдөө хотын ялгаа бараг алга гэхээр. Модон бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ энэ тосгон дагнаад алдаршиж төсвийнхээ ихэнхийг бүрдүүлээд хөгжиж байна. Халуун рашаан, аялал жуулчлал нь ч эдний брэнд юм. Монголын маань сум суурин хэдийд ийм түвшинд хүрэх юм бол доо. Манайхны сумдад аль нэг аж ахуйгаараа дагнаж даяаршаад хөгжих боломж уг нь их бий дээ. Хөгжиж дэвжсэн сум суурин руу л хүн зон, залуус цувах байх. Уугуул, суугуул нь ч дайжихаа болино доо. Ийм бодол төрж байлаа энэ Кавакамид... 

    Морин хуурын аялгуу хамба ламыг уярааж уйлуулав.

   Өглөөний цайны дараа жүжигчид эндэхийн эртний түүхт сүмд зочилохоор хөдөлцгөөв. Тосгоны дарга удирдлагууд бас хамт явцгаалаа. Чуулгын удирдаач, аялалын зохион байгуулагч Сато сан, зарим жүжигчид тосгоны даргатай хамт тэдний унаагаар, бусад нь, мөн хэвлэл мэдээллийн бид хэд замдаа зураг авах гээд алхацгаав. Өгсүүр засмалаар хагас км орчим алхаад сүмд хүрнэ гэнэ. Цэнгэг сайхан агаар, үзэсгэлэнт сайхан байгалд нүд сэтгэлээ баясгаж явцгаалаа бидний хэсэг нөхөд. Уг сүм уулан дээр байдаг юм байна. Засаж тохижуулсан уулын өгсүүр замаар алхангаа ойр тойрны үзэсгэлэнт уул ус, ой мод, тээр доор харагдах тариачдын хаус, байшин барилгыг зураглаж явцгаав.

Сүм бараг уулын оройд юм. Каваками жинжиа Камишияа гэх нэртэй аж энэ сүм. Японы хамгийн өндөр настай гурван сүмийн нэг гэнэ. Соёлын үнэт өв хэмээн бүртгэгдэж улсын онцгой хамгаалалтад байдаг түүхэн сүм юм. Одоогоос 20 мянга орчим жилийн өмнө буюу чулуун зэвсгийн үед Каваками тосгонд хүн амьдарч байсан ул мөр байдаг гэж археологчид тогтоосон гэхээр зөвхөн сүм гэлтгүй энэ нутаг бол их эртний түүхт газар юм. Жинжиа Камишияа гэх энэ сүмийг нь Тэнмү хэмээх эзэн хаан манай эриний 675 онд бариулсан гэж түүх шастирт нь бичжээ. Ийм өндөр настай түүхэн сүм гэх утгаараа үе үеийн Эзэн хааны ордонтой ойр дотно харилцаатай явж ирж. Дээр би нэгэнтээ бичсэн Эзэн хаан Акихито Каваками тосгонд зочлохдоо энэ сүмд эргэл мөргөл үйлдсэн байх даа гэж бодогдож байлаа. Сүмийн хамба лам Мочизүки Ясүмаро хэмээх эрхэм зочдоо хүлээн авч сүмээ танилцуулав. Сүмийн үндсэн бурхан нь Такаоками нэртэй бороо ус хайрлагч “Луу” гэнэ.  

Лууных нь том зураг сүмийн нэг хана эзлэсэн байх юм билээ. “Эзэн хаанд тоглолтоо толилуулсан алдартай чуулгынхан сүмд маань зочилж буйд би их баяртай байна” гэж эрхэм хамба лам хэлээд чуулгынхан, хүрэлцэн ирсэн бусад зочдод ерөөл залбирал үйлдэж ном уншлага хийсэн юм. Аялан тоглолтын ахлагч Сато Норико сан морин хуурч Р.Амарбаярыг Хамба ламтанд танилцуулаад, танай энэ Каваками тосгоны Ёшино уулын нарсаар урласан морин хуураараа энэ хуурч хөгжимдөж танд болон танай сүмд хүндэтгэл үзүүлэх гэж байна гэж концерт хөтлөхдөө зарладаг шигээ зарласан юм. Ингээд л хуурын эгшиг хүнгэнэв. Монгол, япон аялгуу аль аль нь эгшиглэлээ.

 Хамбатан их л уярч сонсож суусан юм. Тэрээр сүүлдээ нулимсаа арчиж харагдав.

  -Морин хуурын аялгуугаараа сүмийн минь жаврыг үргээсэнд маш их талархаж байна. Өндөр настай ээж минь бие нь өвдөж чилээрхээд өдөр хоногоо хүлээж байгаа юм аа. Морин хуурын гайхамшигтай сайхан аялгуугаар ээжийгээ эцсийн замд нь үдэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд  нулимас урсчихлаа, уучлаарай гэж байв тэр Хамба лам. Ийнхүү уучлал хүссэнийхээ дараа сүмийн

үнэт өв болох мянгаад настай мөлгөр чулуунуудаас адис авахыг зочдод зөвшөөрч ерөөл ном айлдлаа. Ингээд Мочизүки Ясүмаро хамбатай дурсгалын зураг авахуулснаар энэ удаагийн танин мэдэхүйн бага шиг аялал өндөрлөсөн юм. Тосгоны театрын хөлийн танхим дахь  250 настай нарсных шиг Ёшино уулын гурван зуугаад настай хөгшин нарсны хөрөөдмөлийг сүмийн үүдэнд байршуулсан байна лээ. Ой модоор баялаг нутгийн нэг л сонирхолтой үзмэр юм биз дээ.  

   

Хорин жилийн өмнө жаврыг нь үргээсэн театртаа дахин тоглов.

     Сүм үзэж тосгоны ойр тойрны байгалийн сайхнаар аялаж ирснийхээ дараа чуулгын жүжигчид  “Ямабүки холл” соёлын ордонд очиж заншил ёсоороо тоглолтын бэлтгэлээ хийцгээлээ. Танхим 300 шахам суудалтай юм. Хориод жилийн өмнө ашиглалтад орсон гэхэд тэгтлээ хуучирч муудаагүй шинээрээ шахуу л байна гэж тэр үед ирж тоглож байсан морин хуурч Ж.Уугантуяа, Н.Ашит нар ярьж байв. Эдний чуулгынхан анх ерээд оны эхээр ирэхдээ гадаа зассан тайзанд тоглолт хийж байж. “Ямабүки холл” соёлын ордон 2002 онд дөнгөж ашиглалтад ороод бүх юм нь цоо шинэ байхад нь Морин хуурын чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглож “Ямабүки холл”-ын жаврыг үргээж тосгоныхныг баярлуулж байсан түүхтэй юм байна. Хоёр удаа ирж тоглож байсан болохоор тосгоны дарга удирдлагууд чуулгын жүжигчидтэй сүрхий дотносцогоож тоглолтоо өндөрлөөд явахад нь гэгэлзэж бас нулимас дуслуулж үддэг байсан тухай жүжигчид ярьж байв. Нэрт дуучин Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ нар өмнөх тоглолтуудад ирж байсан гэнэ. Оройн зоог, үдэлтийн хүлээн авалтын төгсгөлд бүгдээрээ З.Хангалын “Аяны шувууд”-ыг дуулцгаадаг байж. Япончууд ч энэ дууг их сайн сурцгаачихсан, аливаа ёслол хүндэтгэлийн төгсгөлд “Дуугаа дуулцгаая аа” гэдэг болчихож. Өчигдөр оройны зоогийн төгсгөлд ч хоороор дуулж баясацгааж байв. Хөгжимчид, дуучид тоглолтынхоо бэлтгэлийг хийж байх үед над мэтэд уулзаж учрах, ярьж хөөрөх хүмүүс бас таарч байлаа. Каваками тосгонд тоглох тоглолтын тухай сурвалжлахаар Японы төвийн зарим сонин, муж хотын телевизийнхэн ирчихэж. Хүн ам цөөтэй буйдхан тосгон болохоор хаана хэн яваа нь хараа нүдний дор гэцгээж байв. “Асахи” сонины тоймч хатагтай Чисако Ёнэдо, “Иомиури”,”Асахи” мэтийн төвийн сонинд бүтээлээ нийтлүүлдэг зохиолч, нийтлэлч Накамура Масанори гэх эрхэмтэй энд таарч танилцлаа. Зохиолч Накамура сан Монголд очиж хөдөө гадаагуур явж манайхны тухай тэмдэглэл сурвалжлага дээрх сонинуудад бичиж байсан эрхэм юм. Түүний эрэн сурвалжлах сэдвээр бичсэн нэг сонирхолтой нийтлэл хэдэн жилийн өмнө “Иомиури” сонинд гарч түүнийг нь манай өдөр тутмын “Өнөөдөр”ч бил үү, “Өдрийн сонин ч бил үү, нэг нь орчуулж тавьж байсан санагдана. Монголд очиж бүтээл туурвил хийж байсан болохоороо Морин хуурын энэ удаагийн тоглолтыг сурвалжлан бичих, бас хэдэн жилийн өмнөх эрэн сурвалжлах нийтлэлийнх нь эхийг тавьж өгсөн япон, монгол хоёр хатагтай болон чуулгын хөгжимчид, дуучидтай энд уулзаж ярилцлага нийтлэл туурвихаар энд бидний дунд ирсэн байв, энэ зохиолч. Тэр үеийн нийтлэлтэй сониноо аваад ирчихсэн манайханд сонирхуулж байлаа. Нутгийнхаа чуулгын концертыг үзэхээр Осака хотод суугаа манай Консулын газрын ажилтан Ч.Солонго хатагтай энд бас ирсэн байсан юм. Түүнийгээр би хэлмэрчлүүлж Накамура Масанори зохиолчтой танилцав. Монголын сонинд орчуулж тавьсан тэр нийтлэлийг нь хэдэн жилийн өмнө уншиж байснаа би дурсав. Орчуулагч Ц.Бурмаа хатагтай энэ нийтлэлийнх нь эхийг тавьсан монгол тал аж. Олон жилийн өмнө нэгэн эмэгтэй Бурмаад япон цэргийн хоолны тагтай төмөр сав авчирч өгсөнөөс энэ түүх эхлэлтэй юм байна. “Өндөр настай хадам ээж маань энэ төмөр савыг япон хүмүүст өгөх юмсан гэж өөртөө хадгалж яваад бидэнд үлдээсэн юм аа. Хадам маань монголд барилга барьж байсан олзны япон цэргүүдийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан хүн юм билээ” гэж тэр бүсгүй ярьж байж. Бурмаа тэр савыг нь өөрийн хамтарч ажилладаг Сато санд өгч, Сато Норико хатагтай Накамура Масанори зохиолчид хандсанаар цэрэг савны эзэнг тодруулах эрэл сурвалжлага эхэлсэн ажээ. Тэр төмөр сав дээр нэг тоо, бас япон ханз үсэг байсан юм байх. Сурж сурвалжилсаар олзны цэрэг эрийн ач хүүг Накамура сан олж тэмдэглэл сурвалжлагаа хийж өвөөгийнх нь хэрэглэж байсан хоолны төмөр савыг хүлээлгэн өгч байж. Үүний дараа ач хүү нь Монголд аялалаар ирж тэр хоолны савыг хадгалж үр хүүхдүүдэд нь хүргэх боломж олгосон сувилагч эмэгтэйн бэртэй уулзаж талархлаа илэрхийлж байж. Зохиолч нийтлэлч Накамура Масанори сан ч энэ тухай нь хожмоо бас бичжээ.

Зохиолч нийтлэлч ноён Накамура Масанори, түүний нийтлэлийн эхийг тавигч хатагтай Сато    

Норико нар “Иомиури” сонины нийтлэлээ барьж бид хэд зургаа авахуулав.

 “Иомиури” сонинд гарсан энэ хоёр нийтлэлийнх нь тухай ч бид ярилцаж байлаа. Монгол Япон хүмүүсийн харилцааны талаарх нэгэн зурвас түүх юм. Морин хуурын чуулгын энэ удаагийн аялан тоглолт ч монгол, япон хүмүүсийн харилцааны шинэ үеийн түүхийн нэгэн хуудас юм. Энэ түүхийг “Асахи”, “Иомиури”сониныхон, Нара мужийн телевизийнхэн япон уншигч үзэгчиддээ хүргэж хүртээхээр энд сурвалжлага хийж явна. Сэтгүүлч миний бие, надтай энд хамт яваа “Хасу фильм продакшн”, “Намуун зет студи”-ийн зураглаачид ч монгол, япон хүмүүсийн урлаг соёлоор холбогдож буй өнөөгийн энэ харилцаа, бас тэдний хамтын ажиллагаа, найзлал нөхөрлөлийн түүхийг чадан ядан бичиглэж зураглаж яваа билээ...

     “Ямабүки холл” танхим Каваками тосгоны үзэгчдээр дүүрч Морин хуурын чуулгын жүжигчдийн ээлжит тоглолт эхэллээ. Тосгоны дарга Курияма Тадааки сан ёслол хүндэтгэлийн үг хэлэв. Тэрээр анх гадаа тайз засаж жүжигчдийг тоглуулж байснаа, дараа нь энэхүү соёлын ордондоо баяр ёслолын байдалтай хүлээж авч байсан тухайгаа дурсан ярьлаа.

“Токиод очиж Эн Эйч Кэй-д тоглосон тоглолтыг  үзчихээд, одоо тосгондоо дахиад л үзэх гэж байна. Манай энэ “Ямабүки” танхимыг байгуулагдаагүй байх тэртээ 1997 онд Морин хуурынхан ирж гадаа зассан тайзанд тоглолтоо хийж байлаа. Хэдэн жилийн дараа шинэ танхим маань ашиглалтад орох үеэр жаврыг нь үргээхээр морин хуурынхан ирж тоглож байсанд би туйлын баяртай байдаг. Тиймээс энэ удаа бид Монголын Морин хуурын чуулгынхныг  "Дахин тавтай морилно уу" гэж угтсан. Морин хуурын аялгуунд сэтгэл хөглөгдөж, урам зориг бадардаг юм. Манай Ёшино уулын нарсаар хийсэн морин хуур Эн Эйч Кэйд, Эзэн Хааны өмнө дуурссанд сэтгэл өндөр, баяртай байлаа. Өнөөдөр манай тосгоны “Ямабүки” танхимд энэ хуур эгшиглэх гэж байна” гэж хэлээд тоглолтыг нээсэн юм. Урьд өмнөх тоглолтуудын адил уртын сайхан дуу, хуурын сайхан аялгуугаараа концерт эхлэв. Тосгоны үзэгчид ч танил дотно чуулгынхандаа баяр хүргэж алга нижигнүүлж байлаа. Аялан тоглолтыг зохион байгуулагч Сато Норико сан Морин хуурч Р.Амаржаргалыг тайзнаа урьж “Танай Ёшино уулны нарс модны бэлдэцээр урласан энэ морин хуураараа энэ хөгжимчин аялан тоглолтын туршид Япон, Монгол орны найрамдал, хамтын ажиллагааг билэгдэн хөгжимдөж яваа юм. Та бүхэн, танай тосгоныхон ч энэ үйлсэд бас хувь нэмрээ оруулсан хүмүүс. Энэ ажилд идэвх зүтгэл гаргаж тусласан Курияма Тадааки санд талархал илэрхийлж байна” гэж хэлээд морин хуурчаар монгол, япон аялгуу хөгжимдүүлсэн юм. Тосгоныхон ч урьд урьдаасаа илүү талархаж алга ташиж байв. Нөгөө л монгол япон дуу, манай хөгжмийн нэрт зохиолчдын сонгодог бүтээлүүд ээлж дараагаараа эгшиглэсэн сайхан концерт цаг гаруй үргэлжлэв. Төгсгөлд тосгоны үзэгчид алга нижигнүүлсээр дуурийн хоёр гоцлоочоор “Нутаг минь” хэмээх алдартай япон дууг нь дуулуулж сэтгэлийн их таашаал авцгаав. Өмнө миний олонтоо бичсэн “Фүрүсато” гэх энэ дууны үг, мөр бүр нь яг л энэ тосгоноос алсад яваа залуусын аав ээж, анд нөхөддөө зориулсан дуулал болж сонсогдох шиг болно лээ энэ нутгийнханд.

“Чандага хөөсөн тэр л толгод

Жараахай цулбуурдсан энэ л гол

Одоо ч сэтгэлд минь тодхон

Хэзээ ч үл мартам нутаг минь

       Амар мэнд суугаа болов уу аав ээж минь

       Ажил алба нь сайн биз дээ анд нөхөд минь

      Бороонд салхинд ч

      Бодогдсоор л байх юм төрсөн нутаг минь...

гэж дуурийн дуучин, сопрано Б.Энхнаран, баритон Б.Монголхүү нар япон залуус шиг нь дуулцгаана лээ. Тосгоныхон бүгд л суудлаасаа босож алга ташицгааж баяр талархлаа илэрхийлэв... Нутгаасаа алсад ажиллаж амьдарч буй монгол иргэд маань Морин хуурын чуулгынхны тоглолтын зар дуулаад ойр тойрны хот тосгодоос яаж ийгээд л хүрэлцэн ирж үзэж байх нь олонтоо юм. Миний урдхантай цэнхэр торгон уужтай залуухан бүсгүй, шаргалдуу ноолууран цамцтай эр сууж тоглолтын зураг бичлэг хийгээд ихэд таашаан үзэцгээж байсан юм. Манай нутгийн залуус байна даа гэж анзаарч байгаад тоглолт дуусах үед мэндийг нь мэдэж ярилцлаа. Тэд Алшаа аймгийн өвөрлөгчид байв. Ойрхны Хигаши хотын нэг үйлдвэрт ажилладаг гэж байв. Эхнэр хүүхэдтэйгээ концерт үзэж буй халх монгол залуутай би тоглолтын эхэнд танилцсан юм. Рагчаабазарын Бямбажав гэх энэ залуу Нара хотоос ирж концерт үзэж буй аж. Япон оронд ажиллаж амьдраад нилээд хэдэн жил болж байна гэж байсан юм. “Peace TIRE Trading,Ink.”компанийн менежер гэх нэрийн хуудас надад өгөв. Автомашины дугуй монголд нийлүүлж худалддаг компани юм байна, түүний ажилладаг компани нь. Морин хуурын чуулгын уртын дууч Б.Мөнхбаатар гавъяатын садан төрлийн залуу аж, энэ Бямбажав. “Мөнхөө ахынхаа дуулахыг үзээд гэр бүлээрээ баярлаж бахархаж суулаа. Концерт их таалагдлаа, хэсэг хугацаанд нутагтаа байгаа юм шиг сэтгэл төрлөө” гэж тэр ярив.

Гэргий хүү хоёр нь жил хагасын өмнө Нара хотод ирсэн аж. Бямбаагийн бизнес тогтворжиж амжилттай яваа болохоор ээж хүү хоёр ч сэтгэл хангалуун байгаа гэцгээж байлаа.

Д.Цэдэн-Иш. Нара муж, Каваками тосгон.

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?