ИЗҮМИСАНО ХОТ, "БИГ АЙ" ОРДОН ДАХЬ ТОГЛОЛТ

2023-02-01  

ӨМНӨХ ДУГААРЫГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ!

Морин хуурын чуулгынхан тайзнаа сурагчидтай дурсгалын зураг авахуулав

    Сүхийн “Цагаан морь”. Морин хуурын чуулгынхны дараагийн тоглолт Осака хотын дагуул хот Изүмисано хотын “Биг Ай” ордонд болсон юм. Чуулгынхан ч “Биг Ай” зочид буудалд байрласан. Энэ зочид буудалд тэд тав хонож Осака муж, энэ хот орчимд дөрвөн тоглолт хийсэн юм. “Биг Ай” гэх энэ соёлын ордон, гурван давхар зочид буудал нь “Биг Ай” гэх цогцолборын нэг хэсэг нь юм билээ. Зочид буудал нь нийтдээ зуу гаруй өрөөтэй бололтой. “Биг Ай” цогцолборт биеийн тамир, спортын ордон бас байдаг гэж яригдаж байсан. Цогцолборыг бүхэлд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх зориулалтаар барьсан аж. Автоматаар нээгдэж хаагддаг хаалганууд хаа сайгүй, тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу шат, налуу замууд ч энд олон юм. Зам талбай, орц гарц, хаалга үүд, шат бүгд л зориулалтын дагуу чанартай барьж байгуулагдсан нь мэдрэгдэж байлаа. Зочид буудлын өрөөнүүд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэмэлт тоноглолтой хэдий ч, тэр нь энгийн иргэдийн үйлчилгээнд тээр болоод байхааргүй юм билээ. “Биг Ай” ордонд тоглосон эхний тоглолт нь бага сургуулийн мянга гаруй сурагчдад зориулсан “Сүхийн цагаан морь” үлгэр домгийн сэдэвтэй тоглолт байв. Энэ ордоны ойролцоох бага сургуулийн хүүхдүүд үд хавьд багш нараараа удирдуулан жагсаалаар ордонд хүрэлцэн ирж байлаа. Сургууль сургуулиараа өөр өөр өнгийн малгайтай юм. Ордоны гадна цуглаж байгаад маш эмх цэгц, зохион байгуулалттайгаар ордонд орж концертын танхимд багш нарынхаа удирдлагаар анги ангиараа суудлаа эзэлцгээж байна лээ. 

Сурагчдад зориулсан тоглолт нь хоёр хэсгээс бүрдэж байлаа. Эхэнд нь япон хүүхдүүдэд Монгол улсын тухай зурагт танилцуулга хийлээ. Морин хуурын чуулгын энэ удаагийн аялан тоглолтыг зохион байгуулагч, Монгол Улсын Соёлын элч, Япон Монголын эдийн засаг, соёлын харилцааны нийгэмлэгийн тэргүүн Сато Норико хатагтай энэ концертыг хөтлөж, танилцуулга сурталчилгааг ч  удирдан зохион байгуулж явууллаа. Тэрээр том видео дэлгэцнээ монгол орны тухай зураг байршуулаад хүүхдүүдээс монгол орныг мэдэх эсэх тухай нь асууж  тэдэнтэй харилцан ярилцаж байв. Монголын төрийн далбаа, бас Чингис хааны хөрөг зураг, түүний хөрөгтэй монголын мөнгөн тэмдэгтийг дэлгэцнээ харуулж сурагчдад тайлбарлан танилцуулж байлаа Сато сан. Монголын байгаль, хөдөө аж ахуй, мал аж ахуй, үйлдвэрийн талаарх зурагт танилцуулга ч хийв . Тэмээ, сарлаг, хонь малын зураг харуулаад хүүхдүүдээр нэрлүүлж танхимыг шуугиулж байлаа. Монголын далбаа, монгол гэрийн тухай мэдэх хүүхдүүд байна уу гээд гар өргүүлсэн чинь нилээд хэдэн сурагч гар өргөж харагдана лээ.

Монгол наадмын тухай зурагт танилцуулга, урлаг соёлын тухай сурталчилгаа ч энд хийгдлээ. Япон хүүхдүүд ч Монгол орны тухай анхан шатны мэдээлэлтэй боллоо. Дараагийн хэсэг нь “Сүхийн цагаан морь” үлгэр домгийн тоглолт байв. Японы бага сургуулийн сурах бичигт энэ үлгэр байдаг юм байна. Ядуу зүдүү гаралтай Сүх хүү баян ноёны адуун сүргээс тасарч намаг шаварт гүн шигдэж хоцорсон цагаан унагыг намагнаас татаж гаргаж амийг нь аварч тэжээж тэнхрүүлж өөрийн болгон энхрийлж өсгөсөн тухай үлгэрт өгүүлдэг аж. Цагаан унага том болоод аргамаг сайхан хүлэг болжээ.

  

Сүх хүү аргамаг цагаанаа нутгийнхаа найр наадамд сойж наадмын түрүүг олонтоо авах болж. Сүргийн эзэн баян ноён цагаан унага нь ийм сайхан хүлэг болсныг сонсож мэдээд хошуу тамгынхаа түшмэлүүдээ илгээж ядуу хүүгээс тэжээж өсгөсөн цагаан морийг нь булааж авчээ. Бяцхан хүү ижилдэн дассан хайртай цагаан морио өгөхгүй гэж хичнээн тэмцсэн ч хүчинд автаж уй гашуу болон хоцорч байж. Гэсэн хэдий ч Сүх хүүгийн цагаан хүлэг тэжээж тэнхрүүлсэн эзэндээ буцаад л давхиад ирнэ. Баян ноёны албатууд ч буцаагаад л булааж авна. Баян ноён эмээл хазаар тааруулж түүнийг унах гэж ч үзэж. Аргамаг цагаан түүнийг огт ойртуулсангүй, хэд тангараад л Сүх хүү рүү давхиад ирнэ. Ийм байдал хэдэнтээ давтагдаж сүүлдээ хурдан цагаан морь ороолоод баян ноёныхонд бүр баригдахаа больж. Цөхөрсөн баян ноён агтчин, уургачдаа цуглуулж түшмэдүүдтэйгээ хамт Сүх хүүгийнд очиж цагаан хүлгийг барих гэж сүүлийн удаа оролдож... Сүхийн цагаан ороолж давхиад  огт баригдсангүй гэнэ тэдэнд. Уур нь хүрсэн баян ноён нум сум агссан түшмэлүүддээ цагаан морийг харвах тушаал өгчээ.

Түшмэлүүд нь ч цагаан морийг өртөөлөн хөөж элдсээр арайхийн гүйцэж харваж хөнөөсөн аж. Уй гашууд автсан Сүх хүү цагаан морио оршуулж толгойг өндөр уулын оргилд өргөн тахижээ. Ингээд цагаан морио мөнхөд дурсахын тулд морин толгойтой хуур хөгжим хийсэн домогтой юм байна. Цагаан мориныхоо сүүлийн хялгасаар хуурынхаа чавхдас, нум хөвчийг хийж ая эгшгээр нь цагаан морио дурсан дуулж үлгэр домогт мөнхрүүлсэн ийм түүхтэй аж. Энэ үлгэрийг японы хүүхэд багачууд бүгд л мэддэг гэнэ. Энэ гунигтай сургамжтай үлгэрийг концерт хөтлөгч Сато Норико хатагтай уншиж Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин, морин хуурч Р.Амарбаяр дагаж хөгжимдсөн юм. Үлгэрийг уншиж байхад үйл явдлынх нь зураг дэлгэцэнд гарч, хуурын гунигт аялгуу намуухан эгшиглэж 1000 гаруй хүүхэд цугласан танхим цагаан морийг, Сүх хүүг өрөвдөн гуниглаж нам гүм. Энэ үлгэрийн хөгжмийг арав шахам жилийн өмнө нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсан япон орноо хүрэлцэн ирж бүтээж нэг удаагийн аялан тоглолтын үеэр найруулга зохиролыг нь тааруулж тоглуулж байсан түүхтэй аж. Энэ үлгэр нь тусдаа зурагт ном болон хэвлэгдсэн байх юм билээ. Үлгэрийн зургийг гуч шахам жилийн өмнө манай Ардын зураач Н.Цүлтэм агсан зурсан гэх юм билээ. “Сүхийн цагаан морь” үлгэр нь Өвөрмонголоос гаралтай юм байна. Япончуудын хувьд монгол угсаатан, монголчуудын гэх утгаар л алдаршиж тархсан аж... Тоглолтын дараагийн хэсэг нь нөгөө NHK-ийн тайзанд тоглож алдаршсан нас чацуу монгол, япон хоёр  хүүгийн тоглолт байлаа.

Төгөлдөр хуурч 11 настай А.Түшигт, түүний үе тэнгийн трубач Хакудо Ичи нар өмнөх тоглолтуудад хөгжимдсөн Америкийн хөгжмийн зохиолч Лэй Харлинагийн “Одонд хүслээ шивнэсэн нь...” гэх бүтээлээ хослон хөгжимдөж үе тэнгийнхнээ шуугиуллаа. Бяцхан үзэгчид монгол япон хоёр хүүгээр бахархаж удтал алга ташиж баяр хүргэж байлаа.

   Ямада сан: “Сэтгэлийн эгшиг” их уянгалаг, бас ихийг бодогдуулсан, үнэхээр л сэтгэлийн илэрхийлэл болсон сонгодог бүтээл юм.

    Дараагийн өдрийн тоглолт мөн энэ “Биг Ай” ордонд болов. Чуулгын жүжигчид зочид буудлаасаа гадагш гарахгүйгээр буудлын залгаа баригдсан концертын танхимд орж тоглолт хийж буй болохоор тэдэнд их л амар байв. Нүүдэл суудал болж зам зуурт цаг алдахгүйгээр тайзны бэлтгэлээ тайван амгалан хийцгээнэ лээ. Хөгжмийн зэмсэг, хувцас хэрэгсэл гэхэд л бүхэл бүтэн автобус дүүрэн ачаа бараа. Том бөмбөрүүдийг нь  тэвштэй машинаар л тээхээс өөр аргагүй. Тоглолт урьд өмнийн адил зарласан цагтаа эхэллээ. Зохион байгуулагчид нь энэ удаагийн тоглолтыг “Салхи, их тал” хэмээн нэрлэсэн байв. Үзэгчид хөлийн танхимд байршуулсан сурталчилгааны ширээн дээрээс NHK-д Эзэн хаан, Монголын Ерөнхийлөгчид тоглосон концертын танилцуулга, мөн энэ удаагийн “Салхи, их тал” концертын хөтөлбөрийг аваад танхимд орж байлаа. Тоглолтын хөтөлбөр нь хот хотуудад, танхимуудад бага шиг ялгаатай байлаа. Харин энэ удаагийн “Салхи, их тал” концерт Токиод NHK-д тоглосон хөтөлбөр байв. Морин хуурын чуулгынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г эгшиглүүлж, дараа нь Монгол улсын гавъяат жүжигчин Б.Мөнхбаатар “Урьхан хонгор салхи” уртын дуугаараа япон үзэгчдийг гайхашруулж, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, баритон Б.Монголхүү “Наран мэлмийт эх орон” дуугаараа монголын сонгодог урлагийн цар хүрээг япон үзэгчдэд мэдрүүлсээр концерт эхэлсэн юм. Б.Монголхүүгийн дуулсан японы хүүхдийн алдартай 100 дууны нэг гэгддэг бүрхэг сартай шөнө элсэн цөлөөр хос цагаан тэмээ унан аялж буй Ханхүү болон Гүнжийн тухай өгүүлдэг “Цуки но сабаки” дуу ч үзэгчдийн таашаалд ихэд нийцэж алга ташилт нижигнэж байв. Дараа нь үргэлжилсэн Н.Жанцанноровын “Цагаан суварга”, Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг”, Б.Чинбатын “Аравт” гээд сонгодог бүтээлүүд, алдарт Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийн Адажио, Б.Шаравын “Ятганд зориулсан Вариаци концертино” гээд сонгодогуудын чуулбарууд хөгжмийн урлагийн өндөр мэдрэмжтэй япон үзэгчдийг хэрхэн бишрүүлж буйг танхимд хажуухнаас нь харж суухад таатай байлаа. Дараа нь “Уулс туульс” магтаалыг хөөмийч, морин хуурч Н.Ашит ятгач Э.Оюунтуяа, морин хуурч, цуурч С.Эрдэнэбаяр, бишгүүрч М.Мөнхбат нарын хамт хөөмийлэн дуулж, “Цэцэгт нуурын хөвөөнд” бүтээлийг морин хуурч Р.Амарбаяр, Д.Оргил,Х.Батзаяа, их хуурч Л.Пүрэв-Очир нар чадварлаг хөгжимдөж монголын ардын урлагийн гайхамшгийг япон үзэгчдэд мэдрүүлэв. Алдарт Б.Шарав, Загдын Түмэнжаргал нарын бүтээл “Монголын тал нутаг” сонгодог дууг Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, сопрано Б.Энхнаран уянгалаг сайхнаар дуулсан нь “Салхи, тал нутаг” концертын оргил нь, бас нэг өргөл нь байв. Монголын өргөн уудам тал нутгийг зөөлөн сэвшээ салхитай нь, бас уужуу сэтгэлт хүн зонтой нь япон үзэгчдэд мэдрүүлэх шиг болно лээ. Ингээд л алга ташилт үргэлжилж дуучин, удирдаач нар тайзыг орхив. Урьд өмнөх тоглолтуудынх шиг алга ташилт нижигнэсээр... нөгөө л Токиод, NHK-д, бас бусад хотуудад дахиулсан шиг хоёр гоцлол дуучнаар нөгөө “Фүрүсато”-г нь дуулуулав.

“Нутаг минь” хэмээн орчуулагддаг энэ дуу:

Чандага хөөсөн тэр л толгод

Жараахай цулбуурдсан энэ л гол

Одоо ч сэтгэлд минь тодхон

Хэзээ ч үл мартам нутаг минь

       Амар мэнд суугаа болов уу аав ээж минь

       Ажил алба нь сайн биз дээ анд нөхөд минь

      Бороонд салхинд ч

      Бодогдсоор л байх юм төрсөн нутаг минь...

гэж нутаг ус, найз нөхөд, ээж аав, элгэн саднаа санасан хүүгийн хөнгөн гуниг, санагалзсан сэтгэлээр дуулагддаг юм билээ. Манай дуурийн хоёр гоцлооч яг л япон залуусынх нь сэтгэлийг сэтгэлийг илэрхийлэх шиг сайхан дуулах юм. Ахмад насны үзэгчид нулимсаа арчингаа алга ташиж байв. Концертын дараа зарим үзэгчдийн сэтгэгдлийг сонсов. Стерео хөгжмийн мэргэжилтэн гэж өөрийгөө танилцуулсан Ямада сан “Морин хуур гайхамшигтай сайхан хөгжим юм аа, концерт маш их таалагдлаа” гэв. “Ямар дуу, ямар хөгжмийг Та илүүтэй таашааж сонсов?” гэж асуухад тэрээр “Сэтгэлийн эгшиг” бүтээл их уянгалаг, сэтгэлийн илэрхийлэл болсон ихийг бодогдуулсан сонгодог бүтээл юм гэж хариулав. Дараа нь бид найз бүсгүйчүүлтэйгээ концерт үзээд гарч буй хатагтай Ичидо сантай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

  

 Ноён Ямада сан

 

Хатагтай Ичидо сан

Тэрээр: Би хоёрдахь удаагаа энэ тоглолтыг үзэж байна. Өчигдөр Сүмиёши сүмд болсон тоглолтыг үнэгүй үзсэн, өнөөдөр “Биг Ай” концертын танхимд болсон энэ сайхан тоглолтыг билет авч үнэтэй үзлээ. Дахин үзсэндээ ч баяртай байна, гайхамшигтай тоглолт, гайхамшигтай уран бүтээлчид юм. Дуу, хөгжим бүгд л таалагдлаа. Би монголд хоёр удаа очиж байсан. Иймэрхүү урлагийн тоглолт үзэж байсан. Олон жилийн дараа Морин хуурын чуулгын энэ сайхан тоглолтыг үзэж сэтгэл их хөдөллөө. Би багш хүн. Сэлэнгэ аймагт аялаж сургуулиар орж хүүхэд багачуудтай уулзаж явлаа. Нутагтаа буцаж ирснийхээ дараа тэдэндээ сургуулийн самбар, дэвтэр ном, хичээлийн хэрэгслүүд илгээж байв. Концерт үзээд монголчуудтай уулзаж монголд аялсан сэтгэгдлээ өнөөдөр сэргээж явна аа... гэж ярив.

Д.Цэдэн-Иш. Осака, Изүмисано хот

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?