Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

"БУСДЫН ТАВАРЦАГЛАСАНД БҮДЭРВЭЛ УХААНЫ МЭЛМИЙ ХАРАЛГАНЫХ"

2016-07-01  

 УИХ-д МАН-аас сонгогдогсдын замд дайх цөөн үг  

Ард түмнийхээ асар их итгэлийг хүлээсэнд тань баяр хүргэе. Та бүхэн баярлахын зэрэгцээ итгэлтэй хамт их хариуцлага ирж байгааг мэдэж байгаа нь гарцаагүй.  Гэвч ард түмэн юуг хүсэн хүлээж байгааг, бас бусдын алдаанаас юуг суралцах талаар ганц нэг зүйлийг “илүү үглэмээр” санагдлаа.

Ардчилсан нам хамаг эрх мэдлийг гартаа атгаж, сонгуульд ялахын тулд сайн муу, сайхан муухай алив бүхнийг хийсэн атлаа ялагдлаа. Яагаад? Та бүхэн өөрсдийн ухуулга сурталчилгаа сайн байсан, шилдэг хүмүүсийг дэвшүүлсэн гэх мэтээр ялалтын учгийг зөвхөн өөрсөддөө наахгүй байгаа байлгүй дээ. Ялагдлын гол шалтгаан нь эрх мэдэлдээ эрдсэн тэдний дэндүү увайгүй, ухаангүй үйлдлүүд байх. Тэдний ухааны дутал түрүүчийн их хурал байгуулагдсан анхны өдрөөс л бараг ажиглагдсан. Сөрөг намынхаа бүлгийг байгуулахгүй удаах, байнгын хороонуудад танай намынхныг оруулахгүй хавчих гэх мэт эрх мэдэлдээ дулдуйдсан увайгүй хандлагууд нь ард олонд таагүй сэтгэгдэл төрүүлж байсан. Цадиггүй авирлал бусдын дургүйцлийг ямагт өдөөдөг. Та бүхэн энэ мэт ухаан дутсан үйлдүүд эрхбиш гаргахгүй байх. Өшөө хорслын үнэр ч гаргахгүй, сөрөг хүчиндээ хамгийн хүндэтгэлтэй хандаж, тэднийхээ үгийг анхааралтай сонсож ажиллах байх гэж найдаж байна. Бусдын алдаанаас суралцах нь амжилтын нэг үндэс болдгийг та бүхэн юу эс андахав. Хэрэв та бүхэн АН-ынхны жишгээр тэдэнтэй тооцоо бодож ажиллавал дараачийн сонгуульд бас тэд нарынх шиг тавилан тохиож мэднэ шүү.

Намуудын сөргөлдөөн бүүр улайсч, улс төрчид нэг нэгнээ дайрч давшлах, гүтгэж гүжирдэх, ёс зүйгүй авир гаргах нь цадигаа алдсан. Энэ бүхэн нь нийгэмд ямар их хор уршигтайг та бүхэн мань мэтээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа.  Одоо Их хурын нэг гишүүн ч юм уу, нэг сайд явж байна гэхэд тэднийг хүндэтгэхээсээ илүү “Өө нэг луйварчин явж байна” гэх болтлоо төр, засгийнхны нэр хүнд унасан. Ингэснээр төрийн үнэ хүнд ч унаж, ард олны төрдөө итгэх итгэл ч суларсан. Энэ нь дээрх цадиггүй ааш авирын урхаг. Одоо нийгэмд эв нэгдэл, эвлэрэл юу юунаас чухал байна. Нэгнээ шүүмжилж, өөчилж, үг хэлэхээр өөдөөс нь шөргөөлцөлдсөнөөр эвтэй найртай байхгүй. Эв нэгдлийн гол түлхүүр нь нэгнээ хүндэтгэх, хүлээцтэй хандах. Сайн муу хэнийг ч бай өөрөө түүнийг хүндэлж байж л өөртөө хүндлэл авчирдаг нь зөрөхийн аргагүй зүй тогтол. Нийгэмд үүссэн “улайсал”-ыг хөргөх, эв нэгдэл тогтоох талаар дорвитой алхам хийнэ байх гэж та нарт итгэж байна.

Мэдээжийн нэг зүйл - төрийн байгууллагуудад ажиллагсдын халаа сэлгээ. Нилээд хүн халагдана. Энэ гарцаа байхгүй. Учир нь АН-ын эрх барьж байхдаа ажлаа мэддэг, мэргэшсэн, төрийн албанд үнэчээр зүтгэж байсан олон хүнийг халж, өөрийн талынхныгаа мэдлэг, мэргэжил, чадвар харгалзахгүй тавьсан. Тэднийг сольж таарна. Тэгэхдээ АН-ынхны алдааг адилхан битгий давтаарай гэж хүсмээр байна. Өөрийн талынхнаа өөд нь татах өнцгөөс хандвал үнэхээр алдаа болно шүү. АН-ынхан дотор ажилдаа эзний сэтгэлээр хандах олон хүн байгаа. Үнэхээр чадвартай, өөр намын сайн мэргэжилтнүүдийг бүүр урьж ажиллуулахад ч болохгүй юун. Шинээр томилогдсон сайд, төрийн нарийн бичгийн дарга нар үүлэн чөлөөгөөр туссан нарыг ашиглаад яамныхаа ажилтнуудыг бужигнуулж гардаг шүү. Бусдын таварцагласан бутанд бас бүдэрвэл хараа муутайн л шинж. Элдвээр тус болсон, эргэж ачийг нь санах учиртай хүмүүс зөндөө л байгаа байлгүй. Эхний ээлжинд тэднийгээ бодвол алдааны хаалгыг айхтар том нээх нь тэр шүү.

Ард түмэн “Бидний сонголт,  итгэл үнэхээр  зөв болж шүү” гэж бахархан таашаамаар, гарцаагүй л төрийн жолоон дээр сууж байхад болохоор, тулхтай, ноён нуруутай, ёс зүйтэй,  ухааны цар хүрээ уужим хүмүүс гэдгээ харуулж чадна гэдэгт та бүхэнд бат итгэж байна.

 

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны иргэн, профессор Намхайн Банди

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?