Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Цуврал хоёр : "ДЭЛХИЙН САНХҮҮГИЙН ТӨВ БА МОНГОЛ УЛС"

2016-07-28  

/ Санхүү бол эдийн засгийн сүнс нь юм. Зохиогчоос /

Энэхүү нийтлэлийг тэрлэгч эдийн засагч, нийтлэлч Я.Батцэцэг нь өмнөх бүлэгт Монголын эдийн засаг болон үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өр зээл, банк санхүүгийн өнөөгийн бодит байдал энэ хүндрэлээс гарах гарц нь Монгол улсыг дэлхийн (олон улсын) санхүүгийн төв болгох талаар дурьдсан билээ.

Хоёр дахь цувралдаа "Монгол улс ба дэлхийн санхүүгийн төв" гэсэн сэдвээр бичсэн байна. Нийтлэлийг толилуулахын өмнө, Я.Батцэцэгийн тухай товч танилцуулах нь зүйтэй гэж бодлоо.

Эдийн засагч. Хуучнаар ЗСБНХУ-ын Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Орос, англи хэлтэй. Тухайн үедээ Хөнгөн Үйлдвэрийн Яамны харьяа Ноосны Үйлдвэрийн нэгдэлд эдийн засагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Тус нэгдлийхээ албаны даргаар ажиллаж байгаад Атимос ХХК-ийг үүсгэн байгуулсан. Түүний барьсан олон барилга байшин нийслэл Улаанбаатар хот болон бусад аймагт сүндэрлэсэн. 1990 оноос хойш бизнесийн салбарт хүчээ сорьж буй бүтээлч эмэгтэй. Монголын Бизнесийн Үндэсний Академийн үүсгэн байгуулагчийн нэг, гүйцэтгэх захирал, мөн "Үндэсний Эв Эе эмэгтэйчүүдийн байгууллаг"-ын тэргүүнээр ажилладаг, нийгмийн зүтгэлтэн. Тэрбээр параолимпийн тамирчдыг дэмжиж, параолимпийн хонхон бөмбөгийн холбоог тэргүүлдэг байна. Намын харьяалалгүй байхыг хичээдэг Я.Батцэцэгийн нийтлэлийг хүргэе. CONTROL.MN

Хамгийн түрүүнд Санхүүгийн төв гэж юу вэ, түүний хэлбэр чиглэлийн талаар ойлголт өгөх нь зүйтэй болов уу.Санхүүгийн төв нь бүтэц, гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны чиглэлээс хамааран улс орнуудад дараах хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

Нэг : Орон нутгийн шинжтэй санхүүгийн төв

Хоёр : Үндэстний хэмжээний санхүүгийн төв

Гурав : Бүс нутгийн санхүүгийн төв

Дөрөв : Олон улсын /дэлхийн хэмжээний/ санхүүгийн төв.

Харин бид дэлхийн санхүүгийн төв байгуулна гэж томоохон зорилт тавьж ирээдүйд чиглэсэн бодлого барин, өргөн цар хүрээ хамарсан санхүүгийн механизм бий болгох, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гаргах, судалдаа шинжилгээнд тулгуурласан эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр эхнээс нь анхааран ажиллавал амжилтанд хүрэх өндөр магадлалтай юм.

Санхүүгийн төв гэдэг нь : Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон банкууд, Хөрөнгийн биржүүд, Хөрөнгө оруулалтын сангууд, Бизнесийн байгууллагууд, Дотоод гадаадын худалдааны томоохон төвүүд бүхий санхүүгийн бүхэл бүтэн институци бүхий тусгайлан төлөвлөсөн дэлхийн хэмжээний цар хүрээтэй ХОТ байдаг. Санхүүгийн төвийн сүүлийн үеийн том жишээ бол ДУБАЙ хот юм. Дубайн санхүүгийн төв дэлхийн өндөр хөгжилтэй хот хэлбэрээр боссон бол Монгол улс Ази Европ тивийг холбон оршиж буй газар зүйн ашигтай байршил хөрш орнуудын харилцаа холбоо түшиглэн босгох боломжтой. Бидэнд цаг хугацаа алдалгүй олон улсын /дэлхийн/ санхүүгийн төв байгуулах бэлтгэл ажлаа дараах байдлаар төлөвлөх шаардлагатай байна.

Үүнд  :

а/ Улс төрийн зөв алсын хараатай төвийг сахисан бодлого, тогтвортой байдал,

б/ Санхүүгийн төвд зориулагдсан хууль эрх зүй, / шүүх арбиторын байгууллага бүхий /орчинг Монголын нөхцөлд тохируулан боловсруулан батлах,

в/ Мэдээлэл холбооны дэлхийн хэмжээний сүлжээг бий болгох,

г/ Санхүүгийн суурь бүтцээ шинэчилж, өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй санхүүгийн байгуулагуудаа зохих түвшинд хөгжүүлэх,

д/ Дэлхийн жишигт хүрсэн Олон улсын банкууд. Хөрөнгийн биржүүдийг Монголд байршуулж үйл ажиллагааг нь эхлүүлэх,

е/ Хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бий болгох,

ё/ Санхүүгийн төвийн мэрэгшсэн боловсон хүчинг дэлхийн алдартай сургуулиудад улсын зардлаар тусгайлан бэлдэх олон улсын санхүүгийн төвүүдэд мэргэжил дээшлүүлэх туршлага судлуулах зэрэг болно. Эдгээр том зорилтыг зориглон зохистой төлөвлөлт хийн бусад орнуудын Олон улсын санхүүгийн төвүүдийн алдаа оноог судлан зөв бодлогоор удирдан, дэс дараалалтай хэрэгжүүлвэл газар нутаг, ашигт малтмалаа цөлмөж, өр зээлэнд баригдаж эдийн засгаа унагаж буй өнөөдрийн хүнд нөхцөл байдлаас гарах хамгийн бодит гарц юм.

Санхүү бол эдийн засгийн сүнс, мөнгө бол санхүү эдийн засгийн зүрх гэдэг ОНОЛ бий. Дэлхийн (олон улсын) хэмжээний санхүүгийн төвийг байгуулснаар Монгол улс дэлхий дээр байгаа мөнгөний урсгалыг улс орондоо төвлөрүүлж эдийн засгаа хөгжүүлж, мөнгөгүйн болон өр зээлийн зовлонгоос салах боломжтой, ач холбогдол нь үүнд оршино.

Мэдээж бидэнд ийм хэмжээний том цогцолборыг босгох хуримтлал өнөөдөр байхгүй ч хичээн зүтгэвэл боломж дүүрэн байгаа гэдэгт итгэнэ. Дэлхий дээр мөнгөө ашигтай төсөлд оруулах хүсэлтэй олон олон байгууллага, сангууд, хувь хүмүүс байна. Ганцхан эхнээс нь зөв төлөвлөж улс төрийн аль ч хүчин төрийн эрхийг барьж буйгаас үл шалтгаалан энэ том төслийг удирдан авч явах баг, удирдагч, хамтын хөдөлмөр, зорилго л хэрэгтэй байна. Өнөөдөр ийм боловсролтой залуучууд, Монгол орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс тэдгээрийг дэмжих ундэстний компаниуд бий болжээ. Төрийн зүгээс хүчтэй дэмжлэг, алсын хараатай төвийг сахисан бодлого, засаг төрийн тогтвортой байдал, Хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл байхад л хангалттай.

Улс төрийг-эдийн засгаас тусад нь байлгах гэсэн хандлагууд байдаг боловч энэ нь хөгжилд хүрсэн орнуудын туршлагаас харахад БОЛОМГҮЙ ОНОЛ гэдэг нь харагдаж байна. Улс орнуудын хөгжлийн явцаас үзэхэд, Төрийн бодлого нь эдийн засгаа дэмжин хөгжүүлдэг, эргээд хөгжингүй эдийн засаг нь бат бөх тогтвортой төр засаг оршин тогтнох суурь тулгуур болдог нь тодорхой байна.

Эдийн засаггүй УЛС ТӨР гэж үгүй, улс төргүй ЭДИЙН ЗАСАГ гэж үгүй болой. Үүнээс үндэслэн дараах дүгнэлтийг хийе. Улс орны тусгаар тогтнол бол үндэстний амин чухал асуудал, харин эдийн засгийн тусгаар тогтнол бол улс орны оршин тогтнох үндэс нь байх нь дамжиггүй.

Өнөөдөр Монголын эдийн засгийн нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт хийж, гадаад дотоодын өр зээл, улсын санхүүгийн нөөц боломжийн талаар ард түмэндээ үнэн зөв мэдээлэл өгөх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна. Энэ нь аль нэг намын эрх ашиг, улс төрийн шоу зэргээс хамааралгүй бодит байдлын дүгнэлт байх ёстой. Нэгэнт мэргэжлийн гэх Засгийн газар байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байгаа энэ үед дээрхи дүгнэлтийг үндэслэн ойрын 4 жилийн хөгжлийн асуудлаа хэлэлцэх, төлөвлөх эдийн засгаа өөд нь татах, хөгжлийн чиг хандлагаа оновчтой болгон, өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан улс төрийн чанартай эдийн засагт муугаар нөлөөлөх боломжгүй амлалтаасаа татгалзах, ард түмэндээ үнэнийг өчих, хөгжил цэцэглэлт, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдах байсан олон тэрбум төгрөгийг улс төрийн зорилгоор ард олонд тараасан гашуун бөгөөд мартаж боломгүй үйлдлээ ахин гаргахгүй байхыг нийгэм шаардаж байна. Нийгмийг зөв тийш нь залаасай, алдаагаа засаарай хэмээн, Монголын ард түмэн Монгол Ардын Намд Их хурлын 65 гишүүний суудлыг өгсөн нь ойлгомжтой.

Ардчилсан нам дэлхийн эдийн засгийн хямралын хүнд жилүүдэд 4 жил засаглахдаа хэдийгээр өр зээл тавьсан боловч урьд өмнө үзэгдээгүй ихээхэн бүтээн байгуулалтыг хийж амжуулсныг бас дурьдахгүй орхиж болохгүй. МАН-ын засаглалын 4 жилийг бид хөгжил дэвшил их ирээдүйн эхлэл гэж хүлээж байна.

 

Я.БАТЦЭЦЭГ. Дараагийн цувралд : "Дэлхийн санхүүгийн төв бидний ирээдүй буюу ойрын 5 жилд эдийн засгаа хөгжүүлэх ньсэдвээр бичих болно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Энд чухал сэдэв хөндсөн байна. Ийм гэгээлэг, алсын хараатай нийтлэлүүдийг бусад сайтууд тавиасай. Манай цаг үеийн ухаант буурлууд өөрийн түүхэн цаг үедээ улс орноо "Щвейцар лугаа адил" хөгжүүлэх тухай асуудлыг үндсэн хуулийн хэмжээнд тавиад золиосонд нь "хөрөнгөтний үзэл баримтлалыг сурталчиллаа" хэмээгдэн амь насаа дэнчинд тавьж байсан нь нэг улсаас хараат бус, жинхэнэ тусгаар тогтнолыг "мөрөөдөж" байсан ч тэднийг хайр найргүй золиосолсон гашуун түү саяханых. Гэтэл бидэнд өнөөдөр хөгжлийн зөв замаа өөрсдөө сонгох, сонгосон замаараа эрчтэй, эргэлт буцалтгүй урагшлах түүхэн боломж тохиож байна. Монголын ирээдүй зөвхөн бидний гарт байна. Монгол-дэлхийн санхүүгийн төв байх бүрэн боломжтой. 2016-07-28
Зочин:Бид хөгжлийн замаа өөрсдөө сонгох нь маш чухал. Ийм чухал нийтлэл тавьсан уншигчдийнхаа өмнөөс баярлалаа. Үргэлжлэлийг хүлээж байна. 2016-07-28
Баяр:Түрүүчийн нийтлэлийг нь уншсан энэ хүний дараагийн нийтлэлийг хүлээдэг болло Улс төрийн элдэв амлалт нэг ёсны засгийн төлөөх 2 намын тэцэлдээн монгол улсыг ийм байдалд хүргэж байгааг хүн бүр мэднэ энэ нийтлэлийг засаг барьж байгаа нөхдүүд байгалийн бая****а ухаж баяжиж байгаа хүмүүсд хүргэх хэрэгтэй байна 2016-07-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?