ИРГЭДЭД "АЗ ЖАРГАЛТАЙ ХОТ" ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

2016-08-11  

“Нийслэлийн нийгэм,эдийн засгийн зорилт” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр буюу энэ сарын 10-нд Нийслэлийн иргэний танхимд боллоо.

Эл хэлэцүүлэгт НИТХ-ын дарга Ц.Сандуй, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Хатанбаатар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр болон иргэд оролцсон юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй, “Аз жаргалтай хот”-ыг бий болгохын тулд ирэх дөрвөн жилд нийслэлд ямар ажил хийх хэрэгтэй байна вэ. Өмнөх эрх баригчдын хэрэгжүүлж байсан ажлуудаас алийг нь зогсоож, ямар ажлыг нь үргэлжлүүлэх вэ гэдгийг та бүхнээс асууж, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийн зорилтод иргэдийнхээ саналыг тусгахаар ажиллаж байгаа юм. Нийслэлийн иргэд Та бүхэн бидний олж хараагүй олон чухал саналыг ирүүлж байна. Бид үүнийг нэгтгэж, тухайн иргэнд тулгамдаж байгаа асуудлуудыг нэг бүрчлэн гаргана. Тиймээс иргэдийгээ энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг НИТХ-ын төлөөлөгч, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Х.Хатанбаатар танилцууллаа. Тус хөтөлбөрийг Амьжиргааны түвшинг дээшлүүлж, хамгаалах, Эрх зүйн орчин бүрдүүлэлт, Санхүү, бизнес, хөрөнгө оруулалт, хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил, Байршил суурьшлын зохицуулалт, Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн таван чиглэлд хуваан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрийн хүрээнд 45 цэцэрлэг, сургууль, 3 эмнэлэг, 4 спорт цогцолбор, 2 усан бассейн, 5 соёлын ордон байгуулж, агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2020”  төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлэх аж. Мөн Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн эрүүл мэнд, соёл амралтын тохилог орчин бүрдүүлж, элэгний өвчлөл, хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохицуулах юм. Түүнчлэн "Нэг өрх-нэг орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй мянган айлын орон сууцыг дэс дараатай шинэчлэх зэрэг ажлыг гүйцэтгэхээр ажлын төлөвлөгөөнд тусгасанаа танилцуулав.

Улаанбаатар хотын хөгжлийн төлөө иргэдийн дуу хоолойг сонсож байгаад иргэд талархал илэрхийлж, саналаа хэллээ. Тухайлбал, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аз жаргалтай иргэдийг хэрхэн бий болгох, иргэдийн соёл, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх, эрүүл мэндийн салбарыг шинэчлэх, хүүхдүүдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, агаар, хөрсний бохирдол, хог хаягдлыг багасгах, хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах, газар өмчлөлийг хүртээмжтэй болгох, хорооллын дундах зам, талбайг засах, орон сууцны дулаалгыг нэмэгдүүлэх саналуудыг хэлсэн юм.

 

 

МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?