Хэн их рекламдуулж байна, түүнд асуудал байна. Монгол парадокс буюу ийм нэгэн гаж тогтолцоо Монголд бий болжээ. Нуух хаах зүйл үүсэхээрээ түүнийгээ хаахын тулд нүүр нүдгүй рекламаар "шуурдаг" жишиг тогтсоныг ажиглагчид анзаарчээ. Сүүлийн үед реклам сурталчилгаанд хамгийн их мөнгийг Эрдэнэт УБҮ цацаж байгаа нь хэний ч нүдний өмнө ил болов. Ард иргэдээсээ нуух далдлах зүйл Эрдэнэт УБҮ-т үүссэн байх магадлалтай гэх харыг энэ их сурталчилгаа дагуулж эхэллээ.
Тэр нь юу байж болох вэ?
Агуулахаар нь дүүрэн овоолоостой байдаг шахааны бизнес л лав биш болж таарлаа. Энэ бол түүнийг хол давсан асуудал гэж хэлэх нэгэн ч таарна. Бараа товар, мөнгөхөн гэдэг бол хуучирсан пянз. Энэ бол огт өөр зүйл. Тэр нь Эрдэнэтийг алгуурхан "залгих" эртнээс сайтар бэлдсэн нүүдэл гэж шударга иргэд хардаж, CONTROL.MN-д хандаж байна. Энэ алхмыг хэн гэдэг аавын зоригтой хүү хийж чадах вэ? Үнэндээ, Монголын жижиг байтугай том компани ч үүнийг дангаараа зориглон хийж чадахгүй. Тийм зүрх, зоригтой аавын хүү байхгүй гэнэ. Засаг ч дангаараа хүчрэхгүй. Яагаад гэвэл, Эрдэнэт УБҮ хэзээнээсээ Монгол улсын үе үеийн ерөнхийлөгчийн хараа хяналтад байж ирсэн. Багабанди - Отгонбилэг- Баяр гэсэн гурвал байсныг монголчууд мэднэ. Да.Ганболдыг ерөнхий сайдаар томилохоос Н.Багабанди яагаад 7 удаа татгалзсан түүх хуучраагүй байна. Гол нь ГОК-ын даргаар хэнийг томилох дээр санал нийлэхгүй байсан. Тиймээс ч ГОК-ын даргын суудал Монгол улсын ерөнхий сайдын суудлаас ч үнэтэй байсан цаг бий. Ерөнхий сайдад нэр дэвшигчээс ерөнхийлөгчийн ганцаарчилсан уулзалтын үеэр асуудаг хамгийн гол асуулт нь :
- Таныг дэмжвэл, та ГОК-ын даргаар хэнийг томилох вэ? гэдэг асуулт байлаа.
Тэгэж тохирч чадаагүйгээс болоод Да.Ганболд ерөнхий сайд болж чадаагүй түүхтэй. Дараа нь Н.Энхбаяр ба түүний хүрээллийнхэн бас Эрдэнэттэй бизнесээр холбогдсон тухай бичиж ярьдаг. Хяналтандаа Эрдэнэт УБҮ-ийг байлгаж байсан гэдэг. Одоогийн Ц.Элбэгдорж ерөнхийлөгч ч энэ жишгээс гажаагүй. Н.Багабанди ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа С.Баяр ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс ГОК-ийн асуудлаар Казахстаныг зорьж байсныг Монголын сэтгүүлчид тухайн үедээ дэлгэж байсан. Одоогийн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагааныг ч Эрдмэн үйлдвэртэй зэрэгцээд зэс боловсруулах Ачит ихт компанийг хувьдаа байгуулсныг нутгийн иргэд мэдээлдэг. Тэгэхээр Эрдэнэт УБҮ-ийг хэн хяналтандаа байлгадаг вэ? гэдгийг тааж цөхөх зүйл байхгүй. Монголын эрх мэдэлтэй, эвэр туурайтангууд л ГОК-ыг мэдэлдээ байлгаж ирсэн. Ерөнхийлөгчийн хараа хяналтад байдаг Эрдэнэт УБҮ-ийн 49 хувийг нэг л нартай өдөрт Худалдаа Хөгжлийн Банкны Эрдэнэбилэг гэгч дангаараа авч хэзээ ч зүрхлэхгүй. Түүний ард улс төр, бизнесийн маш бат бөх хана хэрэм байна гэдгийг уншиж болно. Оросын талын эзэмшиж байсан Эрдэнэт УБҮ-ийн 49 хувийг Монголын хувийн компани авсан гэх мэдээлэл сонгуулийн санал хураах өдөр анх хэвлэлээр цацагдсан. Үүнийг шалгана, улсын мэдэлд буцаан авна гэж сүр дуулиантай мэдэгдэж байж, сонгуульд ялалт байгуулсан МАН хярсан туулай шиг бутны араар ороод нам гүм боллоо. Бүтэн 2 сар өнгөрлөө, сонгуулиас хойш. 10 гаруй хоногийн өмнө Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан ч таг чиг. Бас л сураг алдрав. Харин түүний оронд, улс орон дампуурч байна гэх зүйлийг дэс дараатай ярьж, анхаарлыг өөр тийш хандуулахыг зорьж байна. Харин Оросын эзэмшлийн 49 хувийг Монголын тал, тэр дундаа Монголын хувийн компани хувьдаа авах асуудал оны эхээр шийдэгдсэн байх магадлалтай гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна. Магадлалтай юу гэвэл, магадлалтай. Яагаад гэвэл Эрдэнэт УБҮ тавдугаар сараас хэвлэлийн сурталчилгаагаа онцгой идэвхжүүлсэн. Жил бүрийн 5-р сарын 03-нд тэмдэглэдэг Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн арга хэмжээг санаачилгаараа санхүүжүүлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагын дунд "Сайн мэдээ" аяныг ч ГОК зарласан. Сайн мэдээнийхээ уралдааны дүнг оны төгсгөлд дүгнэнэ, шагналын санг дангаараа бүрдүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Сайн мэдээ хийхийг уриалсан. Тухайн үедээ, зөв санаачилга юм гэж хэвлэлийнхэн дэмжсэн. Ингэж л хэвлэлийнхнийг урхидсан байна. Дээр нь Монголын өдөр тутмын сонин, телевизүүдээс гадна, том жижиг гэж ялгалгүй бүх мэдээллийн сайттай их бага мөнгөний дүнгээр хамтын ажиллагааны гэрээ байгуулж барьцаа улам чангаруулсан байжээ, эргэн санахад. Хамгийн сүүлд Рио-2016 олимпод спонсороор оролцов. Ашигтай ажилласан учраас спонсордож байна гэж хоногштол, мэдээлэл цацлаа. Тийм байж болох. Нэг их чухал биш ч гэсэн хэдэн сая төгрөгөөр спонсордсон гэдгийг ил болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, 49%-ийн асуудал яагаад чимээгүй болов? гэдгийг сөхөх цаг болсон. Сонгууль, наадам, олимп аль аль нь өндөрлөлөө. Амласнаа санаж, ажилдаа орцгооё. Тэгэж байтал гэрээг өөрчлөх боломжгүй гээд нэг үг өгүүлбэр, гэрээний заалт гаргаад ирэх вий. Завшигчид цаг хожсон байх бий. Тэд маш нарийн тооцдог. Завшигчид, голдуу л, цагаан сар, наадам,шинэ жилээр л ийм зүйл хийцгээдэг. Оюутолгойг мөн л сонгуулийн дараахан, наадмын өмнө шийдсэн. ГОК-д ч мөн адил давтагдлаа, цаг хугацаа нь. Олимпийн медалиас ч үнэтэй Монголын эрх ашиг, Монголчуудын хүсэл сонирхол гэж бий шүү гэдгийг санацгаая. Энэ шалгалтыг хэр шударга хийхийг харцгаая.
Хяналтыг хамтдаа тавьцгаая.
Ц.ЭНХБАТ