МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ : ЗАЛУУ ЗУРААЧ Б.БАЯРЦЭНГЭЛ

2016-08-31  

 

“Б.Баярцэнгэл бол хэтэрхий дэврүүн, зоригтой, өөрийнхөөрөө учраас бүтээлүүд нь хоорондоо тэс өөр, тухайн мөчийн энерцийг илүү хадгалсан байдаг. Тэр хэзээ ч аливааг мэдэхийн тулд санааширч, учраа олж ядан суухгүй, шууд л гүн рүү нь үсрэн орох хүн” гэж урлаг судлаач Б.Цэцэгбадам бичжээ. 
“Караван” урлангийн үүдээр ороход л хаалганы ард эндэх ертөнц үлдэж, өөр ертөнцөд шилжин орж байгаа мэт. Бүхэлдээ будагны үнэр ханхалсан зураачийн урлан.
 Ингээд залуу зураачийн урлантай танилцана уу.

                                             -------------   ЗАЛУУ ЗУРААЧИЙН УРЛАН   ------------

Урландаа хагас жил амьдарч байна. Анх орж ирээд “wow” гээд л дуу алдаж байсан. Өндөр таазтай, гоё гэрэлтүүлэгтэй, хуучны шалтай. Бүгд миний хүссэн шиг. Тэгээд л дээшээ харсан чинь хоёр давхар байсан. “Тэр хоёр давхар нь минийх биш биз дээ?” гэсэн чинь  “чинийх байлгүй яадаг юм бэ” гэж билээ. Үнэхээр гайхалтай байсан.  

Залуу зураач гэдэг утгаараа одоохондоо чиглэлээ олоогүй байна. Миний зургуудад маш их хайлтууд бий. Магадгүй 10 жилийн дараа асуувал би тийм стилээр зурдаг гээд шууд хэлэх байх. Одоогоор бол сорилтууд, судалгаанууд явж байна. 

Зураг зурах тэр юм багаас л байдаг байсан. Ангийнхаа хүүхэдтэй муудалцахаар уурлаад л зураг зураад суучихдаг байсан. Юугаа ч зурдаг байсан юм. /инээв/ Намайг тайвшруулж чаддаг. Миний хүсч мөрөөдөөд байгаа юм зураг дотор байсан юм болов уу гэж эргээд боддог л доо. 10 жилд байхдаа л бусад хичээлд анхаарлаа хандуулахаа болчихсон. Зураач болно гээд бүр шийдчихсэн байсан.

Бүх юмаа тэмдэглэнэ. Өнөөдөр тийм юм авна, тийшээ явна, тэрэнтээ уулзана гээд бүгдийг. Бүр тэрийг уурлуулчихлаа, тэрэнтэй сайдлаа гэж бичнэ шүү дээ. Хүн харахад ажилгүй зураач дэвтэр дотроо зөндөө юмтай зураач. /инээв/ Оюутан байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан. Миний нэг романчиг дэвтэр бий. Тэр дэвтэртээ зориулж шүлэг бичдэг байлаа. Мөн ч их ач холбогдол өгдөг байж. /инээв/ Хадгалж байгаад эмээ болсон хойноо уншиж инээнэ дээ.

 

 

 

 

 Энэ тээгийг Солонгоо найз маань хийж, бэлэглэсэн.

Муу муухай зүйл, хэл амнаас хамгаалдаг. Нэг үгээр хэлбэл хамгаалалт юм уу даа.

Заавал хүүхэдтэй айл гэлтгүй монгол айл бүрт байвал зүгээр гэж боддог.

 

 

 

 

 

Урландаа найзуудыгаа авчрах дуртай. Яг уран бүтээлээ туурвихдаа хаалгаа янгинатал цоожлоод хийнэ. Бусад үед найзуудтайгаа хөгжим сонсоно. Шатар тоглоно. Урландаа тухлах дуртай.

Монгол, Хятад, Орос гурван улсын зураачдын “Гурван өнгө” нэртэй чуулга уулзалт Өвөрмонголын Рашаан хотод 9-р сарын 9-19-ны хооронд болно. Монголоос явах зураачдын багт багтчихсан бэлгээ бэлдэж байгаа нь энэ. 

Урлантай хүн хэзээ ч гэртэй тогтдоггүй л байхгүй юу. Урлан руу явах ажилгүй байсан ч урлан дээрээ ирээд хэвтэж байдаг. Гэрт бол ерөнхийдөө миний сойз л бий. Урлангүй зураач аз жаргал, кайфийг хомс мэдрэх байх.

 

 

О.Дашбалбарын 17 настай байх үеийн зураг. Охин Д.Индра нь бэлэглэсэн.

Би “Хэлбэргүй сэтгэл” гээд  шүлгийн номоо дурсгасан. Бэлэг солилцсон гэх юмуу.

Ерөнхийдөө жоохон сэдэв хөндсөн зураг. Интернетэд хэт их автчихсан байгааг Далай ламаар төлөөлүүлж шоолж, шүүмжилж байгааг харуулсан. Компьютерийн дэлгэц хагарсан ч гэсэн нөгөө л фэйсбүүк, твиттер ээ маш ихээр хүсээд цаасан дээр зураад наачихсан байгаа юм.

Өөрийнх нь бүтээлийг таниад “Би энийг өмнө нь харж байсан” гэж хэлэх бол зураач хүний хамгийн том аз жаргал. Нэг үеэ бодвол хүмүүс хагас бүтэн сайнд зорьж үзэсгэлэн үздэг болсон байна. Ахуйн хэрэглээтэйгээ соёлын хэрэгцээгээ зэрэгцүүлдэг болсон нь үнэхээр гайхалтай.

 

 

 

Миний өвөө бүх насаараа тууварчин хийсэн Янжмаагийн Ухна гэж сайхан буураа бий.

Маш олон ямаатай. Ямаагаа эрхлүүлэх гэж хамгийн чанартай "бирзентэн" дээвэр авна.

Нөгөө ямаанууд нь гэр дээр гараад тонгочиж өгнө. Үргээхгүй , хэзээ монгол хүн малаа хөөж байсан юм л гэнэ.

Ямаагаа эрхлүүлэх гээд төрчихсөн хүн юм шиг байгаа юмаа. 

 

 

 

 

 

Манай өвөө чинь аягүй хөөрхөн царайтай. Харах бүртээ л зурмаар санагддаг. Нэлээдүй бүтээлд өвөөгөө зурсан. Цаашдаа том бүтээл болгож бүтээлийнхээ гол баатар болгоё гэсэн бодол бий.

Өвөөдөө энэ зургийг зурж өгсөн чинь бараан гээд голсон шүү. Уул нь хөгшин хүн бараан өнгөнд дуртай баймаар. Гэтэл тийм биш юм шиг байгаа юм. /инээв/

Энэ модон хайрцагнуудыг өвөө багажаа хийж байгаарай гээд өгсөн. Будаг, бийр, багс гээд бүх юмаа хийдэг.

 

 

Би тийм зориулалтын гоё палитр хэрэглэж чаддаггүй. Жижигдээд ... нэг л сонин давчдаад байдаг юм.

Надад бол том хавтгай юман дээр хамаг будгаа асгачхаад зурах гоё.

Эмэгтэй зураач гэхэд хайнга замбараагүй байж магадгүй.

Найзууд маань палитр их бэлэглэнэ ээ. Тэрийг нь хэрэглэхээсээ илүү сувинер маягаар ашигладаг.

 

 

 

 

 

 

Энэ толийг хөдөө гэрээсээ авчирсан. Хүмүүс зарах уу ? гэж их асуудаг.  Цаг хугацаагаа хадгалж үлдсэн юмыг байсан чигээр нь үлдээвэл маш нандин, үнэ цэнэтэй.

Цогцолмаа гуайтай энэ зураг гоо сайхныг магтан дуулсан бүтээл. Хенри мур гээд алдартай уран барималчийн “хэвтэж буй эмэгтэй” гэдэг бүтээл. Эмэгтэй хүний гоо сайхныг төгс илэрхийлсэн баримал. 

Би энэ барималд маш их автдаг. Энэ гайхалтай баримлын гоо сайхныг хэрхэн магтан дуулах уу гэж бодож байгаад монгол эмэгтэй гоо сайхантай авцалдуулахыг хичээсэн. 

 

 

 

 

Энэ бийрний савыг Нэргүйбаатар гээд зураач найз минь өрөө хийж бэлэглэсэн.

 

 

 

 

 

Сүүлийн үед зураачид Пост картууд гаргадаг болсон. Орж ирж байгаа хүмүүс таалагдсан зургаа худалдан авах боломжгүй байж болно ш дээ. Тийм хүмүүст зориулсан карт.

 

Миний ажлын өрөөнд уригдаж өрөөгөө танилцуулсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

 

 

Д.АМАРТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?