Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ӨРӨНД БАРИГДАХ, ӨТӨНД ИДЭГДЭХ ГЭЖ АМЬДАРДАГГҮЙ

2016-09-06  

Цаг өөр болжээ. Нэг бол өөр цаг иржээ. Тэтгэвэрт гарах дургүй байсан цаг саяхан. Идэвхгүй амьдралд шилжих нь, хүний тооноос хасагдах нь, өчүүхэн бага цалин авдаг болох нь гэж дургүйцдэг байсан. Тэгвэл одоо эсрэгээрээ болжээ. Түргэн л тэтгэвэртээ гаръя, хэдэн юмаа зулгаагаад, эндээс холдоё гэдэг болжээ, иргэд.

Тэгвэл, хүсвэл хясна гэдэг шиг тэтгэврийн насыг сунгах тухай яриа бодит үнэн болоход дөхжээ. Улсын сан хөмрөг нимгэрснээс гадна, хэн ч гар дүрэх ёсгүй нийгмийн даатгалын сангийн мөнгө нэг тийшээ урсан одсон тухай ярьж хэлж эхэллээ. Тэтгэвэрт нь гаргачихаар тэдэнд төрөөс олгох мөнгө сох дутсан гэх. Тиймээс эрэгтэйчүүдийг 65, эмэгтэйчүүдийг 60 хүртэл сунгаж ажиллуулах нь, алсдаа.

Дээр нь, ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийн мөнгийг 6 сар байсныг 3 сар болгож бууруулах саналыг боловсруулснаа танилцуулж эхлэв. Төрийн албан хаагчийг тэтгэвэрт гаргахад нь олгодог байсан 36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгож бууруулах чиглэл рүү орлоо. Ийнхүү хөдөлмөрлөсөн иргэдээ эргэж тэтгэдэг, халамжилдаг байсан тогтолцоо, иргэдээ "цөмөх, цөлмөх" хэлбэрт шилжлээ гэж иргэд дургүйцлээ илэрхийлж эхлэв.

Дээр нь, гэнэт ажлаас халагдсаны З сарын тэтгэмжийг ч олгохгүй байх шийдвэрийг Шийдлийн засгийн газрын үед хэдийнээ гаргасан байна. Та 12 сараас дээш хугацаагаар нэг байгууллагад тогтвортой ажилласан тохиолдолд З сарын ажилгүйдлийн тэтгэвэр авах бөгөөд, 11 сар ажилласан бол нэг ч төгрөгийн тэтгэмж танд оногдохгүй. Ийм л шийдвэрийг төр засаг хэдийнээ гаргасан байжээ. Одоо харин тэтгэвэрт гаргахгүй гэдэг зарчмыг баримталж эхэллээ. Тэгэхдээ ажлын байраар хангахгүй. Ажлын байр нь олдох ч үгүй. Ийм л өөр хоорондоо авцалдаа уялдаагүй сонин шийдлийг гаргах гэж байдаг.

Иргэд өөрсдөө ажлын байр бий болгохоор, түүнийг нь бодлогоор дэмжихгүй. Тэгээд иргэд хаачих вэ? Эх орноосоо дайжиж зугтаалтай биш. Зээл авах, зээлээр амьдрах хэлбэрийг сонгохоос өөр гарц олдохгүй байна гэж иргэд гомдоллож байна. Байр сууцтай больё гэвэл орон сууцны зээл, унаа машинтай болох бол төрийн албан хаагчийн зээл, мал сүргээ өсгөе гэвэл малчны зээл, бизнес эрхлэе гэвэл жижиг дундын зээл, цагаан сараа хийе гэвэл тэтгэврийн зээл гээд, монголын нийгмийн дийлэнх нь өрийн сүлжээ торонд хэрэгджээ. Ажил, хөдөлмөр эрхлээд гар дээрээ авсан хэдэн бор төгрөгөө буцаагаад л банкинд тушааж буй өнөөгийн дүр төрхийг хэн, хэзээ, хэрхэн халах бол оо?! Банкийг баяжуулахын төлөө л нуруугаа бөхийтөл ажиллаж байна гэх явган яриа ч газар авчээ. Ийм л нөхцөл байдал үүссэн гэдгийг эрх мэдэлтнүүд ч харж л байгаа.

Тэгэхлээр ганцхан асуулт байна. Монголын ердийн иргэдийнхээ бөхийсөн нурууг хэн, хэзээ тэнийлгэж, бөхөж буй сэтгэлийнх нь галыг хэн бадраах бол оо? Мэргэжлийн засгийн газар үүний автор нь байж чадах уу? Элдэв зовлон тоочиж, тайлбар тавилгүйгээр, монголынхоо гуравхан сая ард иргэдээ өөд нь татчих, эрдэмтэй аавын хүү хэн байна вэ? гэж ард иргэд эрэлхийлж байна. Үнэндээ, эрдэнэт хүний биеийг олж төрчихээд, өрөнд баригдах, өтөнд идэгдэх энэ тогтолцоог халахыг хэн бүхэн хүсэж байна. Мэргэжлийн засгийн газраас үүнийг л хүлээж байна, Монголчууд. Мэргэжлийн гэдгээ харуулаач, цаг хугацаа биднийг хүлээхгүй.

 

 

 

Э.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?