Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ПУТИНЭЭС ЖИШЭЭ АВБАЛ ЯАСАН ЮМ БЭ, Ж.ЭРДЭНЭБАТ ЕРӨНХИЙ САЙД АА!

2016-09-08  

Хэдхэн жилийн Путин гэж хүнийг хэн ч мэддэггүй, таньдаггүй байсан. Тэр хүн ОХУ-ын ерөнхийлөгч болсноор түүний нэр цуу дэлхий дахинд түгсэн. Удирдагч хүн шийдвэр гаргадаг. Путины шийдвэр хэзээд Оросын ард түмний талархлыг хүлээж байсан нь, өрнөдийнхний сэтгэлд тэр бүр нийцээгүй. Түүнд дайсан олон ч, талархагч нь бүр их. Ельциний залгамжлагч болсон Путин маш хүнд эдийн засгийг хүлээж авсан. Түүнд, тэтгэврийнхний тэтгэмж, багш, эмч, сувилагч, цагдаа зэрэг төрийн албан хаагчдын цалин мөнгөө олгоход ч бэрхшээл тулгарсан үе бий гэдэг. Улс орон, ард иргэд нь ядуурч байхад, Оросын олигархууд хөрөнгө мөнгөөр туйлж байсан. Энэ үед, тэрхүү олигархи гэгч бүлгийн төлөөлөгчдийг ОХУ-ын ерөнхийлөгч урьж уулзсан. Уулзалт найрсаг, нялуун болоогүй тухай тэр үед мэдээлж байсан. Нялуун байх ч нөхцөлгүй байв.

Путин, - Улс орны эдийн засгийн байдал амаргүй байна. Та нөхөд бол улс орныг тэжээж байсан үйлдвэр, үйлчилгээний газруудыг бүгдийг нь хувьчилж хувьдаа авсан хүмүүс. Үр ашиг, шим шүүсийг нь та нар л хүртэж байна. Ямар үнээр хувьчилж авсныг бид мэднэ. Сайнаар яривал хувьчлал, муугаар яривал луйвар хийсэн. Ямар их хөрөнгийг ямархан мөнгөөр авсныг энд ярихгүй. Санаачилгаа гарга. Эх оронч бай. Улсын төсөвт... ийм хэмжээний мөнгө дутагдаж байна. Үүнийг бүрдүүл, санаачилгаараа. Эх бөгөөс, өөр яриа үүснэ гэж олигархуудад хандаж ойлгогдохоор хэлсэн гэдэг. Түүний дараахан, тэд төсвөө бүрдүүлсэн. Ходорковский нарын хүмүүс татгалзсан. Юу болсныг хожмын түүх харуулсан. Путины нэр хүнд тэр үеэс өссөн. Ард иргэдээ өмгөөлөн босох, улс орноо гэх сэтгэлтэй Володя хүү төрлөө гэж оросын хэвлэл ч өлгөж авч байсныг санаж байна. Өнөөдөр ч тэр Оросыг өмгөөлж АНУ, өрнөдийн ертөнцтэй тэмцэлдсээр. Олигархуудтай уулзсан уулзалтын протокол тэр үед ил гараагүй ч,ийм яриа өрнөснийг хэвлэлийнхэн түгээсэн.

Өнөөдөр Монголын ард иргэд ядуурч, улс туйлдаж байна. Задарсан олигархууд ч байна. Үйлдвэр, үйлчилгээний бүх газар, уул уурхайн орд, цэцэрлэг, сургууль гээд хувьчилж болох бүхнийг хувьчлал нэрийн дор цөөхөн хүмүүс хувьдаа авсан. Үр ашиг, шим шүүсийг нь мөн л энэ цөөхөн хүмүүс л хүртэж байгаа. УИХ-ын чуулганаар ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баялгийн тэгш бус хуваарилалтын тухай үг үсэг цухуйлгаж эхэллээ. Хэн ч өмнө хэлдэггүй байсан санааг тэр цухалзуулав. Тэднээс татвар ахиухан авах нь зөв гэдгээ ч илэрхийлээд амжлаа.

Түүний санааг CONTROL.MN дэмжиж байна. Ер нь ч, баялгийн тэгш бус хуваарилалтын тухай сөхөж ярих цаг иржээ. Төр төмөр нүүртэй гэж П.Очирбат ерөнхийлөгч нэг хэлээд авсан. Төр хүчтэй гэдгээ, төрийн бодлого хатуу гэдгээ харуулах цаг болсон юм биш үү? Ж.Эрдэнэбат аа!

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?