Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

"ӨНӨӨДӨР" СОНИН БОЛ МӨС ЗҮСЭГЧ ХҮЧИРХЭГ ХӨЛӨГ ОНГОЦ

2016-09-09  

Сонин бол эрхлэгчээс шууд хамааралтай. Каков редактор, такова газета гэж оросууд тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, "эрхлэгч нь хэн байна, тийм л сонин байна" гэдэг зүйрлэл бий. "Өнөөдөр" сонины тухай ярихад, түүний үүсгэн байгуулагч, ерөнхий эрхлэгч Ц.Балдоржийн тухай заавал дурсах ёстой. Тиймээс энэ хүний тухай ч хэдэн үг хэлхэе. Ц.Балдорж эрхлэгчийн үеийнхэн голдуу л "Үнэн" сониноор дамжсан байдаг. Энэ л замаар тэр явсан. "Үнэн" сонины школьтай нэгэн. "Үнэн" сонин бол тухайн үедээ, Монголын төр, засгийг нэгэн жарны турш удирдаж байсан МАХН-ын төв хэвлэл байсан гэдгийг сануулах шаардлагагүй байх. Энэ бол сэтгүүл зүйн өндөр индэр байсныг ахмад сэтгүүлчид дурддаг. Цаг үедээ, нийгмийн хамгийн хүчтэй, хамгийн нөлөөтэй үзэл суртлын зэвсэг бол "Үнэн" сонин байлаа. "Үнэн" сонинд гарсан нийтлэл нийгмийг доргиодог, тэр сонинд шүүмжлүүлсэн бол хувь хүний амьдрал нь "дуусдаг" байлаа гэж зүйрлэн жишиж болно. Хамгийн өндөр шалгуурыг давсан, шилдэг сэтгүүлчид "Үнэн" сонинд ажилладаг байв. Сэтгүүл зүйн ёс зүйг чанд мөрддөг байсан цаг үеийн бүтээгдэхүүн гэж нэрлэж болно. Сонинд хэвлэгдэх нийтлэл ч мөн өндөр хяналт шалгуурыг давдаг байсныг хэвлэлийнхэн мэднэ. Ийм хэвлэлд л "Өнөөдөр" сонины үүсгэн байгуулагч Ц.Балдорж хүмүүжсэн. Хатуу бөгөөд, мэргэжлийн ертөнц. Удирдах ажилд ч мэргэшсэн. Эндээс өвлөсөн мэдлэг, туршлага нь ирээдүйн түүний ажилд тусгалаа олсон байдаг тухай түүний хамтран зүтгэгч Д.Цэдэн-Иш дурсдаг. 1990 оны ардчилсан хөдөлгөөний дараагаар Монгол улс нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжсэн. Түүнтэй хамт "Үнэн" сонины байр суурь ганхсан. Төрийн биш, нэг намын дуу хоолой л болж хумигдсан. Шинэ нийгэм, хэвлэлийн шинэ баатрыг хайж эхэлсэн. Монголд олон намын тогтолцоотой төрийн шинэ институт- парламент бий болохтой хамт, хэвлэлийн шинэ тогтолцоог шаардсан. Ингэж Монгол улс анх удаа улс төрийн нэг намын хэвлэл " Үнэн" сониноос салж, төрийн хэвлэлтэй болсон. Түүнийгээ "Ардын Эрх" гэж нэрлэсэн. Энэ сонины эрхлэгчээр хэнийг томилох вэ? Хэн ажиллуулж чадах вэ? гэдэг асуудал үүссэн. Энэ шинэ үүрэгт нийцэх шалгуурыг давсан хүн бол Ц.Балдорж байлаа. "Ардын эрх" сонины ерөнхий эрхлэгчээр томилогдсон Ц.Балдоржийг дагаад "Үнэн" сонины чадварлаг сэтгүүлчид буурь сэлгэж, "Ардын Эрх" сониныг сонгосон. Тус сонин төрийн ордонд байрлаж, төрөөс санхүүжиж, "Үнэн" сонины эдэлж байсан эрх ямба, байр суурийг булаан эзэлсэн түүхтэй. /"Ардын эрх" сонин бол өнөөгийн "Өдрийн сонин"-ы суурь юм. Энэ тухай хожим бичнэ/ "Ардын эрх " гэж хүчирхэг, хамгийн нөлөө бүхий сониныг бий болгоход Ц.Балдоржийн баг 4 орчим жил зарцуулсан. 1996 оны УИХ-ын сонгуулийн дараачаар тус сонины хамт олон төрийн төв хэвлэлийн харьяалалаас татгалзсан зоригтой шийдвэрийг гаргасан. Төрийн ордноос гарч, санхүүжилтээ өөрсдөө хариуцаж бие даана гэдгээ илэрхийлсэн боловч 1996 оны сонгуулиар УИХ-ын 76 суудлын 50-ийг авсан Ардчилсан Холбоо эвсэл дэмжээгүй. Тэд "Ардын Эрх" сониныг төрийн мэдэлд хэвээр нь байлгах нь зүйтэй гэдэг шийдвэртээ хатуу зогсож, улмаар Ц.Балдоржийг халж, Ж.Мягмарсүрэнг эрхлэгчээр томилох улс төрийн шийдвэр гаргаж байсныг түүхийн хуудас гэрчилнэ. Энэ бол одоогоос яг 20 жилийн өмнөх түүх. Энэ улс төрийн хүчирхийлсэн шийдвэр нь "Өнөөдөр" сонины эхлэлийг тавьсан гэж судлаачид үздэг. Төдөлгүй "ӨНӨӨДӨР" сонины анхны дугаар хэвлэгдэж, Төрийн харьяаллын "Ардын эрх", Засгийн газрын мэдлийн "Засгийн газрын мэдээ" зэрэг сонинтой зэрэгцэн Монголд өдөр тутмын бие даасан анхны сонин бий болсон түүхтэй. Монгол дахь өдөр тутмын гуравдахь сонин бий болсон түүх энэ. Энэ бол их зориг, өөрсдийнхээ хүчинд найдсан их итгэл. Хэн хүн ингэж зүрхлэхгүй. Ц.Балдорж эрхлэгч хувь хүнийхээ зүгээс ингэж их зориг гаргаж, зүрхэлсэн бол, нөгөө талаас "Өнөөдөр" сонин бол нийгмийн захиалгаар үүссэн гэж болно. Нийгэмд чөлөөт хэвлэлийн хүлээлт байсан. Үүсгэн байгуулагч нь цаг үе, нийгмийн захиалгыг гайхалтай мэдэрсэн. Тиймээс тус сонин анхны дугаараасаа олон нийтийн дэмжлэг хүлээсэн, монголчуудын хамгийн унших, захиалах дуртай сонины нэг болсон. Энэ сонины онцлог бол хэдийнээсээ баланс буюу тэнцвэр юм. Тэнцвэртэй мэдээ, мэдээлэл. Үүнийг Ц.Балдорж эрхлэгч гайхалтай тэнцүүлдэг байлаа. Нийтлэлийн бодлогын зэрэгцээ , "Өнөөдөр" сонины амин сүнс нь түүний чадварлаг баг байсан. Хөдөлмөр сонины Ц.Ганболд (орлогч эрхлэгч асан, медиа группийн ерөнхий захирал) Э.Сонинтогос (Соёл урлагийн их сургуулийн захирал), "Үнэн" сонины Б.Ганболд (Үндэсний шуудан сонины үүсгэн байгуулагч), Б.Пүрэвдаш (зохиолч, редактор) Ө.Энхтүвшин (УИХ-ын гишүүн, тоймч) Ж.Мягмарсүрэн (Өдрийн сонины эрхлэгч), Ц.Хулан (яруу найрагч, Хүүхэлдэйн театрын дарга), З.Түмэнжаргал (зохиолч, яруу найрагч), Ц.Батбаатар (сэтгүүлч, Гэрэгэ сэтгүүлийн үүсгэн байгуулагч), С.Аюурзана (зохиолч), Д.Цоодол (зохиолч), Д.Цэдэн-Иш, Д.Оюун-Эрдэнэ гээд олон уран бүтээлчийг нэрлэж болно.

"Өнөөдөр" сонины чадварлаг баг бол яах аргагүй Монголын хэвлэлийн түүхэн дэх анхны мөс зүсэгч хөлөг онгоцны найдвартай хөдөлгүүр нь болсон. Энэ хүчирхэг хөлөг онгоцны ухаалаг жолоодогч нь яах аргагүй Ц.Балдорж байсан. Өдөр тутмын сонинг бий болгоно гэдэг бол нийгмийн төлөө байгуулж буй зүйрлэшгүй гавьяа, хэмжээлшгүй зүтгэл гэж сэтгүүл зүй өндөр хөгжсөн өрнөдийн ертөнцөд үнэлдэг. Тиймээс өдөр тутмын сониныг хөрөнгө мөнгөтэй хэн нэгний сүндэрлүүлчихдэг өндөр байшин барилгатай хэзээ ч нэг эгнээнд тавьдаггүй. Энэ бол оюун санааны хөдөлгүүр, залуур юм. Үүнийг бий болгоно, удирдаж зална гэдэг бол эр зориг төдийгүй эрдэм чадал юм. "Өнөөдөр" сонин бол бүхий л талаараа Монголын өдөр тутмын сонины өнгө төрх, нүүр царай. Уншигчид нь ч гэсэн монголын уншигчдын гол төлөөлөл нь болдог гэсэн судалгааг Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс гаргасан байдаг. Монголын сэхээтний хүрээнд хандсан ийм л сонинг Ц.Балдорж бий болгожээ. Монголын сэтгүүл зүйн ертөнц төдийгүй, монголын нийгэм Балдорж шиг хэвлэлийн магнатаар өнөөдөр дутаж байгааг хэлчихэд илүүдэхгүй болов уу, энэ мөчид. Ц.Балдорж гэх капитаны үүсгэн байгуулсан энэхүү мөс зүсэгч , хүчирхэг хөлөг онгоц -"Өнөөдөр" сонин 20 нас хүрчээ. Түүний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж буй "Өнөөдөр" сонины хамт олонд Control.mn -ийн хамт олны өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье. Сонины уншигчид тань од шиг олон байхыг ерөөе.

 

 

 Ц.ЭНХБАТ ( МУСГЗ, "Өнөөдөр" сонины тууштай уншигч)

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?