АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдод алдаа байсан байж болно оо. Тэр нь бусадтай тохирч чаддаггүй, хуйвалддаггүй, хувийн эрх ашгаа улс орны ашгийн дээр тавьж зүрхэлдэггүй, үнэнийг шууд хэлчихдэг, заримдаа дэндүү мэдрэмжгүй зан чанар гэж улс төр судлаачид дүгнэсэн. Улс төрч хүн бол өөрийнхээ өчүүхэн ашгийн төлөө биш, улс орон, ард түмний эрх ашгийн төлөө аливаа шийдвэр гаргадаг гэдэгт итгэдэг нэгэн бол З.Энхболд.
Түүнийг монголын улс төр ингэж л өнгөрсөн 4 жилд дүгнэсэн. Тэр улс орны төлөө шийдвэр гаргахдаа хатуу зогсож байсан, улс төр-бизнесийн бүлэглэлд санаснаа хэрэгжүүлэхэд нь саад болж байсан тул түүнийг зайлуулах төлөвлөгөө хэрэгжсэн гэж ажиглагчид үздэг. Түүнийг зайлуулахын тулд, ганц түүнийг ч бус, АН-ыг ч бүхэлд золиослох шаардлага гарсан. Тиймээс намтай нь хамт золиосолсон гэдэг. Түүнээс УИХ-ын гишүүний мандатыг авахаас гадна, АН-ыг ялагдуулж, намын даргын үүрэгт ажлыг булаан авах нь илүү чухал байсан гэдэг бол нуух аргагүй үнэн юм. Тиймээс намыг нь ч унагасан. Төрд хэрэгтэй олон сайн түшээгээ давхар золиосолсон. Яагаад гэвэл, З. Энхболд нэг зүйлийг огт ойлгоогүй, ойлгохыг хүсээ ч үгүй, цаашид ч ойлгохгүй юм байна гэдгийг монголын "мафия" яс махандаа мэдэрсэн. Тиймээс түүнтэй ойлголцох гэж зүдэрснээс, түүнийг улс төрийн тавцангаас зайлуулах нь илүү амар гэж тооцсон.
З.Энхболд бол Таван толгойг улсад авна гэж зүтгэсэн. Харин улс төр-эдийн засгийн бүлэглэлд энэ шийдвэр, энэ байр суурь таалагдаагүй. Таван толгойг хувьдаа авахын тулд З.Энхболдыг "нураах" ёстой. Энэ бол тэдний шийдвэр. Монгол улс өндийх, хөгжин дэвжих, ард иргэд нь хангалуун амьдрах гэдэг бол Монголын топ улс төр- эдийн засгийн бүлэглэлийн сонирхол биш. Харин З.Энхболд үүнийг хүссэн. Одоо ч гэсэн энэ байр суурин дээрээ хэвээрээ. Тэр хэзээ ч улс орноо худалдах алхам хийж байгаагүй. Тиймээс, Таван толгойг улс- төр эдийн засгийн бүлэглэлд өгөөгүйн төлөө " шангаа" хүртэж явна. Түүнээс намыг нь авах ажлыг тэр бүлэг л зохион байгуулсан. З.Энхболдын хувьд, сонгуулийн дүнг сонсонгуут, хариуцлагаа хүлээж, багаараа огцорно гэдгээ ухамсартайгаар мэдэгдсэн. Ийм л чадвартай, ухамсартай нэгэн. Түүнээс намыг нь аваад зогсохгүй, УИХ-д сонгогдох эрхийг нь ч булаан авсан. З.Энхболдыг унагахын тулд, зөвхөн түүний тойрогт ихээхэн хүн хүч төвлөрүүлж, хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэл бий. Монголд бий болсон тэрхүү нам дамнасан улс төр -эдийн засаг бүлэглэлийг мафия гэж нэрлэж болно. Тэд бүгдийг хяналтандаа авч эхэлсэн. Эрдэнэт УБҮ-ийн 49 хувь ч гэсэн энэ маягаар явсан байх магадлалтай. Үүнийг УИХ, Засгийн газар, холбогдох хууль эрхийн байгууллага хэзээ тогтоож, ил болгож зарлахыг ард иргэд мөн л хүлээсээр. Эрдэнэт УБҮ -ийн 49 хувийг хувийн компани авах асуудлыг УИХ-аас далдуур нууцлан хийсэн байдаг. Тухайн үеийн ерөнхий сайд Ч. Сайханбилэгээс илүү сайн мэдэх хүн одоохондоо ил гараагүй. Сайханбилэг нь хоёр нутагтан. Тэр одоо АНУ-д намаржиж байдаг. Гэтэл муу нэртэй, луу данстай гэгчээр, Ардчилсан Нам л Эрдэнэт УБҮ-ийн 49 хувийг авсан гэх цуу тараасан боловч, үнэндээ З.Энхболдыг шахан зайлуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн нөгөө л улс төр-эдийн засгийн бүлэглэлийн гарт зугуухан шилжсэн гэх мэдээлэл ч нисэж эхэллээ. Мафия гэж нэрлэж болох нам дамнасан улс төр- эдийн засгийн бүлэглэл санаснаа хийж, сарвайснаа авах үүд хаалгаа нэгэнт нээжээ.
Ц.ЭНХБАТ