Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойд

2016-09-16  

"ЭРХ МЭДЭЛ, ЭМГЭНЭЛ" ТУУЛСАН Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГА БА ТҮҮНИЙ ЦОРЫН ГАНЦ АЧ ОХИН АСЯ 

/ Ю.Цэдэнбал том  хүү Зориг, бага хүү Слава, эхнэр А.Филатова/

ТАСС агентлагийн сурвалжлагч Шинкарёв гуай Монголд олон жил ажилласан. "Монголын зан заншил ба уламжлал" гэдэг номоо 1980-аад оны эхээр хэвлүүлсэн. Түүндээ, -Монголчуудын үндэсний хувцас нь дээл. Дээл нь олон талын хувилбартай. Өмсөхөөр хувцас, нөмрөхөөр хөнжил, гадаа биеэ засах үедээ нөмрөөд суухаар жорлон, аягаа арчихаар алчуур, дэрлэхээр дэр болдог гээд л бичсэнийг нь ангийнхаа орос оюутнуудаас нууж уншаад, ихээхэн ичиж билээ. Энэ цагаас хойш энэ хүний нэрийг мартахгүйгээр тогтоож авсан. Дараа нь 2000 оны эхээр "Эрх мэдэл ба эмгэнэл" хэмээн баримтат роман туурвисан.

/ Ю.Цэдэнбал эхнэр А.Филатовагийн төрөл төрөгсдийн хамт /

Энэ бол Ю.Цэдэнбал даргын амьдралын үнэн түүхийг бичсэн роман. Орчуулагч Х.Мэргэн орчуулж монгол уншигчдадаа хүргэсэн. Монголын Үндэсний телевизэд даргаар ажиллаж байхад Мэргэн маань Шинкарёв гуайг дагуулж орж ирэн, нэгэн бичлэг олж өгөхийг хүсэж билээ. Түүнийг нь бид биелүүлсэн. Харин Шинкарёв гуай гарын үсгээ зурсан романаа бэлэглэсэн. Түүнийг нь би томилолтоор Казахстан явахдаа нойроо хугаслан 2-хон өдрийн дотор уншсансан. Салахын аргагүй тэгж бичсэн роман байсан. Олон ч мэдээллийг авсан.

/ ЗСБНХУ-ын удирдагч Л.Брежневийн Монголд хийсэн айлчлал /

Ю.Цэдэнбалыг яагаад, Монголын улс төрөөс холдуулсны хариуг ч тэр номоос олсон. Ю.Цэдэнбал бол Оросын тоглоом байсан. Түүнийг Анастасия Филатоватай гэрлүүлж чадсанаараа Оросууд Монгол улсыг бүрэн хяналтандаа авсан тухай тэндээс уншиж болно. Филатова байгаа цагт Монгол улс Оросоос холдохгүй байв. Гэтэл эргэлт гарсан. Энэ бол Монголыг хянаж байх, Цэдэнбалын эхнэр А.Филатова эргэлт буцалтгүй монгол болсон байдаг. Түүний биеэр орос цус урсаж байсан ч, сэтгэл зүрх нь Монголын төлөө цохилж эхэлснийг "Эрх мэдэл ба эмгэнэл" номноос уншиж, мэдэрч, ухаарч болно. Түүнийг Оросын ЭСЯ, Монгол дахь элчин сайд мэдэрсэн байдаг. Тэр цагаас л Ю.Цэдэнбалыг зайлуулах нь цаг нь болжээ хэмээн түүнийгээ хэрэгжүүлэх бодлого эхэлсэн байдаг. Ийм нэгэн сонирхолтой, эмгэнэлтэй түүхийг уншсан.

Харин энэхүү номноос гялайх ганцхан зүйлийг олж харсан. Тэр бол Цэдэнбалын хүү Зоригийн цор ганц охин Анастасия буюу Ася байлаа. Энэ номыг уншсаны дараа тэр охиныг олж уулзах юмсан гэдэг бодол намайг орхиогүй. Түүндээ ч хөтлөгдөөд, ирэх хавар нь Москва орохдоо, Шинкарёв гуайгаар дамжуулан Асятай Монголын ЭСЯ-нд уулзсан. МГУ-ийн дорно дахины факультетийн оюутан, цагаан нэхий дээл өмссөн нарийхан охин ирсэн. Нүдээрээ инээмсэглэсэн тэр охинтой ярилцахдаа, өвөөгийнхөө нутагт очих хүсэлтэйг нь ойлгосон. Гэхдээ ээж нь ердийн нэг эмч, өөрөө оюутан түүнд Монголд очих ямар ч эдийн засгийн боломж байхгүй байлаа. Би туслах ёстой л гэж бодоод, тэр даруй Эйртранс компанийн захирал, найз Чулуунхүү руу Москвагаас утас цохисон. Учраа хэлж, билетийг нь авч өгч тусалж чадах уу? гэтэл, - Нэр овгийг нь, паспортын дугаартай нь явуулчих. Би дэмжье. Билетийг авч өгье гэж Чулуунхүү маань хэлснийг тэр дор нь Асяд уламжилсан. 

         / Ю.Цэдэнбал ач охин Анастасия Ц.Энхбатын хамт /

Бид ЭСЯ-д Асятай телевизийн товч ярилцлага хийж, түүнийгээ ТВ9-ээр цацсан, ирэнгүүтээ. Урилга заллагыг Тв9-ээс явуулж, Эйртрансаас билет нь очсоноор Ася тэр зуныхаа наадмаар Монголд анх удаа хөл тавьсан. Тв9-ийнхэнтэй хамт наадам үзэж, Ростовт сургууль төгссөн Оюунгэрэл сэтгүүлч хөтчөөр ажилласан. Төрийн тэргүүний Их тэнгэрийн хүлээн авалтанд ч түүнийг урьж оролцуулсан. Тэр нэг өдөр, - Монголд очиход тань тусална гэж надтай уулзсан олон хүн хэлсэн. Таныг тэдний л нэг гэж анх бодсон. Танд баярлалаа гэж сэтгэлээ дэлгэж билээ. Одоо болоход бид хэлсэндээ хүрсэн нь яамай.

/ Ю.Цэдэнбалын ач охин Анастасия төрийн ордонд /

Түүнийг Монголд ирэхэд нь, Цэдэнбал даргын ах дүү нар нь найрсаг хүлээн авч, өрөө байр гаргаж өгч, одоогийн Скайтел компанийн захирал, тэр үеийн Мобиком компанийн захирал Болор гар утас бэлэглэж, гадагшаа болон дотоодод үнэгүй ярих эрх олгож, түүнд нь Ася баярлаж, ээж рүүгээ ярьж гайхуулж байхыг сонсож суулаа. Ээж нь Монголчуудаас их айж, болгоомжилж охиноо Монгол руу явахад нь сэтгэл ихэд түгшиж байсан гэдэг. Яагаад гэвэл, эмээ өвөөгийнх нь хувь заяагаар хэрхэн тоглосныг тэр сайн мэдэж байлаа. Харин ач охины тэмүүллийг ээж нь зогсоож дийлээгүй. Түүнээс хойш Ася Монголд олон удаа ирсэн. Тэр одоо Москвагийн нэгэн аялал жуулчлалын компанид ажилладаг. Энэ удаа түүнийг ирнэ, ирэхээр нь уулзах завшаан олдоно гэж итгэж байна.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?