Манай хүнсний зах зээлд хурдацтайгаар түрэн орж ирж байгаа хоол бол бэлэн гоймон. Жилд дунджаар 3 сая 500 мянган кг буюу ойролцоогоор 55 сая бэлэн гоймонг импортоор хүлээн авч байна. Энэ нь нэг хүнд 1 кг бэлэн гоймон ногдох тооцоо гарч байгаа ч 40-өөс дээш насныхан болоод 10-аас доош насныхныг энэ төрлийн хоол иддэггүй гэсэн судалгаан дээр үндэслэн тооцож үзвэл 10-39 насны нэг хүн жилд 30-60 уут бэлэн гоймон идэж байна.
Буцалсан ус хийсэн даруйд л идэхэд бэлэн болдог энэ хоол санхүүгийн боломж хомс оюутан сурагчид, хүйтэн сэрүүнд гадаа ажилладаг худалдаа наймаа эрхлэгч, зам барилгын ажилчдын өдөр тутам иддэг байнгын хоол төдийгүй ханиад томуу дарах, архины шар тайлах гэх мэт зорилгоор ч хэрэглэгддэг бэлэн гоймон нь хөгжил буурай орны гол хүнсний нэг болж үйлдвэрлэгчид тэрбум тэрбумаар нь хийсээр байна.
Гэвч энэхүү хялбар хоол нь бидний ходоонд орсныхоо дараа удаан хугацаагаар задардаггүй болохыг АНУ-ын эрдэмтэн тогтоосон байдаг. Үндсэндээ бэлэн хоол нь ходоодонд ямар нэгэн шим тэжээл өгдөггүй зөвхөн ходоодыг удаан хугацаагаар дүүргэдэг байх нь. Ингэж ходоодонд задрахгүй удаан хугацаагаар хадгалагдах нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж бусад ашигтай амин дэмүүдийг устгадаг гэсэн нотолгоог АНУ-ын Массачусетс мужийн Ерөнхий эмнэлгийн эмч Брадун Куо туршилтын үр дүнд олж тогтоожээ.
Бэлэн гоймонгийн хэрэглээгээр Азид Солонгос улс тэргүүлж Хятад Япон зэрэг улсууд удаалж байна. Хятад л гэхэд жилд 42 тэрбум сав бэлэн гоймон хэрэглэдэг болж. Солонгост бэлэн гоймонгийн хэрэглээ тэргүүлэх болсноор ходоодны хорт хавдрын өвчлөл ч тэргүүлэх болсон. Бэлэн гоймон, ходоодны хорт хавдар хоёр салшгүй ойлголт гэдгийг дээрх Америкийн эрдэмтний туршилт бэлхнээ харуулж байна. Хоол нэрийн дор нуугдаж байгаа энэхүү хор нь үнэрлэх, амтлах дур хүслээр дамжигдан ходоодонд орж дотроосоо өтөх нөхцөлийг бүрдүүлж байна.
Бэлэн гоймонд ус гурилнаас гадна мах, ногоо, мөөг, далайн гаралтай бүтээгдэхүүн халуун ногоо зэргийг тусгай жороор найруулан хүний дур хүслийг төрүүлэхүйц үнэр амттай болгосон бөгөөд түүнд агуулагдаж байгаа хорт чанарыг нуух боломжийг бүрдүүлж байна. Хоол боловч ходоодонд хор хүргэх бэлэн гоймонгийн гол орц нь ердөө хямд өртэгтэй химийн бодис юм.
Monosodium Glutamate хэмээх химийн бодисыг бэлэн гоймонгийн амтыг сайжруулах зорилгоор ашигладаг бол мөн л хямд өртөгтэй Tertiary-Butyl HydroQuinone хэмээх химийн бодис нь хадгалалтыг удаашруулдаг байна. 3 дахь химийн бодис бол “Propylene Glycol" гэх химийн нэгдэл агуулагддаг хөлдөлтийн эсрэг бодис бэлэн гоймонгийн гол найрлагын нэг. 4 дэх нь "Benzopyrene" гэх бодис. Энэхүү хорт хавдар үүсгэдэг бодис бэлэн гоймонг цельсийн 350-400 градусын өндөр хэмд боловсруулах явцад үүсэн гоймонд шингэж үлддэг байна. Энэ бол эрдэмтдийн туршилтаар нотлогдож бидэнд мэдэгдээд байгаа бэлэн хоолон дахь хор.
Бэлэн хоолны бизнес эрхлэгчид 2022 он гэхэд 200 тэрбум сав бэлэн гоймон жилд зарахаар төлөвлөж байна. Тэгэхлээр үүнээс цааш хичнээн ч төрлийн бодисоор бэлэн гоймонг бэлэн хор болгон өөрчлөхийг үгүйсгэх аргагүй юм. Харин бидэнд ганц л сонголт бий. “Бэлэн хор”-оос татгалзах.
А.ИЧИНХОРЛОО