БНСУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяныг Солонгосын Цагаачлалын албанаас энэ оны 4 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 6 сарын хугацаатай явуулж байгаа юм. Тэгвэл энэхүү аяны үргэлжлэх хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болжээ. Визний хугацаагаа хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх юм.
БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр тус улсад манай улсын 32817 иргэн оршин суудгаас 9700 орчим нь визний хугацаагаа хэтрүүлжээ. Энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш буюу 8 дугаар сарын байдлаар 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирсэн байна.
А.САЯН