Сэтгүүлчидтэй нэг сарын хугацаанд тэр 2 удаа уулзахдаа их л бухимдалтай байгаа нь анзаарагдлаа. 9-р сарын 9 -ны өдөр, Ц.Балдорж сангийн шагналын үйл ажиллагаа, "Өнөөдөр" сонины 20 жилийн ойгоор хэвлэлийнхэнтэй учирсан өмнөх уулзалт таарсан. Ц.Элбэгдорж уламжлал ёсоор Ц.Балдорж сангаас эрхэлдэг шилдэг сэтгүүлчид олгодог шагналын ёслолын үйл ажиллагаанд 8 дахь удаагаа урилгаар оролцсон.
Тэр баярын мэнд хүргэж үг хэлэхдээ, - Миний уур маш их хүрлээ. Гэхдээ улс төрч бол түүнийгээ дарж чаддаг байх хэрэг гардаг. Ордонд бухимдаад, тэр бухимдлаа хадгалж болохгүй. Тэр даруй талбай дээр гадаадын өндөр хэмжээний зочинд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд орох хэрэг гардаг. Тиймээс тайвшрах шаардлагатай. Уураа гаргахын тулд, ууртай байгаагаа мэдэгдэхгүйн тулд ингээд ( өөрөө шазайж үзүүлэв) шазайх хэрэгтэй, тэгвэл дороо тайвширдаг юм гэж сэтгүүлчдэд зовлонгоосоо хуваалцаж бас сургамж хайрласан. Тэр одоо миний бухимдал арилсан гээд үгээ үргэлжлүүлсэн. Гэхдээ түүний бухимдал нь өөрийнх нь санаачилж, боловсруулан, өргөн барьж, өмнөх УИХ-аар батлуулсан хуулийн 5 төслийг шинэ УИХ-аар буцаасан, түүнд Ц.Нямдорж оройлон оролцсонд байсныг ч тэр тодотгохоо мартаагүй. Тэр оройн арга хэмжээний үеэр Ц.Элбэгдорж ерөнхийлөгч хэд хэдэн удаа Ц.Нямдорж гишүүн лүү хаягласан давшилтыг үг хэлж байх үеэрээ өөрийн мэдэлгүй хийсэн. Миний уур гарсан гэж хэлээрээ хэлээд байсан боловч, уураг тархинаасаа авч чадаагүйг нь сэтгүүлчид анзаарсан.
Төгсгөлд нь, МЭНГЭ ДӨНГӨ болжээ гэж үгээ өндөрлөж байсан. Тэгвэл, сар хүрэхгүй хугацааны дараа тэр гэнэт хэвлэлийнхнийг цуглуулж, ээлжит уулзалтаа хийлээ. Энэ удаа хоёр асуудал түүний бухимдлыг төрүүлжээ. Эхнийх нь, нөгөөх хуулийн 5 төсөл, нөгөөх нь Эрдэнэтийн асуудлаар Ц.Нямдорж гишүүний баримталж буй хувийн байр суурь, хэвлэлийн бага хурал, телевизэд өгсөн ярилцлага ажээ. Сэтгүүлчид юу ч асуусан, сэдэв эргээд Нямдорж руу хандаж байлаа. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн уулзалтыг MNB-ээр шууд дамжуулсан тул элдэв иш татах шаардлага байхгүй. Харин түүний уулзалтын дараа, УИХ-ын чуулганы үеэр Ц.Нямдорж гишүүн Ц.Элбэгдоржийн 2 цаг орчмын уулзалтад 2-хон минутын хариуг барилаа. Одоо харин энэ үгийн хариуд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч юу гэж хэлэх нь олны сонирхлыг татаж эхэллээ. Бичлэгийг хүргэв.
Ц.ЭНХБАТ