Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” хотхонд байр түрээслэдэг залуу хэдэн хүний хамт мөрийтэй тоглож байхад нь гаднаас АКМ маркийн буу, хутгаар зэвсэглэсэн 6 хүн дайран орж ирж үймээн тарьсан хэрэг гарсан билээ.
Үүний улмаас мөрийтэй тоглож байсан хүмүүсийн 2 нь хүнд бэртэл, 8 хүн нь хөнгөн гэмтэл авч мөрийнд тавьж байсан 45 сая төгрөг, 2000 ам.доллар, 1.2 кг алт нь алга болжээ. Цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж, хэргийн гол холбогдогч болох “Шош” хочит А-г 06:00 цагийн үед, “Ландага” хочит Б-г 08:00 цагийн үед баривчилсан билээ.
Харин тэдэнтэй хамт хэрэг үйлдсэн 4 хүний 3-ыг нь барьсан бол эд зүйлс болон мөнгийг авч зугтсан гэх 25 настай Н.Билэгбаатарыг эрэн сурвалжилж байна. Зэвсэгт дээрэм хийсэн хүмүүсийг Эрүүгийн хуулийн 147.3-т заасан “Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж 10-20 хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж байна.
О.НАНСАЛМАА