Эрдэнэт УБҮ-ийн 49%-ийг Монголдоо авчирсныг, нийгмийн аль ч давхаргад буруутгахгүй байгаа. Харин яаж, хэрхэн хийж, хэний гарт Эрдэнэт үйлдвэрийг аваачиж тушаах гэж буй нь олны анхаарлыг татаж буй. Улс төрчид наанаа ингэж зөрчилддөг, цаанаа үгсэн эвсдэг гэж иргэд болгоомжилж байна. Тиймээс улс төрчдийн хэлснээр ч зүгээр нэг шийдүүлэхгүй гэж хаширсан, залхсан ард иргэд үзэж байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь нь ямар ч тохиолдолд улсдаа байх ёстой. Харин үлдсэн 49 хувь болон, Эрдэнэт УБҮ-ийн шинээр батлах гэрээ дүрмийг ард иргэд мэдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсээр байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын хэнд нь ч итгэж чадахгүй, тэдний хэлж байгаа үгний цаад утгыг нь тайлах гэж нийгэм олон хүлээсээр. Тэд илбэдүүлэхийг, дахин дахин хууртахыг хүсэхгүй байна. Монголын, монголчуудын амьдралыг өөд татах Оюутолгойгоос 2040 он хүртэл Монголчууд юу ч хүртэхгүй гэдгийг мэргэжлийн засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат 100 хоногийн ажлын тайлангаа тавихдаа илэрхийлснээс хойш, ялангуяа.
Улс төрчид улс орон, ард иргэдийнхээ ашиг сонирхлын эсрэг ийм л гэрээ хэлэлцээр байгуулж чаджээ. А гэхээр Б гэсээр, хоосон цэцэрхсээр, баялагаа гадагшаа урсгасан он жилүүдийг үдлээ. Энэ гэрээг байгуулахыг шаардсан, гэрээг байгуулахад гар бие оролцсон, түүнийг сурталчилсан цөөн тооны "элит" гэр бүлийн" амьдрал газраас тасарч", ард иргэд хоосон хоцорчээ. Улс орон баялагаа алдаж, иргэдийн амьдрал нүдэн дээр ядуурсаар. Гэрээг зөв байгуулсан бол бидний амьдрал гэрэл гэгээтэй байх байсан гэдэгтэй одоо ч санал нийлдэг. Монголын нэн ядуучуудын эгнээ зузаарч, хүн амын 40 хувьд хүрсэн гунигтай тоо өдрөөс өдөрт томорсоор. Ядуучуудын эгнээнд гулсагчдын тоо нэмэгдсээр. Гэтэл Оюутолгойн гэрээг гардан байгуулсан зарим хүмүүсийн гэр бүл, үр хүүхэд нь харийн оронд элбэг дэлбэг, хангалуун амьдарч буйг цухас ч болов дурдая.
Энэ цөөн гэр бүл, тэдний тухай үргэлжлүүлэн бичих шаардлагатай ч, үүнийг одоохондоо орхиё. Оюутолгойн тухай засгийн газар бүр нэг зүйл хэлдэг. Энэ удаа нэмэлт royalty л авах хэрэгтэй тухай л ярьж байна. Энэ бол "галт тэрэг нэгэнт хөдөлсөн" гэдгийг, бид бүгдийг алдсан, гэхдээ яаж ч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч буйн шинж тэмдэг. Харин жижигхэн засвар хийх боломж байгаа юм байна, тэр нь ерөнхий сайдын яриад буй royalty ажээ. Ийм л учраас эрх мэдэлтэнгүүдэд итгэхэд бэрх болжээ. Энэ өнцгөөс харахад, Эрдэнэтийг ИЛБЭДҮҮЛЖ огт болохгүй гэх иргэдийн байр суурийг буруутгаж болохгүй байна.
Control.mn сайтаас нэгэн санал асуулга явуулсан дүнг төгсгөлд нь танилцуулья. Эрдэнэт үйлдвэрийн Монголд ирсэн 49 хувийг ард иргэддээ тэгш хуваарилах нь зүйтэй гэж санал асуулгад оролцогчдын 84,7% хэлсэн байна.
Засгийн газарт -11,6, яригдаад буй "Монгол зэс" буюу ХХБ-д өгөх нь зөв гэж санал асуулгад оролцогчдын дөнгөж 3,7% илэрхийлжээ. Иргэд эх орныхоо эзэн нь байхыг хүсэж байна.
Тэд улстөрчдийн алхмыг контрольдож, хяналтандаа байлгахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлж байна. Control.mn иргэдийнхээ дуу хоолой болно. Энэ сэдвээр бичсэн нийтлэлийг үргэлжлүүлэн хэвлэх болно.
Нийтлэлч Ц.ЭНХБАТ