Блиц
Овог нэр: Өлзийхутагийн Сэнгэсамдан
Төрсөн газар: Хэнтий аймаг Бор-Өндөр сум
Төрсөн он: 1992
Төгссөн сургууль: АШУҮИС 2015
- Энэ спортоор хичээллэх болсон түүхээсээ хуваалцаач ?
Би ой тогтоолтын спортоор тав дахь жилдээ хичээллэж байна. Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 2-р курсийн оюутан байхдаа хичээллэж эхэлсэн.
Энэ хугацаанд тив дэлхийн чанартай арав гаруй тэмцээнд оролцож 70 гаруй медаль 7 цом хүртсэн. Мөн амжилтынхаа ид үед Дэлхийд 5 дугаарт эрэмбэлэгдэж Ой тогтоолтын спортод Монголын анхны Олон улсын Их Мастер гэх хүндтэй цолын эзэн болсон.
-Монголын оюун ухааны академийн багшийн хувьд ойрын зорилго тань юу вэ ?
Манай академийн багш, тамирчид энэ сарын 8-12-нд болох Дэлхийн оюуны олимпод бэлдэж байна. Энэ олимп дөрвөн жилд нэг удаа зохиогддог. Манай улсын баг тамирчдын хувьд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд нийт 17 тамирчин оюуны спортын ой тогтоолт, чээж бодолт, хурдан уншлага зэрэг 13 төрлөөр өрсөлдөнө.
Миний хувьд энэ удаагийн олимпод оролцож чадахгүй болсон. Ажлын хажуугаар бэлтгэлээ хийх боломж тааруу байна. Шавь нараа амжилттай оролцуулах төлөвлөгөөтэй байна даа.
-Манай орны баг тамирчдын хувьд дэлхийд хэр дээгүүр эрэмбэлэгддэг вэ?
Монгол хүний ген дэлхийд 5-т эрэмбэлэгддэг. Манай багийн хувьд дэлхийд өндөр үзүүлэлттэй 3-т эрэмбэлэгдэж байгаа. Анх 2009 оноос энэ төрлийн спортыг хөгжүүлж эхэлсэн гэхэд Монгол хүний ген, оюуны чадварын гайхамшгийг жинхэнэ харуулж байгаа даа. Олон залуу тамирчид маань дэлхийн чансаанд эрэмбэлэгдсэн.
-Энэ жилийн улсын аваргын тэмцээнд шавь нар тань ямар амжилт үзүүлсэн бэ ?
Өнгөрсөн сарын 6-нд болсон Ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс шавь нар маань маш амжилттай оролцож дэлхийн чансаад эрэмбэлэгддэг тамирчидтай гайхалтай өрсөлдөөн үзүүлсэн. Н.Мөнхшүр 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл нийлбэр дүнгээр дунд насандаа 3-р байр эзэлсэн. Н.Энхшүр 1 мөнгө нийлбэр дүнгээр дунд насандаа 10-р байр эзэлсэн. М.Тамир 2 алт, 2 хүрэл, Д.Ууган-Эрдэнэ 3 хүрэл хүртсэн.
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын хувьд ердөө дөрөвхөн сар хичээллээд, тив дэлхийн аваргуудтай өрсөлдөж өндөр амжилт үзүүлсэн нь бахармаар байлаа. М.Тамир арай туршлагатай өмнө нь Олон Улсын тэмцээн уралдаануудад явж байсан 2 жил орчим хичээллэж байна.
- Бэлтгэлийн үеэр эсвэл тэмцээний үед хөгжилтэй явдлууд тохиолдож байв уу?
Н.Мөнхшүр, Н.Энхшүр хоёр маань ихэр охид сая 12 дугаар анги төгсөөд зуны амралтаараа оюуны спортоор хичээллэж эхэлсэн. 9 дүгээр сараас эхлэн улсын аваргын тэмцээнд бэлдэж эхэлсэн юм. Тэд гэртээ хамт унтдаг юм гэсэн. Нэг шөнө Н.Мөнхшүр сэрээд харсан чинь хажууд нь байхгүй байж. Гайхаад ээжээсээ асуутал “гал тогоонд байгаа” гэж. Очсон чинь улсын аваргынхаа бэлтгэлээ хийж байсан гэнэ. “Чи ямар муухай юм бэ хамт бэлтгэлээ хийхэд яадаг юм бэ” гэхэд Н.Энхшүр “Одоо өрсөлдөх цаг” гэж хэлсэн гэсэн. Энэ хоёр маань бие биеэ хурцалж, хамтдаа хөгжиж, нэгэндээ тусалж байдаг. Оюуны спортоор хичээллэхээс гадна их авьяаслаг охидууд даа.
- Та шавь нартаа оюуны спортын төрлүүдээс аль чиглэлээр нь хичээлээ зааж байгаа вэ ?
Манай тамирчид тив дэлхийн тэмцээн уралдаануудад өндөр амжилт гаргахын хэрээр оюуны спортыг сонирхогч хүүхэд, залуусын тоо нэмэгдэж байгаа. Одоо 6 анги 100 гаруй хүүхдэд оюуны спортын ой тогтоолтын хичээлүүд зааж байгаа. Бид ерөнхий боловсролын сургуулийн сургалтын стандарттай уялдуулж, сурагчдынхаа насны онцлогт тохируулан өөрсдийн сургалтын программаа шинэчилж найруулдаг.
- Олон улсын тэмцээнүүдэд оролцоход зардал нь хаанаас гардаг вэ ?
Олон улсын уралдаанд оролцоход санхүүгийн бэрхшээл л хамгийн их байдаг. Нэг удаа явахад 2,5-аас 5 сая орчим төгрөгийн зардал гардаг. Ах дүү нар гэрийнхнээсээ л зардлаа авч явдаг юм. Гол нь онгоцны тасалбарын зардал их өндөр тусдаг. Энэ тал дээр тусалж дэмждэг бол манай тамирчид илүү амжилт үзүүлэх боломж бий.
- Оюуны спортоор хичээллэж байгаа тамирчин тусгай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг үү ?
Үгүй. Бид шавь нартаа бэлтгэлийн үеэр ус уухыг зөвлөдөг. Ус нь уураг тархийг амраагаад зогсохгүй хөдөлгөгч гол хүч нь болдог. Хоол идчихвэл тархи залхуурчихдаг энэ бол байгалийн хууль. Харин ус бол тархины “сэргээш” л юм даа.
ЯРИЛЦСАН : Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ
ЗУРАГЧИН : Ц.ХИШГЭЭ