Ийм яриа олны дунд тарлаа. Эрдэнэт үйлдвэр "цэгцэрсэн". Бямбасүрэн хэмээх шавилхан, залуухан ТУЗ-ын даргатай болсон. ЗГХЭГ-ын дэд даргын хувьд, Засгийн газар 51 хувиа эзэмшиж буйг "гэрчилсэн" үйл ажиллагаа болсон. Одоо харин, хамгийн чухал томилгоо хүлээгдэж буй. Энэ бол Монголын эдийн засгийн хамгийн том саалийн үнээ болох Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал хэн болох бэ? гэдэг асуудал. Түүнийг шинээр томилогдсон ТУЗ шийднэ. Энэ бол "хууль". Хуулийн дагуу томиллоо гэдэг үгийг бид олонтаа сонссон. Ийм л үйл явц өрнөнө.
Ж.Эрдэнэбат ерөнхий сайд Эрдэнэт Үйлдвэрийн асуудлаас нэлээд цэрвэсэн өнгөтэй үгийг нэлээд хэд хоногийн өмнө шидээд амжсан.
- Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хууль бус гэж хэлж болохгүй. Ажлын хэсэг орсон, шалгаж буй гэсэн хаяагаа манасан битүү хатуу үгийг хэвлэлээр мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг хурцатгахгүй гэсэн санаа гэж ойлгож болно, түүний хэлсэн үгийг. Эрдэнэтээр хамаагүй оролдож болохгүй. Энэ бол галаар тоглохтой ижил. Энэ сургамжийг тэд авсан, бие дээрээ амссан. Тиймээс эрх мэдэлтнүүд болгоомжилдог. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ маягаар зайгаа авсан. Эрдэнэт үйлдвэр бол маш үнэтэй. Түүний ерөнхий захирлын суудал нь Монгол улсын ерөнхий сайдын суудлаас ч үнэтэй. Тухайн үедээ, Н.Багабанди ерөнхийлөгч Эрдэнэт үйлдвэрийг хяналтандаа байлгах үүднээс АН-аас ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Да.Ганболдыг 7 удаа унагаж байсан түүх бий. Эрдэнэт үйлдвэрийн асуудлаас болоод ерөнхий сайд Ж.Наранцацралтыг огцруулж байсан. Тиймээс энэ суудал бол Монголын хамгийн үнэтэй суудал. Энэ хамгийн үнэтэй суудалд хэн очих вэ ? гэдэг нь улс төрийн шатрын нүүдлийн задаргааг тайлж өгнө. Үе үеийн ерөнхийлөгч Эрдэнэт үйлдвэрийг хяналтандаа байлгаж ирсэн.
Энэ уламжлалаас одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч бас гажаагүй гэж үздэг. Ерөнхий сайд хэн болох нь тийм чухал биш. Харин ерөнхий сайд хэнийг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар томилох гэж байгаа нь хамгаас чухал байж ирсэн. Тэгэхээр ерөнхийлөгч бүр шинээр ерөнхий сайдад нэр дэвшигчтэй уулзахдаа онцлон нэг л асуулт асуудаг.
Тэр нь, -Та ерөнхий сайд болбол, хэнийг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлаар томилох вэ? гэдэг асуулт байсан. Ялангуяа, энэ асуултыг хамгийн олон асуусан ерөнхийлөгч бол Н.Багабанди байсан. Ц.Элбэгдорж ингэж яг асуугаагүй ч, энэ асуултыг бас тойроогүй нь мадаггүй.
Тиймээс, өнөөдрийн нөхцөлд, Эрдэнэт Үйлдвэрийн шинэ ерөнхий захирлыг Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тойрон хүрээллээс хайх нь зөв гэсэн таамаглалыг дэвшүүллээ. Харин хэнийг томилохыг ТУЗ "хуулийн дагуу" шийдэж, У.Бямбасүрэн ёсчилно... Ямар нэгэн нээлттэй тендер зарлах болов уу? Яах бол харин. Эсвэл...
Нийтлэлч Ц.ЭНХБАТ