2016 оны 11 дүгээр сарын 05,06-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 624 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 474 дуудлага бүртгэгдсэн байна. Харин зам тээврийн ослоор нийслэлд 1 хүн амь насаа алдаж орон нутагт 2 хүн амиа алджээ.
Тухайлбал : СХД-ийн нутаг Жаргалант тосгоны замд амины Prius-20 маркийн Л жолоочтой автомашин онхолдож, зорчигч 61 настай М-н амь нас хохирсон байна. Булган аймгийн Орхон сумын 4-р баг, Бяцхан хөтөлийн замд амины Istana маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 49 настай, эрэгтэй Г-н амь нас хохирчээ.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг УБ хотоос 160 км-т Kluger маркийн Б жолоочтой автомашин T.Prius-20 маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 38 настай А-н амь нас хохирч, 4 хүн гэмтжээ.
Цас орж халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас зөвлөж байна.
Орон нутагт Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ, Дархан, Хэнтий аймагт халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Зарим сүүдэрт байгаа газрын замын цас мөс арилаагүй, хайлсан цас нь оройдоо мөстөж хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байх тул гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зуны дугуйтай замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээг ЗЦГ-аас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР