Г.ГАН-ЭРДЭНЭ : ҮНДЭСНИЙ ЧАМИН НАНДИН ХУВЦСАА ТҮЛХҮҮ УРЛАХЫГ ХИЧЭЭДЭГ

2016-11-09  
Үндэсний үйлдвэрлэгч “Бүрх” ХХК-ийн захирал Гансүхийн Ган-Эрдэнэ хэмээх бүтээлч эрхмийг энэ удаагийн зочноор урьж, ажлын өрөөтэй нь танилцан ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Би Төв аймгийн Баян-Чандман суманд төрсөн ч Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу Хонхор өртөөнд бага балчир насаа өнгөрүүлсэн юм. Энэ нутагтай миний амьдрал салшгүй холбоотой. Иймээс төрсөн гэхээсээ илүү өссөн нутаг болох Хонхор өртөөг өөрийн нутаг гэж бодож явдаг.

-Энэ бизнесээ хэрхэн эхлүүлж байсан тухайгаа сонирхуулна уу?

Социализмын үед “Төр хурахын сангийн аж ахуй” буюу хар үнэг, булга үржүүлдэг нэлээд том аж ахуйд аав, ээж хоёр маань ажиллаж байлаа. 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжиж бүх зүйл өөрчлөгдөж байх тэр үед аав маань булган малгай хийдэг болсон. Тэгээд би аавыг дагаж хийж сурсан юм.

1993 оноос Булган малгай хийж Дэнжийн 1000-ын хар зах дээр зардаг байлаа. Энэ үеэс л бизнесийн гараагаа эхлүүлсэн.

-Танай үйлдвэрлэл бусад үйлдвэрүүдээс юугаараа онцлог вэ?

Эхэн үедээ булган малгай үйлдвэрлэж байлаа. Одоогоос 6 жилийн өмнө монгол үндэсний хувцас хийе гэсэн сэдэл төрж, энэ чиглэлээр ажиллах болсон. Манайд мундаг сайхан торгон дээл хийдэг салонууд зөндөө байдаг. Гэхдээ үслэгтэй хослуулж хийж хараахан чадахгүй байгаа нь ажиглагдсан юм. Тэгээд үслэгтэй хослуулж монгол үндэсний хувцас хийж эхэлсэн.

Өнгөрсөн хугацаанд ажилдаа гаршаад өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон маань бидний маш том ололт байлаа. Сүүлийн үед дээлийн товч, малгайн орой, тоног зэрэг дархны урлал хийхээр ажиллаж байна. Гэхдээ бид үйлдвэрлэл гэхээсээ илүү яг тухайн захиалагчид таарсан урлалын талдаа бүтээлүүд голчлон хийдэг. Нийтэд зориулж үйлдвэрлэж байгаа зүйл гэвэл төрөл бүрийн үслэгээр хийсэн малгайнууд байна. Мөн цүнх хийх бодолтой хэд хэдэн загвар гаргаад байгаа.

-Түүхий эд, материалаа хаанаас нийлүүлдэг вэ?

Түүхий эдийг Канад, Финлянд, Хятад, Орос гэх мэт орнуудаас ихэвчлэн импортлож байгаа.

-Үслэг эдлэлээр хувцас хийхэд хэцүү биз?

Үслэг материалын хувьд торго, дурданг бодвол шууд эсгээд хийчихнэ гэж байхгүй. Үсний өндөр, нам, ширхэг гээд тааруулахад нэлээд явдалтай байдаг. Үслэг материал болгон өөр өөр байдаг. Тэр бүхнийг тааруулна, бодохоос авахуулаад бусад материалаас өөр л дөө. Миний хувьд үслэг эдлэлийн талаар сургууль соёлд сураагүй. Гэхдээ олон жилийн туршлагаар үслэг эдлэлээр мэргэжлийн гэхээс илүү мэргэшсэн гэж хэлж болно. Ер нь "Ямар нэг зүйлийг аль болох төгс хийхийг хичээдэг" Энэ талд дээр анхаарлаа хандуулж ажилладаг. Тэр ч утгаараа нэг үйлчлүүлсэн хүн байнгын үйлчлүүлэгч болдог.

-Та ажлын өрөөгөө танилцуулаач?

Ажлын өрөөнд маань ихэвчлэн бидний хийсэн бүтээл, бүтээлүүдийн зураг болон найз нөхдийн бэлэг дурсгал, өөрийн сонирхдог зүйлүүд бий.

-Зураг түүх өгүүлнэ гэдэг. Энэ жаазтай зурагнуудын түүхийг сөхвөл?

Манай хийсэн монгол хувцас, малгайнууд. Бид 2010 онд хуанли гаргаж байсан. Тэр хуанлид орсон зурагнуудын нэгээхэн хэсэг байгаа юм.

-Хурдан мориний сийлбэр, зураг хэд хэд харагдаж байна. Энэ талаар?

 Хурдан морь гэдэг чинь тэр чигтээ эр хүний хийморийг сэргээдэг тэнгэрлэг амьтан шүү дээ.

Монгол үндэсний малгай, хувцас хийгээд эхлэхээр шууд морьтой холбогддог юм байна. Энэ сийлбэр айргийн мориний бай шагнал байгаа юм. Нийт том, жижиг наадмаас арав гаруй айраг, түрүү авсан зарим нь энд алга л даа. Энэ шүдлэн үрээ маань түрүүлж орж ирж байгаа нь.

-Орж ирснээс хойш энэ шатар их анхаарал татлаа. Таны бүтээл үү?

Үгүй үгүй. Энэ шатрыг Намсаманд гэдэг залуу бэлэглэсэн юм. Бүгд байгалийн чулуугаар урласан нэлээд ур хийц шаардсан, сэтгэл гаргасан, үндэсний хэв маягтай бүтээл байгаа биз. Би үндэсний хувцас хийдэг болохоор их билигшээж ажлын ширээгээ чимдэг. Хаа нэг найз нөхөдтэйгээ нүүх жишээтэй.

 

Мөн энэ морин хуурын сувинерыг Хонхорын ахмадууд дурсгаж байсан.

Ер нь манай компани Хонхорын болоод Төр хурахын сангийн аж ахуйд ажиллаж байсан ахмадуудтай байнгын холбоотой байж тэднийгээ дэмжиж ажиллахыг зорьдог. 

Хонхороос гаралтай боломжийн яваа хэдэн залуус нийлж “Аавуудын алдар” ТББ-ийг байгуулсан юм. Бид ахмадууддаа зориулж жил болгон бэсрэг наадам зохион байгуулдаг. Энэ үеэр нутгийн ахмадууд дурсгаж байсан түүхтэй.

 

 

Энэ монгол бичгээр бичсэн дурсгалыг миний багын найз Монгол улсын начин Сумъяа бэлэглэж байлаа.

Энэ их түүхтэй нандин бэлэг л дээ. “Бүрх” гэсэн манай компанийн нэрийг монгол малгайн хэлбэртэй бичээд, хажууд нь миний найзууддаа зориулсан

“Үнэнч сэтгэлтэй үүрд нөхөрлөж

Үйл ажилдаа үргэлж манлайлж

Ашиг орлого бодолд чинь багтахааргүй арвижиж

Олны төлөө хийсэн буян чинь дэлхий дахинд цуурайтах болтугай гэсэн 4 мөрийг бичсэн байгаа юм.

Ажлын өрөөнд маань ихэвчлэн бидний урласан зүйлүүд бий дээ. Хамгийн сүүлд хийсэн бүтээлүүдээс гэвэл эхнэр хүний толгойн чимэг байна.

3 жил үргэлжилсэн гээд бодохоор үнэлж баршгүй бүтээл юм даа. /инээв/ Ямар сайндаа аав маань бөгжөө янзлуулах гээд жил болсон. Тэгээд дараа нь хийсэн зүйлээ үзүүлэхэд аргагүй л том ажил хийжээ. Миний бөгжийг яаж тоохов дээ гэж билээ.

 

Сонирхуулахад арваад жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жеймс Волкинсан нарыг Монголд айлчлахад малгайг нь хийж байжээ. 

Мөн Ерөнхийлөгчийн ёслолын зарим нэг дээл, их аварга М.Даваажаргал, Олимпийн аварга Н.Түвшинбаяр зэрэг тамирчдыг баатрын одонгоо авахад өмссөн дээл, малгайг урлажээ.

Өнгөрсөн жил Торгуудуудын чуулга уулзалт болоход бэлгийн дээлүүдийг, тэр дундаа Торгуудын Увш хааны удмын гүнжийн бэлгийн торгууд хувцсыг хийсэн. 

Энэ мэтээр олны танил эрхмүүдэд ур хийц шингэсэн монгол үндэсний хувцас, хэрэглэл урласан юм. Нэг бүтээлийг олон тоогоор үйлдвэрлэх гэхээс илүү ур шингээсэн бүтээлүүд хийхийг хүсч мөрөөдөж явдаг.

Үндэсний чамин, нандин хувцсаа илүү түлхүү хийж зөвхөн цагаан сар, баяр ёслолоор өмсөх биш өдөр тутам өмсдөг болгох юмсан гэж хичээдэг.

 

 

 

 

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?