Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЗӨӨЛӨН ДУУТАЙ ЧҮЛТЭМСҮРЭН БАГШ

2016-11-10  

Зөөлөн дуутай Чүлтэмсүрэн багшийг олон жилийн өмнөөс мэдэх болсон. Анх "Утга зохиол, урлаг" сонинд ажиллаж байхдаа танилцсан. Сонинд хэвлэх бүх нийтлэлээ, мэдээнээс өгсүүлээд Хэвлэл, утга зохиол хянах газарт хянуулж гаргадаг жишгийн дагуу сониныхоо материалыг аваад очдог байлаа. Улаан, цэнхэр өнгийн харандаа барьсан хянагч Чүлтэмсүрэнгийн өмнө дуугүйхэн л суудаг байсансан. Цэнхэрээр зурвал баярлаад, улаанаар зуруулбал, түүнийгээ сольж, дараагийн материалаа уншуулах ажил явдал болдогсон. 1990 оны хувьсгалаар Хэвлэл, утга зохиол хянах газрыг татан буулгасан. Тэр үед л бодвол, Чүлтэмсүрэн уран зохиолын багшийн ажилд шилжсэн байх. Түүнээс хойш, түүнтэй мөн л учрах болсон.

Нэгдүгээрт, Чүлтэмээ маань утга зохиол судлаач, нөгөө талаас аав Цэндийн маань хайртай шавийн нэг байсан. Манайд ирнэ, аавтай хамт сууна, мөн тагш юм хүртэнгээ уран зохиолын тухай, бүтээлчдийн тухай, тэдний бүтээлийн тухай яриа хөөрөө дэлгэж суух нь таардаг байлаа. Харин сүүлийн үед таарахгүй байснаа, фэйсбүүкээр нэг учирсан. Цэнд багшийн тухай дурсамж бичиж явуулна шүү гэж, хамгийн сүүлд хэлж билээ. Тэр одоо Солонгосын Данкук дээд сургуульд мэргэжлээрээ багшилж буй. Бараг солонгосжиж байгаа хүн дээ. Нөхрийн ирүүлсэн Догмидын уран бүтээлийн тухай нийтлэлийг хэвлэхийн өмнө ийм нэгэн өмнөтгөл бичих нь зөв гэж саналаа.

Өмнөтгөл бичсэн, утга зохиол судлаач Ц.ЭНХБАТ

Р.ЧҮЛТЭМСҮРЭН ( Өмнөд Солонгосын Данкук их сургуулийн монгол судлалын тэнхмийн багш)

"ГООЛИНГОО" БУЮУ ХАГАЦЛЫН НУЛИМС

Б.Догмидын уран бүтээлийг “Үргэлжилсэн зохиол, яруу найраг хоёрын дундах маш өчүүхэн заагаар явж чадсан. Тиймээс ч түүний зохиол үргэлжилсэн үг, яруу найраг хоёрын өвөрмөц хослол байдаг. Үргэлжилсэн үгийн зохиолд “бяцхан сэрэхүйг” авчирч, бидний хараагүй жижиг зүйлийг амьдралаас олж, түүнээс сэрж мэдэрч чаддаг авьяаслаг зохиолч доо” хэмээн ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн үнэлсэн байдаг. Б.Догмидыг тун онож тодорхойлсон гэж би үздэг. Үнэхээр ч, энэ онцлогыг Б.Догмидын олон бүтээлээс, түүний нийтлэл, баримтат зохиолоос нь ч харж болно. Түүнийг насан туршид нь монголын ардын дуу хөглөж ирсэн гэж би судлаач хүний хувьд итгэдэг. Яалт ч үгүй, монгол ардын хэдэн сайхан дуу түүний зохиолынх нь сэдэл болж, өөрт нь урам онгод өгсөн байдаг. “Хөх торгон дээл”, “Дүүриймаа”, “Хэен хуар”, “Янжуур тамхи”, “Гоолингоо”, “Ар хөвчийн унага” Д.Нацагдоржийн “Цэнхэрлэн харагдана” дууг бүтээлдээ олонтаа дурдаж, гол баатрууд нь уяран дуулж, тэдгээр дуугаар зохиолдоо нэр гарчиг өгч, гол дүрээ нэрлэж, монгол уртын болон богино дууны уянга зохиолд бүрд нь эгшиглэж байдаг. Уянгын олон арван өгүүллэгээ ч, монгол ардын дууны уянга, мэдрэмжээс сурч, өлгөж бичсэн нь анзаарагддаг. Бүр тэдгээр дууныхаа тухай өгүүллэг, эссээ алин болохыг нь ялгахын аргагүй уянгатай бичнэ.

Тэр дундаас “Гоолингоо” буюу хагацалын нулимс” бүтээл нь илүү уяралтай.

Зүүд нойрын дунд Зүрхний минь Гоолингоо үзэгдээд байна

Зүйлчлэн захисан үг чинь Минийлээ цээжинд хадаастай байна

“Шүлэг нойрын дундах зүүдний бүрэнхий ертөнцөд харах бие, хайх мөргүй, сүүдэргүй болсон хайртай амраг юугаа бэдрэн, тэнэж төөрөн явж буй залуу бүсгүйн цээжнээ унтаа, сэрүүний завсар ая, дан нь зохиогдсон “Гоолингоо” хэмээх энэ нулимстай дууг сонсох бүрдээ миний бие архи уусан лугаа согтож, баяр гуниг хоёр баруун, зүүн гараас минь булаалдан чангаалдах шиг санагддаг”.

Дээрх дууны үг, утга бүрийг Догмид ингэж л сэтгэлдээ хүлээн авдаг. “Унтаа сэрүүний завсар ая дан нь зохиогдсон”, “нулимстай дуу”, “Хүрээ дууны архины ааг, тамхины утаа шингэсэн, уран торгон нугалаанд монголчууд бидний хэд маань зовж, хэд маань жаргаж явсныг бурхан, чөтгөр хоёр ч мэдэхгүй биз ээ” гэж хэлснээ тэр дууг Норовбанзад гуай дуулах нь “Ухаарал, эгээрлийн ухаа шаргал манан дундуур соёолон морьд салхи дагуулан ханаран эргэхийн адил хурд, хүчтэй эхэлж, бэсрэг уртын дууны яруухан тавилттай урт амьсгалаар цэнхэртүүлэн алслуулснаа, гэнэт зэлний цаахна тоглох явган зэрэглээг гэрийн үүдээр орж иртэл огцом татаж, зүрх базлуулан хадаах “Гоолингоо” хэмээх энэ ижилгүй сайхан дууг би усгүй хар архитай зүйрлэх дуртай” гэнэ. Тэгснээ бүр халин “Миний насан өвгөрч, гунигтай нүдээр алсыг ширтэн гадаа нарлан суух таягтай нас ирэвч “Гоолингоогоосоо” яахин уйдах билээ...Ёс жудагийг гажиж алив бүхнийг санаан зоргоор өөрчилж болдогсон бол намайг энэ ертөнцөөс халин одох цаг дор Шопений эмгэнэлт маршийг бус “Гоолингоог” цэргийн гуулин хөгжмөөр үлээлгэвэл миний сүнс сүүдэр эзнийхээ романтик сэтгэлийн зарлигаар тэнгэрийн орноо нисэн одох биз ээ” хэмээн “хадуурч” уянгын халил хийнэ.

XX зууны гучаад онд “Монгол хүү” кинонд Сосорбарам жүжигчний дуулсан, Ичинхорлоо жүжигчний Хүрээ аялгуугаар дуулж пянзанд бичүүлсэн, наяад онд Норовбанзад гуайн дуулсан, XXI зууны эхээр Чулуунчимэг, Сарантуяа, Одмаа нарын дуулсан, найр цэнгүүн дээр Ардын жүжигчин Очирбат гуайн дуулсан “Гоолингоо” дууг бид олонтоо уяран сонссон ч Догмид шиг уг дууг ойлгож, нээж, дүрслэн хэлж чадсан билүү. Авьяас гэгч авьяас билгээ илүү ойлгодог, илрүүлдэг, торгон мэдэрдэг ажээ.

“Гоолингоо” дууг Д.Цэнд багшийн минь хамтран зүтгэгч, миний хамгийн дотнын хүн, ардын нэрт билигзүйч, Д.Дашдорж багш маань сэтгэл өмөлзтөл дуулдаг байсан сан. Жаахан халахаараа л дуулна. Уйтай боловч сэтгэлийн угаас уяртал дуулна. Залуухан, говийн бүсгүй, багшийг минь хайрлахын дээдээр хайрлаж байсан хайрт хүн нь нойр булчирхайн өвчнөөр өвдөж, хоногийн тоо гүйцэж байгааг хэн хэн нь мэдсэн уйтгарт өдрүүд. Цөөн жил боловч халуун янаг байсан, халамж хайраараа бөмбөрүүлсэн бүсгүйгээ амьсгал хураахын нь өмнөхөн Дара эх бурхны хөрөг харуулан, “Амьдралд, надад бүү хоргод. Сэтгэлээ шулуутга, хойтын мөрөө хатуу бод доо!” хэмээн арга ядан сануулж байхад нь хайртай бүсгүй нь :

- “Харлаа, боллоо. Одоо наад Бурханаа хойш нь тавь. Чинийхээ, таныхаа царайг л харья даа” гэж байсан бүсгүйг бодон бодон дуулдаг байсныг даан ч цөөхөн хүн мэднэ дээ. Б.Догмид минь ч хар залуугаараа ханиа алдаж, дээлтэйгээ хатаж байх даа л энэ дууг дуулж, тэрхүү дууны утгыг илүү мэдэрч, олон дахин энэ дууны тухай бичсэн юм. Дашдорж багшийн минь дуулдаг дуу сэтгэлд хоногшсон ч болоод ч тэр үү “Гоолингоо”-г би нэгэн үе сав хийвэл гэртээ аялан гингэнэж, ханьдаа зэмлүүлж байснаа дурсан, одоо ч түүндээ сэтгэл өвддөг тухайгаа нэг орой Б.Догмидод баахан ярив.

Харийн нутагт бага зэрэг эмчилгээ хийлгээд илаарьшсан, 2012 оны цагаан сарын шинэдээр Сөүл хотын төв орчим орших “Milano hotel” хэмээх том нэртэй жижиг буурчийн газар бид хамт хэд хоносон юм. Дээрх ярианы маргааш өглөө хэдий завандаа ч юм биччихсэн юм гэмээр нэгэн шүлгийг надад уншиж өгөв. Эсвэл өмнө нь бичсэн байсан юм болов уу. Б.Догмид тэр даруй “Зуны үдэш, хаврын үдэш Гоолингоог битгий дуулаарай” гэсэн утгатай “Гоолингоо” хэмээх шүлгээ миний тэмдэглэлийн дэвтэрт өөрийн гараар бичин, дурсгасан юм. Нөгөө хойтохоо уншуулахад Гоолингоо дууг дуулуулах шахуу бичиж байсан хүн тэрхүү дууг битгий их дуулаарай гэж шүлэг бичих нь буруу биш ээ. Б.Догмидын Сөүлийн тэнгэр дор, Хан мөрний эрэг дээр “Зуны үдэш Гоолингоог битгий дуулаарай даа” гэж захисан энэ шүлгийн анхных уншигчийн нэг болсон тул тийнхүү эх бичвэрийг нь хадгалав. 2012 оны цагаан сарын шинэдээр Сөүл хотноо Б.Догмидынхоо зохиож дурсгасан, уг шүлгийн анхны хувь, шүлгийг нь Та бүхэнддээ толилуулж байна. Гоолингоо Зуны үдэш Гоолингоог битгий дуулаарай даа Зургаан мөнгөн мичид зуурдаар бөхөж Зуун найман эрхиний хэлхээ тасарч Зулын гэрэлд эрвээхэй шатдагийм аа Зуны үдэш Гоолингоог битгий дуулаарай даа Хаврын үдэш Гоолингоог битгий дуулаарай даа Харанхуйн дунд цагаан уул цэцэг уйлдагийнмаа Ханд вангийн ордонд шанзны утас тасарч Хагацал үзээгүй хүний үрийн зүрх цочдогиймаа Харанхуй шөнө Гоолингоог битгий дуулаарай даа “Яахин уйдах Гоолингоо дуугаа” зохиолч ингэж ухаарав. Хүний сэтгэл гэдэг өөрчлөгдөж байдаг хойно ийм ухаарлыг тэрхүү дуунаасаа мэдэрсэн зохиолчийн сэтгэлийн өчгийг нь бид хүндлэх ёстой. Яруу найраг, үгийн ид шид гайхалтай. Г.Мэнд-Ооёо зохиолчийн хэлэх дуртай үгийн эрчим хүнд сайнаар болон муугаар нөлөөлдөг. Тэр лугаа адил бэлгэдэл, ёр зөнгийн үүднээс ч энэ дууг элэг бүтэн жаргалтай үедээ, найр цэнгэл дээр битгий дуулаарай, бага дуулаарай, харанхуй шөнө битгий дуулаарай гэх нь Догмидын түмэн зөв. Б.Догмид “Гоолингоо” буюу хагацалын нулимс хэмээх баримт-уран сайхан хосолсон, нийтлэл, дурсамж, эссэ зэрэг олон төрлийн торгон уулзвар дээр бичсэн бүтээлдээ уг дууны гарал маш эртний Хүрээ дуу гэдгийг баталж, 37 оны их уй гашууны үед дахин сэргэн дуулагдаж, зовлонтны сэтгэлийг нимгэлж байсан, хэн хэн хэрхэн дуулсан тухай дүгнэн бичсэн юм. “Энэ жаахан хорвоо дээр энэ цөөхөн насанд биенээсээ ахадсан зовлон үүрч, гутлаа чирэн, гудамжаар согтуу гэлдэрч явахад маань ухаантай, тэнэг олон хүн засч чадаагүй сэтгэлийг минь Норовбанзад гуай, “Гоолингоо” хоёроос өөр цайлгасан нь чухам хэд бол. Энэ дууг аль цагт ямархан хүмүүний үр хэнийгээ санагалзан нулимсаа залгин залгин байж амин халуун хайраараа зохиосныг эдүгээ мэдэх хүн үгүй болсон ч “Гоолингоогийн” манантсан цэнхэр аялгуун дундаас өр нимгэн бүсгүй хүний гунигийн сүүдэр сормуусанд нь унасан мартагдахын аргагүй хоёр сайхан нүд харагдаад байдаг юм” гэж тэр уяран уяран өгүүлдэг. “Хөхөл дэлээ салхинд самнуулан дэргэн хатирах олон адуу, хөх сайран дээрх тогорууны өндөгийг хөлийнхөө эрдмээр зайг нь төөрүүлэн гишгэлгүй давхин өнгөрдөг хөх ногоотой, хөх салхитай, хөх тэнгэртэй орчлон орхин одохын аргагүй сайхан. Мөнгөн сарны дор, мөнхийн усыг уугаагүй ч мөнхрөхийн хутагийг хайрласан аялгуу төгс ардынхаа дуунд мөргөмү би!”. Энэ бол Балжирын Догмидын монгол дуугаа хайрлан хүндлэх сэтгэлийн чин үг нь. Түүний уран бүтээлийн онгод, бүтээл бүрийнх уянгын эх булаг нь ардын дуу. Тийм л уртын дуу, монгол дуу сонсож өсөөгүй бол тэр зохиолч болохгүй байсан.

 

 

Солонгос, 2016 он

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
yanjmaa:Goe yumaa 2016-11-10
Нахя бууны нохой:Сэжгийн шар сэмжилсэн ****доо олон хүний мууг үзсэн нахяын бууны нохой огудас хүрэм хүн. үхсэн юм байх гэсэн чинь байж байдаг юм байна бас ямар хүний мууг үзэж яваа болдоо 2017-08-14
Р.Ч.:“Хэн намайг үгээр доромжилно Хэн намайг үйлээр гутаана Хэн намайг сэтгэлээр хорсоно Тэр бүхэн гэгээрэх болтугай.” 2022-08-27
Р.Ч.:Бурхны авралаар НАХЯ-ны хаалга нэг удаа ч татаж үзсэнгүй. Тэр байгуул****тай ямар ч холбоогүй сайхан амьдарч ирлээ. Хүний муу үзэж яваагүйг минь олон гэрчилнэ дээ. 2022-08-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?