Энэ оны эхний 10 сарын байдлаар 48 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан байна. Аравхан сарын дотор 48 хүүхдээ алдах нь арай л харамсалтай биш гэж үү?
Гэхдээ эдгээр хүүхдүүдийн нас барж байгаа нь томчуудтай шууд холбоотой. Учир нь хүүхдүүдээ харгалзах хүнгүй явуулснаас, машиныхаа урд тэвэрч явснаас, хүүхдээ хүрднийхээ хойно суулгаж жолоо барьснаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдээ авч явснаас, орон нутгийн замд хурд хэтрүүлэн явснаас аз жаргал болсон хүүхдүүдээ алдаж байна.
2015 онд зам тээврийн осолд 1089 хүүхэд гэмтэж 54 хүүхэд нас баржээ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дэндүү томоор төсөөлөөд байх шиг ээ. Мөнгө өгөөд дэлгүүр гүйлгэнэ, тэрэг түрүүлээд усанд явуулна, хүүхдийг хүүхдэд нь даатгаад хамтад нь гаргаад явуулчихна. Гэрээс дэлгүүр хүртэлх зам аюултай, өвөл усанд явахад халтиргаатай, усандаа дийлдэгдээд унах магадлалтай гэдгийг тэд мэдэхгүй биш мэднэ. Мэдсээр байж хүүхдээ явуулна. Энэ нь хүүхдээ санаатайгаар аюулд оруулж, амь насанд нь хүрж байгаа хэрэг юм. Хэдийгээр ингэж хэлэх нь хатуу ч мэдсээр байж хүүхдээ аюулд оруулсан учир ингэж хэлэхээс өөр аргагүй.
ЗЦА-наас гаргасан судалгаагаар сүүлийн 5 жилд 222 хүүхэд зам тээврийн ослын улмаас амиа алдсан бөгөөд 60,2 хувь нь эрэгтэй, 38.8 хувь нь эмэгтэй хүүхэд байсан байна.
Монголчууд хүүхдүүддээ их хайртай хүмүүс, тийм ч учраас хүний хүүхдээс дутаахгүй гэсэндээ гар утас, чихэвч, таблет зэргээр нь хангаж өгдөг. Гэхдээ тэд хүүхдүүддээ үүнийг хэзээ хэрэглэх вэ гэдгийг хэлж өгдөггүй. Хүүхдүүд утсаар тоглож байхдаа, чихэвчний хөгжим сонсож байхдаа замын хөдөлгөөнд оролцож амь насаа эрсдэлд оруулж байна. 2016 оны эхний 10 сарын байдлаар орон нутгийн замд 43 хүүхэд амь насаа алдсан. Энэ 43 хүүхдийн амь насыг авч одсон хүмүүс бол хурд хэтрүүлсэн эцэг эхчүүд. Хүүхдээ хажуудаа суулгаад явж байхдаа хурд хэтрүүлж, гүйцэж түрүүлж зөрчил гаргаснаас хүүхдийнхээ амь насыг өөрийн гараар хөнөөж, нөхөж баршгүй хүнд шарх, тахир дутуу биеийг хүүхдүүддээ өгч байгаагаа тэд ойлгодоггүй.
ЗЦА-ны УСОНХ-ын ахлах мэргэжилтэн Ахмад Л.Амаржаргал : “Хурд хэтрүүлэн явж байгаа тээврийн хэрэгслийг зогсооход тэд бидний өмнөөс уурлаж бухимддаг. Биднийг буруутан мэтээр үздэг. Гэтэл яг үнэндээ цагдаа нар таны мууг үзэж байгаадаа биш таныг гэр бүлээ алдахаас, осолд орж эд хөрөнгөөрөө хохирохоос сэргийлж байгаа хүмүүс. Цагдаа нарыг хараах биш баярлах хэрэгтэй” хэмээн ярьж байлаа.
Зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа хүүхдүүдийн тоог бууруулахын тулд багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, цагдаагийн албаныхан гээд хэн бүрийн туслалцаа хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.
А.ГАНТУЯА