БОЛОР ЦОМ 33 НААДМААС...

2016-02-03  

Өчигдөр соёлын төв өргөө хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом-2016” наадам болсон юм. Энэ удаагийн наадмын хоёрдугаар шатанд 150 гаруй найрагчдаас 33 найрагч шалгаран үлдсэн. Ингээд сүүлийн шатанд таван найрагч тунаж үлдсэнээс МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар "Суурин иргэншлийн цаг" шүлгээрээ "Болор цом"-ын эзнээр тодорсон юм. 

Наадмын удаах байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар орсон бол яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар III-V байрыг эзэллээ. 

”Болор цом” наадам сүүлийн жилүүдэд аймаг орон нутагт болдог уламжлал тогтоод байсан бол энэ жилийнх нийслэл Улаанбаатар хотод болсноороо онцлог байлаа. Мөн энэ жил Д.Сэнгээгийн 100, Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байна. Эдгээр нэрт яруу найрагчдын ой тохиосон “Болор цом” наадамд ахмад яруу найрагчдаас Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч Тангадын Галсан нар оролцож, мялаалгын шүлгээ уншлаа. Мөн “Болор цом”-ын эзэд энэ үдэш наадмын тайзнаа шүлгээ уншиж, уншигч сонсогч түмэнтэйгээ уулзсан юм.

"Болор цом-2016" наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Г.Мөнхцэцэг, Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор цом"-ын эзэн Б.Галсансүх, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Л.Моломжамц нар ажиллаа. Болор цом яруу найргийн наадамд оролцогчдын сэтгэгдлээс хүргэе. 

Болор цом 33 наадмын оролцогч яруу найрагч Норовын Гантулга : 

"Болор цом наадам 33 дахь жилээ болж байна энэ жил их онцлог болж байна яагаадгэхээр Монгол улсынхаа төв нийслэл Улаанбаатар хотод зохиогдож байна. Сүүлийн хоёр, гурван жил хөдөө явсан. Миний бие бол 30 дахь удаагийн болор цомын түрүүг авч байсан. Болор цомын үе үеийн эзэд ирж өөрийн уран бүтээлээсээ толилууллаа. Ийм том том яруу найрагчдын тоосонд явж байгаадаа миний бие их баярлаж байна". 

 

МЗЭ -ийн шагнал яруу найрагч, Болор цомын эзэн Ц. Хулан : 

Энэ жил хотод болж байгаагаараа Болор цом маань урьд урьд жилүүдийнхээс онцлог болж байна. Үзэгчид маань Болор цомоо их санадаг юм байна. Ер нь хүнлэг байх, хүн өөрөө сайхан байх, юм бүхэн сайхан байхыг магтан дуулдаг, хүнийг ятгадаг, ухааруулж сэнхрүүлдэг нь цорын ганц яруу найраг шүү дээ. Тийм учраас энэ яруу найраг байхгүй бол энэ нийгэм, хорвоо дэлхий хоосорч, харанхуй дүлий тийм зүйл болж хувирна. Яруу найраг үүргээ биелүүлж байгаа цагт иргэн нь гоё сайхан байх, хамаг амьтан сайн сайхан руу тэмүүлдэг тэр тэмүүллийг бий болгодог. Энэ жил танхим дүүрэн байна. Энэ чинь үзэгчид яруу найрагтаа хайртай байгаагийн илрэл". 

Болор цом яруу найргийн тэмцээнд оролцогч яруу найрагч О.Цэнд-Аюуш : 

"7 дахь жилдээ болор цомд оролцож байна. Залуучууд их оролцож байгаагаараа онцлогтой. Энэ жил юу ч болж магадгүй тэр түрүүлнэ гэх юм байхгүй бүгд их өнгөлөг сайхан байна". 

 

Болор цом яруу найргийн тэмцээнд оролцогч яруу найрагч  

/ӨМӨЗО / Т.Энххад : 

Би Өвөрмонголдоо том том наадамд орж байсан энэ жил энд анх удаагаа оролцож байна. Их сайхан байна. Маш их баяртай байна. Хийморио дэгдээмээр, сурмаар зүйл их байна. Яруу найраг гэдэг Монгол хүний ясны юм байна гэж ойлгож байна. Бүгдээрээ сайхан дээл хувцсаараа гоёж байна энэ бас гайхалтай. 

Мөн энэ удаагийн Болор цом 33 наадмын хөтлөгч Ардын уран зохиолч П.Бадарч, МУСГЗ Ж.Бямбаа нар 33 дахь удаагийн наадмаар зодог тайллаа. Хааны ээлж халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр СТА Б.Гантигмаа, сэтгүүлч Г.Агааноров нар Болор цом наадмын хөтлөгчийн халааг хүлээн авсан юм. 

Түрүүлсэн найрагчийн талаар зарим үзэгчид таагүй байр суурьтай байсан. Хийж бүтээхээсээ илүү шүүмжилдэг нь олширсон энэ нийгэмд хэнийг юу гэх бол гэж айх вэ. Тааллаараа болтугай. 

 

БЭЛТГЭСЭН : П. ОЮУНСҮРЭН

                                                                                                              

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?