Ойрын өдрүүдэд цас ихээр орж, зарим газарт үзэгдэх орчин хязгаарлагдаад байгаа юм. Тэгвэл үүнийг далимдуулан хулгай, дээрмийн хэрэг ч ихэсчээ. Тухайлбал :
СХД-ийн 32 хороонд суух 23 настай эрэгтэй Ж-ын хүрэн халзан азаргатай 5 тооны адууг, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат 42 настай эрэгтэй Н нь бусадтай бүлэглэн хулгайлсан байжээ. Үүнийг илрүүлэн шалгаж байгаа аж.
Мөн НД-ийн 1-р хорооны “Энгэршандын 6-р гудамжинд 21.00 цагийн үед явж байгаад үл таних 2 хүнд дээрэмдүүлсэн” гэсэн мэдээлэл 11-р сарын 18-нд ЗЦА-нд ирсэн байна.
Уг Энгэршандын ... тоотод суух 34 настай эмэгтэй Х-г гэртээ харихаар явж байхад нь Энгэршандын ... тоотод суух 39 настай эрэгтэй Э зодож, 80 мянган төгрөгийг нь дээрэмдсэн байв. Уг хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн ЦХ шалгаж байгаа юм байна.
Харин БГД-ийн 9-р хорооны нэгэн дэлгүүрийн гадна байсан автомашинаас 3.790.000 төгрөг хулгайд алдагджээ. Үүнийг БГД-ийн иргэн 26 настай эрэгтэй Д-ийн “Toyota Fielder” машинд хамт архи ууж байсан 26 настай эрэгтэй Т согтуурсан үедээ хулгайлсан байхыг илрүүлсэн байна.
НД-5 Гордокын замд цагдаагийн алба хаагчид эргүүл шалгалт хийж байх үед 11-р сарын 18-нд “Урал” маркийн 3 автомашинд 1015ш, 2,20м урттай моднууд зөвшөөрөлгүй тээвэрлэж явсныг саатуулан, шалгаж буй юм.
Уг хэргийг үйлдэгч 33 настай эрэгтэй Б- нь Төв аймгийн Мөнгөн морьт сумын Булаг гэх газар зөвшөөрөлгүй мод тээвэрлэж яваад баригдсан аж.
Мөн дэлгүүрт хулгай орсон тохиолдол нэлээд олон байгаа юм. Тухайлбал БГД-ийн 20-рм хорооны нэгэн барилгын материалын дэлгүүрийн хаалгыг, СХД-7 хороонд суух Т 25 насай залуу бусадтай бүлэглэн эвдэж 4кг-тай солонгос эмульс 50ш, 18кг-тай будаг 2ш зэрэг эд зүйлс хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, шалгаж байгаа юм.
Бас СХД-27-р хорооны “Гоодоо” хүнсний дэлгүүрт хулгай орсон байна” гэсэн мэдээллийг өчигдөр буюу 11-р сарын 20-нд ирүүлсэн байна. Үүний дагуу шадгахад 31 настай эмэгтэйн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч “ESSE” тамхи 45 хайрцаг, “Чингис” /0.75г/ архи 5ш мөн 2,000,000 төгрөгний хүнсний бараа зэргийг СХД-27 хороонд суух 11 настай хүүхэд бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн СХДЦХ-1-р хэлтэс шалгаж байгаа юм байна.
Мөн цайны газар дээрэмдсэн, мэс хэрэглэж айлган сүрдүүлж хүүхэд дээрэмдсэн зэрэг хулгай дээрмийн хэрэг ихээр гарч байгаа юм. Тиймээс ард иргэдийг сонор сэрэмжтэй явж, үнэт зүйл болон үйлчилгээний байгууламжаа харуул хамгаалалт сайтай үлдээхийг сануулж байна.
О.НАНСАЛМАА