Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЗАМЫН ЦАГДААГИЙН СЭСЭЭР ЯРЬЖ БАЙНА

2016-11-21  

Олон мянган үзэгчид нь зурагтаар “Замын цагдаагийн Сэсээр дэд хурандаа ярьж байна” хэмээн энэ эрхэм хүнтэй танил дотно болсон билээ. 

Даваагийн Сэсээр нь Алтайн хөх харцуулын нэгэн. Тэрбээр 1948 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд “Их замт” хэмээх газар төрсөн нь хойшдынх нь ажил үйлсийг алтан шар замтай холбосон хувь ерөөл тохиосон гэлтэй. Сумынхаа дунд сургууль төгсөөд Багшийн Дээд Сургуульд сэтгүүлч мэргэжлээр суралцжээ. Дараа нь МУИС-ыг хуульч мэргэжлээр төгссөн хир нь өөрийгөө чамлан Удирдлагын Хөгжлийн Дээд Сургуульд хууль зүйн магистр зэрэг хамгаалсан байна. Дархан хот дахь агаараас эсэргүүцэн хамгаалах 134-р ангид нууц хариуцсан бичээч байлдагчаар армийн албаа хааж Улаанбаатар хотын Авто сургуулийг 1975 онд төгсжээ. Нийслэлийн МАХН-ын хороонд 1975-1982 онд үзэл суртал ухуулгын ажилтан, 1983-1990 онд УАТШБГазрын улс төрийн ажилтан хийж байгаад 1990 оноос эхлэн Замын Цагдаагийн Газар, Цагдаагийн Ерөнхий Газарт ахлах байцаагч, тасгийн даргаар алба хашсан байна. Монгол Улсын хөдөлмөрийн аваргаар шалгарч Алтан гадас, Цагдаагийн алдар, Цагдаагийн гавъяа одонгоор шагнагдан, Ардын хувьсгалын 50,60,70,80,90 жилийн ойн медалиар энгэрээ мялаажээ. Дэд хурандаа Сэсээр өөрт нь олгосон Монгол Улсын “Радио Телевизийн тэргүүний ажилтан” цолыг тун ч эрхэмлэн хүндэлдэг байлаа.

Дэд хурандаа Д.Сэсээрийн үүсгэн хэрэгжүүлсэн олон шинэлэг ажил Монголын Замын цагдаагийн алтан хуудсанд нэгэнт тодоор бичигдэн үлджээ. Хүүхэд багачуудын дунд жил бүр зохиогддог “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг 1983 онд санаачлан эхлүүлсэн нь өнөөдрийг хүртэл өсвөрийн үеийнхний хүсэл сонирхлыг татаж замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг чадварыг тэдэнд олгосоор ирсэн ач холбогдолтой. Сэсээр дэд хурандаагийн бодож сэтгэж олж хэрэгжүүлсэн “Дугуйтай хүүхдийн жолооны үнэмлэх” ямар хөөрхөн үр өгөөжтэй ажил байсныг өнгөрсөн зууны ная ерээд оныхон, эцэг эхчүүд, багш нар андахгүй. Дугуй унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдэд “Та ч бас жолооч шүү” гэсэн уриатайгаар дүрэм журмын мэдлэг олгож сургалт явуулан, үнэмлэх олгодог энэ хөдөлгөөнд багачууд хичнээн дуртай хамрагддаг байсан гэж санана. Олон улсыг дамжин Ази, Европ тивийг холбосон “Торгоны зам” нэртэй лут том авто аяллыг 1992 оноос эхлэн Монголынхоо бүх аймгуудаар хийсэн юм. Монголын уудам газар нутгаар дамнан өнгөрөх авто замын сүлжээний онцлогийг гадаадын аялагч жуулчид, мэргэжлийн байгууллагуудад танилцуулж, бид өөрсдөө олон улсын авто замын хөдөлгөөний шинэлэг ололт туршлагаас суралцахад энэ аялал мөн ч их үүрэг гүйцэтгэсэн гэж Замын цагдаагийн мэргэжилтнүүд үнэлсэн билээ.

Монголын Замын цагдаагийн анхны тогтмол хэвлэл “Замын цагдаагийн сонин”-ыг 1990 онд санаачлан долоо хоног тутам хэвлүүлж олон нийтэд түгээжээ. Энэ сониноор замын хөдөлгөөний дүрмийг хүмүүст ойлгуулан жолооч нарын асуултад хариулж, авто техник сонирхогчдод зориулсан шинэ сонирхолтой мэдээллийг нийтэлсэн нь уншигчдын эрэлт хүсэлд гойд нийцэж олон мянган захиалагчтай болсон. Замын цагдаагийн мэдээллийг иргэд сониноос тогтмол уншдаг болж, дүрэм зөрчсөн жолооч иргэдийн тухай фото сурвалжлага бүхий сэрэмжлүүлгээс олон түмэн сургамж авч, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож эхэлсэн нь нийгэмд том үр нөлөө өгснийг албан судалгаа харуулдаг. Замын цагдаагийн ахмад албан хаагч Д.Батжаргал ярихдаа “- Сэсээр дэд хурандаа сонин хэвлэлд мэдээ сурвалжлага их бичдэг байсан. “Үнэн”, “Ардын эрх” гээд сонинд бичсэн юм нь их гарна. Нэг удаа надад “-Сониныхон намайг хэтэрхий олон юм ойр ойрхон өгч байна гээд заримыг нь гаргаж дийлэхгүй байна. Би ер нь өөрөө сонин гаргана аа” гэж билээ.Тэгээд л сониноо гаргасан даа. Телевиз радиогаар өглөө оройгүй л “Замын цагдаагаас мэдээлж байна” гээд л манай хүн ярьж гарна. Монгол даяар л Сэсээрийг таньдаг байсан” гэж хуучиллаа.    

Сэсээр дэд хурандаа 1983 онд өөрөө гардан телевизээр “Тоншуул” нэртэй мэдээ сурвалжлагын хөтөлбөр батлуулан хөтөлж явуулсан. Энэ хөтөлбөрөөр албаны авто машинаа жолооч нар хувийн гэр хашаандаа тавьснаас болж гэнэтийн ямар аюул осол зөрчил гарч болохыг анхааруулсан нь олон хүнд том сургамж дохио болжээ. Авто жолоочийн сургуулийн хичээлийн хөтөлбөрт хамгийн анх “Электрон самбарын карт”-ыг Сэсээр хурандаа 1988 онд санаачлан нэвтрүүлжээ. Замын цагдаагийн газрын төв байрны хоёр давхарт байсан хуучнаар авто сургалтын танхим, одоогоор удирдлагын зөвлөлийн гишүүдийн хурлын өрөөнд энэ самбарыг байрлуулан ашигладаг байсныг ахмадууд сайн санаж байгаа.

Дэд хурандаа Сэсээр хөдөө нутгаар байнга явж иргэдийн дундах хууль бус ан гөрөөний зөрчлийг арилгахад идэвх зүтгэлтэй ажиллаж байв. Хөдөөгүүр “АТГ-018” дугаартай шар өнгийн “Волга” хорин дөрөв машин харагдах бүрийд тэр үеийн хүмүүсийн дунд “- Сэсээр дэд хурандаа гараад ирлээ” гэсэн яриа түгдэг байж. Замын цагдаагийн хошууч хүү С.Хурцбилиг нь дурсан  “-Аав нэг л удаагийн хөдөө явсан үзлэг шалгалтаараа, хууль зөрчиж зөвшөөрөлгүй ан хийсэн хүмүүсээс дөч гаруй буу хурааж авчирч байсныг би сайн санадаг. Замын цагдаагийн байрны киноны аппарат зоолттой байдаг байсан өрөөнд тэдгээр буу зэвсгийг оруулж хадгалдаг байв” хэмээн хуучиллаа.

Дэд хурандаа Сэсээр нь Чех улсын “Вартбург” загварын “Зөгий шар” гэгдсэн суудлын машин хөлөглөн ухуулга сурталчилгаандаа гардаг байсныг нь замын цагдаагийн үе үеийн ажилтнууд андахгүй мэднэ. Эмэгтэй жолоочтой, тэр нь ахмад ажилтан Норов гуай юм. Цагдаагийн албан хаагчдын ээлжин дээрх сахилга батыг шалгадаг “А-9” нэртэй ёс журмын эргүүлээр явахдаа харуул дээрээ унтсан цагдааг цочоож сандраалгүй зөөлөн дуудаж сэргээгээд “-Бие чинь зүгээр үү, хүү минь? Сэтгэл санаа тавгүй биш биз? Ар гэрийнхэн чинь сайн биз дээ?“ гэж их л аминчлан асууж танилцаад “Одоо ээлжнээс буугаад сайн унтаж амарч аваарай” гэж захина. Сэсээр дэд хурандаагийн шударга зантай нь хосолсон хүнлэг чанар нь хойч үеийн замын цагдаагийн ажилтнуудад үлгэр дууриал болжээ. Хамт ажиллаж байсан ахмад ажилтан Д.Чойжамц дурсахдаа “-Нэг удаа архи үнэртүүлсэн жолооч Сэсээр дэд хурандаатай таарч арга хэмжээ авхуулах болжээ. Нөгөө нөхөр ч их айж байв. “Яагаад ингэж яваа юм?” гэж асуухад нь тэр хүн “-Гэрт амарч байх үеэр уулзалгүй удсан найз маань ирээд ганц юм задалсан юм. Тэгтэл эмнэлэгт байсан ээжийн бие тавгүйрхээд надаас өөр очих хүн байдаггүй. Тэгээд л яарч яваад ийм юм болчихлоо” гэжээ. Манай хүн нөгөө нөхрийн машиныг нь бариад гэрт нь цуг очиж хоол цай хийлцэж аваад эмнэлэг орж ээжийг нь эргэсэн гэж байгаа. Ийм л хүн дээ” гэлээ. 

Номонд гойд дуртай хүн байсан. Бурхан багшийн сургаалийг их уншиж судалж хүнд туслах өглөг буян үйлдэхийн гэгээрлийг олж биеэрээ үлгэрлэж байлаа. Хүү С.Хурцбилиг нь “-Аавын номын өрөө тусдаа. Олон номтой шүүгээ тавиуртай. Номоо их нямбайлан арчилж тордоно. Жилд нэг удаа номондоо салхи заавал оруулдаг зантай. Бүх номоо бидэнтэй хамжилцан хайрцаганд хийгээд машинд ачиж аваад гэр хороололд манай нэг ахынд очино. Бүх номоо тэндээ хашаан дотор гадаа гарган нэг бүрчлэн тоос шороог нь арчиж цэвэрлэн салхи үзүүлнэ. Номоо дээдлэн ном дэрлэж унтдаг хүн байсан” гэж дурсан ярьж байна.

 

 

 Ө.Рагчаасүрэн / МУСГЗ, сэтгүүлч/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?