Их хэмжээний цас орсны улмаас үүсээд байгаа нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн удирдлагууд шуурхай хуралдаж, хотын дарга холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг өглөө.
Цас цэвэрлэх хотын даргын уриалгад цэргийн анги байгууллагууд нэгдэж, өнөөдөр оройн 20 цагаас эхлэн тодорхой хэсгүүдэд алба хаагчид хуваагдан ажиллахаар болсныг Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцууллаа. Тодруулбал, Баянзүрх дүүрэг “Арслан”-тай хөшөөнөөс “Нарантуул” захын уулзвар хүртэл цэргийн 014, 015, 032 дугаар ангийн цэргүүд, Хан-Уул дүүрэг Яармагийн гүүрнээс Нисэхийн уулзвар хүртэлх замд цэргийн 013, 017, 089,120 дугаар ангийн цэргүүд, Чингэлтэй дүүрэг Дөлгөөн нуурын уулзвараас Гэсэр сүм хүртэлх замын цасыг цэргийн дүйцүүлэх албаныхан цэвэрлэхээр болжээ. Нийтдээ 500 орчим хүн оролцох юм байна. Харин нарны гүүр болоод нарны замын 8.4 км авто зам, замын байгууламжийг ТҮК-ийн ажилчид цэвэрлэж, цас, мөсийг нь арилгах юм.
Цас арилгах бодис, давс нэмж авах, цаашид цас цэвэрлэх техникээ шинэчлэхээр төлөвлөж байгааг хотын дарга хэллээ. 11 дүгээр сарын 24 буюу ирэх пүрэв гарагт ОХУ-аас 198 тонн тусгай зориулалтын бодис ирнэ. Мөн Засаг даргын нөөц хөрөнгөөс дахин 400 тонн бодис авахаас гадна БНХАУ-аас явган хүний замын цас мөс шүүрдэх, замд хөлдсөн цасыг ховхлох техникүүд авахаар захиалжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд холбогдох газар хэлтсийн дарга нарт хандан цас, мөс хайлуулах бодис, давсны татан авалтыг түргэсгэж, 400 тонн бодис татах гэрээг хурдан хугацаанд хийх болон цэргийн алба хаагчдыг багаж хэрэгслээр хангахыг үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.