Э.БӨХБАТ: МИНИЙ ӨРӨӨНӨӨС МОНГОЛ ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХАМГААЛАХ БОДЛОГО ГАРЧ БАЙДАГ

2016-11-26  
Ажлын гараагаа Сонгино Хайрхан дүүргийн ЗЦГ-ын тасагт туслах ажилчнаар эхлүүлж, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаалах үйлсэд 21 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа билээ. Өдгөө ЗЦГ-ын Урдчилан сэргийлэх олон нийттэй харилцах албаны дарга, Цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэмээх эрхмийн ажлын өрөөгөөр зочилсноо хүргэе.

Та энэ албанд хэдэн жил зүтгэж байна вэ?

Энэ албанд 21 жил зүтгэжээ. Энэ хугацаанд дадлагажих ажилтнаас авахуулаад цагдаагийн бүх цолыг авсан. Ажлын гараагаа СХД-ийн ЗЦГ-ын тасагт туслах ажилчнаар эхлүүлж, түүнээс хойш курст сууж анхны дэд ахлагч цолоо авсан. ЗЦГ-ын хот хоорондын тасаг, Мэргэжлийн хяналтын тасагт Мэргэжлийн комиссын байцаагч, ахлах байцаагч, БЗД-ийн ЗЦГ-ийн тасгийн дарга, ЗЦГ-ын УСОНХ албаны тасгийн дарга гэсэн албан тушаалуудыг хашиж байгаад тэндээсээ ОХУ-д сургуульд явсан. Төгсөж ирээд ЗЦГ-ын УСОНХ албаны даргаар томилогдоод Цагдаагийн хурандаа цолтой, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хамгаалах үйлсэд зүтгэж явна.

Сонирхуулахад дадлагажих ажилтан хийж байхад одооны энэ улаан дохиур байсангүй. Оросын хар, цагаан алаг модон дохиур байлаа, тэр нь ховор ч байж. Тэр үед бид тоос сорогчны хатуу хоолойг тайрч дохиур хийж билээ. Яг гурван дохиур гарч бид түүнийгээ бариад “Хархорин” зах дээр хөдөлгөөн зохицуулж ажлын гараагаа эхэлсэн дээ. /инээв/

Арван жилээ төгсөөд шууд цагдаагийн байгууллагат ажиллаж эхлэв үү?

Намайг арван жил төгсөж байх үед ид наймааны үе байлаа. ОХУ, БНХАУ гэсэн чиглэлээр тэр үеийн наймаа хийдэг байсан залуучуудтай зэрэгцээд Улаанбаатар хотод нэг хонодоггүй, өглөө урдаас ирээд, орой хойшоо гардаг ийм байдлаар наймаа хийж байсан юм. Тухайн үед наймаа ч амжилттай явж байв. Өөрийн гэсэн тодорхой хэмжээний хөрөнгө, байр суурьтай болсон. Миний хийх ажил худалдаа, наймаа биш. Би багын л цагдаа болно гэж мөрөөддөг хүүхэд байсан юм. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн үг байдаг. Ингээд өөрийн хүсч байсан мэргэжлийн дагуу цагдаа болсон доо.

Олон зүйл сонирхол татаж байна. Та ажлын өрөөгөө танилцуулаач?

Би өдрийн ихэнх цагийг ажил дээр, өрөөндөө өнгөрүүлдэг болохоор аль болох тохилог байлгахыг хичээдэг.

Энэ жаазтай цагдаагийн мөрдсүүд багаасаа том гээд бүгд байгаа. Яагаад гэхээр би энэ бүх цолыг хамгийн багаас нь эхлээд дараалуулан авч, энэ албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэсний хүчинд Монголын цагдаагийн албаны хамгийн том цол болох Хурандаа хэмээх цолыг хүртээд байна. Үүнийг бэлгэдэж миний найз надад хийж өгсөн юм.

Эргээд харахад миний зүүж байсан бүх цол тэмдэгүүд “Хүн хэзээ ч өнгөрсөн түүхээ мартаж болохгүй” гэдгийг сануулж байдаг дурсгалтай эд байгаа юм.

Харин медалиудын хувьд би ширээний теннисээр хичээллээд 6 жил өнгөрсөн байна. Жишээ нь “Хүч спорт хороо”-ны аваргын тэмцээнд орж багаараа энэ алтан медалийг авсан. Харин энэ бол хамтрагч байгууллагуудын аварга шалгаруулах тэмцээнд орж хүртсэн хүрэл медаль гээд нийт 40-өөд медаль байна. Хамгийн том нь Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа аваргын алтан медаль хүртсэн. ОХУ-ын Дотоод яамны Удирдалгын академд сурч байхдаа тус сургуулийнхаа дэд аваргыг 3 удаа авсан. Бас нэлээд хэдэн баярын бичиг бий. Цаг зав муутай болохоор тэр болгон тэмцээнд оролцоод байж чадахгүй л юм.

Ээж маань цэцэг ургуулах их дуртай, гэрээрээ дүүрэн цэцэг тарьдаг. Бага байхдаа цэцэг хэрхэн тарьж, арчлах талаар ээжээсээ сурсан. Би цэцгийг хүний энергийг шалгадаг гэж ойлгодог юм. Энерги сайтай хүмүүстэй газар цэцэг сайхан ургадаг гэдэг. Энэ утгаар нь өрөөндөө цэцэг байлгах дуртай. Миний арчилж байгаа цэцэгнүүд өөрсдөө дэлбээлээд сайхан ургадаг.

Энэ өрөөнөөс "Монгол хүний амь насыг хамгаалах бодлого гарч байдаг учраас энерги сайтай байдаг болов уу" гэж боддог.  Мөн өрөөний агаар цэвэршүүлж, өөрөөсөө хүчил төрөгч ялгаруулдаг. Ер нь би цэцгэнд их дуртай, цэцгийг маш сайн арчлах хэрэгтэй гэж бодож явдаг.

Б.Лхагвасүрэн гуай “Нэг хүний амийг аврахад мянган цагаан суварга босгосонтой тэнцдэг” гэж хэлсэн байдаг шүү дээ.

Төрийн сүлд, далбаа, марк гээд энэ тухайд?

Маркийг миний ах надад бэлэглэж байсан. “Монгол шуудан”-гаас гаргасан машины хөгжил харуулсан ховор сонин машинуудын зурагтай маркууд байгаа юм. Төрийн сүлд, далбааны хувьд манай гэрт ч байгаа, байнга дээдэлж явдаг. Хааяа хараад, ёсолчихсон байхад тэр өдөртөө л ажил урагштай бүтнэ гэж итгэдэг юм.

Нийслэл хотын газрын зургийн талаар тайлбарлаач?

Энэ зургийг харж ажлаа төлөвлөнө. Мөн миний өрөөгөөр орж ирсэн хүмүүст мэдээлэл өгөх үүднээс энэ зургийг байрлуулсан. Жишээ нь төлөвлөгөө хийхэд хаагуур ямар зам бөглөрөл, халтиргаатай, аль зам дээр осол, аваар их гарч байна. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? гэх мэт бодлого боловсруулж, бусад албадуудад хүргүүлэхэд тус дөхөм болдог юм.

Дөрвөн бэрхийн шагай байна. Та мэргэлдэг юм уу?

Энэ шагайгаа ямар нэг ажил үйлсэд явахдаа хаяаад үзчихдэг юм. Ингээд  хаяаад үзье 2 морь, 2 хонь буулаа. “Ажил үйлс саадгүй бүтнэ” гэж байна. Тийм болохоор бид хоёрын ярилцлага бүтэмжтэй болно гэсэн үг. Хэрвээ бүтэмжгүй буух юм бол бүтэлтэй болтол нь хаяна даа. /инээв/  

Өөр бас цагдаагийн байгууллага зайлшгүй судалгаа хийх хэрэгтэй. Тийм болохоор холбогдох ном, зохиол мэргэдийн бүтээл их цуглуулна. Энд байгаа номнууд дандаа тэр чиглэлийн сурах бичгийн номнууд байгаа.

Миний багш гэж хэлж болно. Үүнтэй холбоотой хэлэхэд манай байгууллагат байсан Дэд хурандаа С.Энхтөр гадаадын судлаачдын хийсэн 1000 орчим хуудастай номыг орчуулж гаргаж байгаа. Тэр ном бол бидний багшийн багш болох үндсэн бааз суурь болох бүтээл болж байгааг энэ дашрамд дуулгахад таатай байна.

Энэ дашрамд манай Статистик дүн үйлчилгээний хэлтсээс жил бүр гаргадаг 2012-оноос хойш тасралтгүй гаргаж байгаа номнууд. Энэ ямар учиртай гэхээр Монгол улсад үйлдэгдээд байгаа зам тээврийн ослыг нарийвчлан гаргасан гарын авлага юм.

Жишээлбэл тээврийн хэрэгслийн тоо, ослын тоо гэх мэт бүх мэдээллийг нэгтгээд гаргачихсан өдөр тутам хэрэглэж байдаг чухал үр дүнтэй ном байна.  

Мөн бидний ажил цаг нар багатай байдаг учир аль болох тэмдэглэл хийж явах, олон төрлийн ажил төлөвлөх хэрэг гардаг. Мартах зүйл гарч магадгүй болохоор хувийн зохион байгуулалтаа сайжруулах, төлөвлөсөн, төлөвлөөгүй ажил хэргүүдийг орхигдуулахаас сэргийлж хуанли дээр тэмдэглэл хийдэг. Иймээс миний ширээн дээр цаг, хуанли хоёр заавал байх ёстой.

Утас, богино холбооны станцууд миний байнгын туслахууд байгаа юм. Бид байнга өрөөнд суугаад үүрэг өгөөд байдаггүй. Яг л цагдаагийн адил, үүрэг гүйцэтгээд явах үедээ станцаа аваад бусадтайгаа холбогдоод явдаг юм.

 

 

 

 

 

 

 

Кофе нэлээд уудаг юм аа даа?

Кофегоо ууж байж эрч хүч авна, тэгэхгүй бол их ядардаг. Манай ажил оюуны чадамж их шаарддаг. Янз бүрийн хүмүүст мэдээлэл өгнө. Зөв мэдээлэл өгч, монгол хүний амь насыг хамгаалах үйлсэд татан оролцуулахын тулд зөв талаас нь ярих хэрэгтэй. Тэгэхийн тулд маш их уншиж судлана. Мөн ядарсан царай зүсээ харагдуулахгүйн тулд кофе уудаг юм.

Энэ хоёр цагдаагийн хүүхэлдэй ямар түүхтэй юм?

Энэ “Ногоон гэрэл, цагаа шугам” тэмцээний 30 жилийн ойгоор хийгдсэн хүүхэлдэй байгаа юм. Үүнээс хойш 5 жил өнгөрчихөөд байна. Үүнийгээ өшөө илүү сайжруулахаар зорьж байгаа. “Ногоон гэрэл, цагаан шугам” гэдэг тэмцээн 35 жилийн өмнө зохион байгуулагдаж байсан юм билээ. Анх зохиогдож байх үед нь орж байсан хүүхдүүдийн нэг нь одоогийн Цагдаа олон нийтийн төвийн дарга, хурандаа Н.Ганбадрал гэдэг хүн байдаг. Энэ хүн “Би энэ “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээний анхны оролцогч шүү. Миний амьдралд хууль гэж юу байдаг, замын хөдөлгөөн гэж юу болох гэх мэт хөдөлгөөний аюулгүй байдлын анхан шатны мэдэгдэхүүнийг өгсөн. Ийм буянтай тэмцээн байгаа юм.

Би үүнийг цагдаагийн хурандаа болтлоо санаж явдаг. Тэр үед бидний сэтгэхүйд хийж байсан зүйл одоо болтол мартагддаггүй юм” гэж ярьдаг.

Тэгэхлээр энэ тэмцээн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, ялангуяа сонсголын бэрхшээлтэй эцэг, эхтэй хүүхдүүд, эцэг, эхдээ та намайг ингэж тээвэрлэж болохгүй, та надад хамгаалах бүс бүслүүлэх ёстой, та намайг гарцаар гаргах ёстой,  намайг сургуульд хүргэж өгөх үүрэгтэй гэх мэт энэ бүх мэдлэгийг хүүхдүүдэд өгснөөр сонсголын бэрхшээлтэй эцэг, эхчүүдийг хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажил руу шууд татан оролцуулдгаараа онцлогтой.

Энэ нь хүүхдүүдийн тархинд суулгаж өгөх, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр явагдаж байгаа ажил юм л даа.

Мөн энэ бэлий байна. Дээр нь “Don’t drink & Drive” буюу та уусан бол бүү жолоод гэсэн уриа бичсэн байгаа юм. Олны танил хүмүүсээр уриалуулдаг, мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад байрлуулж. Та согтуугаар жолоо барих юм бол өөрийнхөө болоод бусдын амь насыг хутганы ирэн дээр авч ирнэ. Тиймээс амссан л бол бүү жолоод гэж уриалдаг. Энэ ажил явагдаад 3 жил болж байна. Нэлээд үр дүнтэй ажил болж байгаа гэж харж байна.  

 

 

 

 

Бичиг цаасны ажил нэлээд байдаг учир, аль болох цэгцтэй, ангилалтай байлгах үүднээс бичиг цаасны тавиур хэд хэд байгаа.

Өөр сонирхуулах зүйл гэвэл энэ баатрын баримлыг миний дүү надад "Чингис хаан" шиг баатар эр болоорой гэж төрсөн өдрөөр минь бэлгэлсэн./инээв/

Мөн энэ шкафнд баярын бичиг, ном товхмол, дурсгалтай зүйлүүдээ хадгалдаг юм. Жишээ нь сүүний хайрцаг байна. Өнгөрсөн жил "Сүү" ХК бидний ажлыг дэмжиж сүүний хайрцагтаа манай уриалгыг байруулж өгсөн. Би билгэдээд аваад хадгалсан байгаа юм. 

Энэ бол  Ширээний теннисний тэмцээн уралдаанаас авсан баярын бичиг, бусад хамтран ажилладаг байгууллагуудын өгсөн өргөмжлөл дурсгалын зүйлс байна.

   

“Цагдаа бол амьдралын дархлаа юм” гэж Б.Лхагвасүрэн гуайн хэлсэн үг байдаг. Цагдаа бол амьдралын“дархлаа”. Энэ дархлаа гэдэг үгийг зөвхөн эмнэлэг дээр ярьдаггүй. Ерөөсөө хүний амьдрал, тэр улс орны дархлаа юм. Ажлын өрөөндөө урьсан таньд баярлалаа цаашдын ажилд нь амжилт хүсье. 

 

 Ярилцсан: Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?