ГССҮТ-ийн дэргэд байрлах “Мед Траума” эмнэлэгт ясны сийрэгжилтийн оношилгоог үнэ төлбөргүй хийхээр болжээ.
ДЭМБ-аас ясны хугарлын эрсдэлийг үнэлэх хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн буюу ясны бэртэл, гэмтэлтэй иргэдэд үнэ төлбөргүй оношилгоо хийж зөвлөгөө өгнө. Оношлуулах хүсэлтэй иргэд ясны хугарлыг харуулсан рентген, томографийн зургаа авч ирнэ. Мөн ясны сийрэгжилтийн шинжилгээ хийх аж. Ирэх оны хоёрдугаар сар буюу халтиргааны үе дуустал үнэгүй оношилгоо хийх юм байна.
Ясны сийрэгжилтийн явц, хурд, эмгэг зэрэг нь ямар түвшинд байгааг бүх үзүүлэлтээр харуулдаг олон улсад хэрэглэдэг тоног төхөөрөмжөөр оношилно. ДЭМБ-аас ясны сийрэгжилтийг “чимээгүй тахал” гэж нэрлэсэн бөгөөд 150 гаруй өвчний гол шалтгаан болж байгааг тогтоосон. Хүний яс маш нягт байх ёстой атал сүүлийн үед даавуу шиг сийрэгжсэн тул хугарлын дараах эмгэгийг эмчлэх мэс заслын үед хадаас ч тогтохгүй шахуу болсон байна.
О.НАНСАЛМАА