Ирэх сард Увс, Завханы хойд хэсгээр -24-29, Алтайн өвөр говиор -11-16, бусад нутгаар -18-23 градус хүйтэн байх аж. Харин Увс Завханы хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь.
Одоогийн байдлаар нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас Завхан, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Төв, Дорнод Өмнөговийн зарим сумаар 10, Увс, Завхан, Ховд, Завхан Төв Улаанбаатар, Хэнтийн ихэнх суманд 11-20, талд 30-40, хунгарлаж, шуурч буй газартаа цас 50-60 см хүртэл зузаан байгаа аж.
11 дүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаар нийт нутгийн 50 гаруй хувьд өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарсан бөгөөд сарын урьдчилсан мэдээгээр нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн нутгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна. Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй сум, орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Ус цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Д.БУЯНЖАРГАЛ