Хүн өртэй гэж сонсож байснаас, улс орон өр ширэнд баригдсан тухай сонсоно гэж зүүдлээгүй. Гэтэл ийм цаг ирдэг юм байж, бас ийм зүйлийг үздэг юм байжээ. Улс төр бол эдийн засаг дээр тогтдог. Тусгаар тогтнол, бие даасан байдал гэдэг бол эдийн засагтай салшгүй холбоотой гэдгийн жишээг холоос эрэх шаардлагагүй болжээ, өнөө цагт.
Эдийн засгийн хувьд хөл дээрээ босож чадахгүй бол, тусгаар тогтнол, улс орныхоо бүрэн бүтэн байдлыг хадгалах боломжгүй гэдгийг Төв Азид орших Таджикстан зэрэг зарим орны бодит жишээ бэлхнээ харууллаа.
Монгол улс Таджикстанаас нэг их дээрдэхгүй байдалд хүрчээ гэдгийг эрдэмтэд, эдийн засагчид сануулсаар. Үүнээс том дохио гэж байна уу? Ард иргэд маань өр зээлтэй ч, тэд улс орноо өрөнд оруулаагүй гэдгийг баттай хэлж чадна.
Хэн өрөнд оруулсныг нэрлэх шаардлага алга. Тэд нар бол Монгол төрийн эрхийг барьж тоглогч, нөгөөх эрх мэдэлтнүүд. Тэдний баталсан хууль, гаргасан шийдвэр, байгуулсан гэрээ хэлэлцээр цагаан цаасан дээр хөх бэхээр бичигдсэн байгаа.
Тэдэнтэй хэн хэзээ хариуцлага бол оо?
Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Цагдаагийн тусгай алба гэж нэг байгууллага бий. Яг л энэ чиглэлээр ажиллах зориулалттай гэж сонсогддог. Төсвөөс санхүүждэг. Энэ байгууллага эдийн засгийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар юу хийв ээ? гэдгийг холбогдох дээд байгууллага нь сонсох цаг болжээ.
Түүнийг нь ард иргэддээ мэдээлэх нь чухал. Хэрэв дээд байгууллага нь энэ ажлыг хийх хүсэл эрмэлзлэлгүй бол, ард иргэд бас шахаж шаардах эрхтэй. Нөгөө алдартай Авилгатай Тэмцэх Газарт ч хандаж, асуух цаг болжээ. Тэдгээр гүйцэтгэх албаныхан шүүмжлэлд өртөж буй шиг хэн нэг улс төрчийн захиалгаар бус, татвараа төлж, цалинжуулж буй ард иргэддээ шударгаар үйлчлэх учиртай. Цагаан захтнуудын хэргийг хэрхэвч замхруулж болохгүй. Улс орны эрх ашигт харшилсан шийдвэр гаргасан төр, засгийн аль ч түвшний цагаан захтангууд, хариуцлагаас хэзээ ч мултрах учиргүйг сануулах цаг болсон.
Ард иргэдийн дийлэнх нь өнөө маргаашийхаа хоолны мөнгөө олох,лизингийн авто машин, ипотекийн байрны зээлийн хүүгээ банкинд хэрхэн төлөх вэ? гэдгээс өөр юм бодох чадваргүй болсон. Тэд үнэндээ завгүй байна. Тэдний өмнөөс хууль, хүчнийхэн, хэвлэлийнхэн хүч хавсран зүтгэх ёстой. Энэ янзаараа үргэлжилбэл, Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал ч алдагдах нөхцөл бүрдэх аюул тулгарч буйг иргэд бүрт сануулах цаг болжээ.
Тэгэхийн тулд хамтын хяналтаа тогтооцгооё. Хамтдаа, эрх мэдэлтнүүдийн үйлдэл бүрт хяналт тогтооцгооё. Энэ бол эрх мэдэлгүй боловч, эрх мэдэлтнүүдийг сонгосон та бидний тэднийг хяналтандаа байлгах цорын ганц зам.
Нийтлэлч Ц.ЭНХБАТ