2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 318 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 229 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ослын газрыг орхин явсан осол хэрэг нилээдгүй бүртгэгдсэн байна. Замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 37 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Тухайлбал :
ХУД-ийн 3-р хороо Чингисийн өргөн чөлөө 49-р байрны гадаа улсын дугаар, марк тодорхойгүй тээврийн хэрэгсэл нь явган зорчигч 7 настай Г-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан.
БГД-ийн 2-р хороо Гранд плазагийн урд замд амины T.Pruis-20 маркийн автомашины жолооч нь V.Accent маркийн М жолоочтой автомашиныг мөргөөд ослын газрыг орхин явсан.
Орон нутагт : Завхан аймгийн Сантмаргац сумын Холбоо багт асфальтан замд зогсож байсан УАЗ-3303 маркийн Ц жолоочтой автомашины араас H.Porter маркийн Б жолоочтой автомашин мөргөж жолооч 42 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.
Жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон мөн бичиг баримтын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцож явахдаа, айж сандарсанаас осол гарган хэргийн газрыг орхиж байна. “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэж үг байдаг хэзээ нэгэн цагт таны хийсэн хэрэг зөрчил илэрдэг гэдгийг та ойлгох хэрэгтэй. Зам тээврийн осол гаргачихаад баригдахгүй гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг.
Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн Эрүүгийн хуулинд "хүндэвтэр" гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлж үздэг.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зааж өгсөн байдаг. Үүнийг дурдвал :
216.1. “Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР