2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн нийт 739 зам тээврийн осол бүртгэгдсэн. Зам тээврийн осол, хэргийн улмаас 98 хүний амь нас хохирч, 179 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 27978 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн ослын улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэд дийлэнх хувийг эзлэж байна. Согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох явган зорчигч ч цөөнгүй бий.
Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-40 насны ид хөдөлмөрийн насны идэвхитэй амьдралд яваа залуучууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь их байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жодоодсоны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн 30 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.
Өнгөрсөн 2015 оны 12 дугаар сард улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2883 бүртгэгдсэнээс нийслэлд 1878 байна. Улсын хэмжээнд 2 хүний амь нас хохирсон байна.
Байгууллага, аж ахуй нэгжүүд шинэ жилээ хэрхэн сайхан тэмдэглэх вэ гэж бодохоос алба хаагч, ажилчидаа хэрхэн аюулгүй гэр орондоо харьж байна эдгэгт анхаарал тавьдаггүй. Үүнээс болоод шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс танхай, хулгай, дээрэм гэх мэт гэмт хэрэг, зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох, осгох хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Хэдхэн жилийн өмнө Талархлын бичигээ тэврээд хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарч байсныг бид санах хэрэгтэй.
Иймд Замын цагдаагийн албанаас хүлээн авалт хийх, баяр ёслол тэмдэглэхдээ өөрийн болон бусдыг аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцож тэмдэглэхийг уриалж дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.