Нийслэлд амралтын өдрүүдэд 46 хулгайн хэрэг гарчээ. Орон байр, халаасны хулгайгаас гадна автомашины толь, хучлага хулгайлсан хэрэг нэмэгдэж байгаа бөгөөд иргэд үйлчилгээний газар болон тэдгээрийн ойр орчимд байхдаа эд зүйлээ хулгайд алдах нь олширч байна.
Тухайлбал : Бямба гарагт БГД-ийн 12-р хорооны нутагт байрлах нэгэн зочид буудлаар үйлчлүүлсэн О согтуу унтаж байхад нь тус буудлаар үйлчлүүлсэн Б гэгч эмэгтэй өрөөнд нь орж алтан ээмэг, “Samsung S-5” маркийн гар утсыг нь хулгайлсныг Цагдаагийн I хэлтэс шалгаж байна.
Ням гарагт СХД-ийн 13-р хороонд байрлах зочид буудлаас Н, Б нар “Samsung Galaxy S-7 edge”, “Samsung Galaxy note 2”, “IPhone 5” маркийн гар утсаа алджээ. Тус хороонд оршин суугч О уг хэргийг үйлдсэн байна.
Жижиг зочид буудлууд үйлчлүүлж буй хүмүүсийнхээ өрөөний дугаарыг нь хэлээд явуулчихдаг. Үүнийг нь далимдуулан хулгайч нар хаалга нь онгорхой өрөөнөөс бусдын эд зүйлийг хулгайлж байна. Иймд зочид буудлын ажилтнууд үйлчлүүлж буй иргэдийн мэдээллийг нууцлан, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Д.БУЯНЖАРГАЛ