ЦАГААН САРЫН ЕРӨӨЛ МАГТУУ
Ирж яваа цаг нь гунхаж яваа залуу сайхан бүсгүй юм
Элбэг баян байгаа нь ирэх цагийн өнгө юм
Тоос шорооноосоо салж, торго дурдангаар гоёж
Тоонот гэрээ чимж, уураг шаргал цайгаа буцалгаж
Тос идээгээр тавгаа дүүргэж, айраг цагаа юугаа сөгнөж
Бууз баншны уур юуг нь савсуулан
Бууж мордох нэгэндээ барьж
Алд цэнхэр хадаг, арав хорин төгрөгийг ёс болгон дэлгэж
Азай буурал садан хийгээд төрлөө мэдэлцэж
Амьтан ах дүүстэй алагчилгүй золголцож
Бүтэн бүлээн зүсээ үнэрлүүлэнхэн
Бөх, бөгцөгийг уралдууланхан
Эмээл дээрээс сунайх, эр өссөнийг хэлэлцэнхэн
Энгэсэг гоё охидын ургаж байгааг шагшилцанхан
Хаврын эхэн сарыг угтанхан
Төлийн анхны дууг хүлээнхэн
Төрсөн биеийн жаргалыг эдлэнхэн
Арц хүжсийн үнэрт согтонхон
Аршаан дуслын усанд нь ариусгагдан
Зам мөрөө гарганхан
Засал номоо хийлгэнхэн
Хойморь гэрийн хаалга
Цоож цуургагүй онгойж, хаагдаж
Хотол олноороо хөгшид хүүхэдгүй
Хүүхэн харчуулгүй хөлхөлдөж
Баян, ядуу гэлтгүй эрчүүд нь том том хөөрөг юуг зөрүүлэлдэн
Балчир нялхас чихэр бурманд бялууранхан
Бие биедээ өгсөн бэлэг дамналданхан
Битүүрэх ёсон, шинийн сарууд үргэлжлэнхэн
Ширээн дээр тавьсан ууцны махны амт нь ванлий
Ширдэг гудас хивсний өнгө далдалж
Гялгар уут, хулдаас юугаар гоодсон
Элбэг баян цагаан сардаа
Энх мэнд амар байг хотлоороо
Өмссөн хувцас зүүсгэл гоёл шигээ
Бэлдсэн идээ зоог шүүс шигээ арвин байг
Сар сараар л нэг цагаан сараар цадалгүй
Цаг үргэлж элбэг дэлбэг
Цаглашгүй баян төгөлдөр байхын
Сайхан буянтай ерөөлийг
Сар од, салхиар дайн
Сайхан Монгол түмэндээ дэвшүүлмүү
Өөрийн биеийн өнцөгдсөн суудлыг засуулахаасаа илүүтэй
Өргөн түмнийхээ өнцөгдсөн төрийн суудлыг тэгшлэлцэж
Өнөр баян тэгш дүүрэн жаргалтай
Өөдлөн дэвжих болтугай зовхи нь өөдөө Монголчууд минь
Утаа униаргүй уудам сайхан болох нутагтаа
Уур уцааргүй хотол олноороо баясал хөөртэй
Ирээдүйдээ итгэх итгэл дүүрэн
Ирж буй цаг бүхнийг угтах болтугай
Алд цэнхэр хадгаан дэлгэж
Амсар цалгиан аягаа дүүргэж
Айл өрх, амь бүхэнд
Амар мэндийн ерөөлийг дэвшүүлеэ.
ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ ЧИКАГО ХОТ 2016