Улаанбаатар хотын цагдаагийн газраас харъяа дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран ТҮЦ-д шалгалт хийж байна.
ТҮЦ-үүдэд хийсэн гэнэтийн шалгалтаар ТҮЦ ажиллуулах зөвшөөрөлгүй, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи худалдан борлуулдаг дийлэнх зөрчил дээр хугацаа хэтэрсэн хүнс худалдаалах зөрчил нэмэгджээ.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1100 гаруй түргэн үйлчилгээний цэг үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын А/103 тоот тушаалын хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт шалгалтыг өнгөрсөн сард хийсэн. Шалгалтаар ТҮЦ эрхлэгчдийн 1,7 хувь нь ариун цэврийн өрөөтэй боловч зориулалтын дагуу ашигладаггүй, 98,3 хувь нь ариун цэврийн өрөө байх хэсгийг агуулах, амралтын өрөө болон үйлчилгээний талбай болгон засч ашигласан, шаардлага хангасан хогийн савгүй, хаана бие засч, гараа угааж, хувийн ариун цэвэр сахидаг нь тодорхойгүй, орчны 5 м хүртэлх талбайг тохижуулаагүй, орчноо бохирдуулж, бохир ус, хогоо ногоон байгууламж руу асгадаг гэх мэт нийтлэг зөрчил гаргадаг нь илэрчээ.
Д.БУЯНЖАРГАЛ