Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр зуслангийн чиглэлд хамаардаг. Цагдаагийн II хэлтсийн зуслан дахь цагдаагийн дэд хэсэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг. Тус хэлтсээс зуслангийн эзэнгүй байшингуудын судалгааг гаргаж, зурагжуулан нэгдсэн санд бүртгээд, эргүүлийн үйл ажиллагаагаар хяналт тавьж, иргэдийн өмч хөрөнгийг хамгаалан ажиллаж байна.
Зуслангийн эзэнгүй байшинд нэвтрэн орж мөнгөн аяга, зурагт, үнэт эдлэл хулгайлсан Б, А, О нарыг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн ЧД-ийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Чинзориг шалгаж байна. Мөн эзэн нь байхгуй хойгуур зуслангийн байшингийн паркетан шалыг нь хуулж аваад явсан, LCD зурагтыг нь хулгайлсан хэргүүдийг тус хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна.
Иргэд үнэт эд зүйлээ зуслангийн байшиндаа орхихгүй байх, гэрээ эзэнгүй орхиж байгаа гэдгээ зуслангийн манаач, сахиулд мэдэгдэх, харуул хамгаалалтын байгууллагатай хамтарч ажиллах зэргээр өөрийн өмч хөрөнгөө хамгаалах хэрэгтэй хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.