Шинэ жилийн ойн баярын салшгүй нэг хэсэг нь гацуур мод. Шинэ он гарахын зааг дээр гэр орноо, гудамж талбайгаа модоор чимдэг уламжлал олон мянган жилийн түүхтэй. Анх эртний Мисир нутагт жил бүрийн хамгийн урт шөнөтэй өдөр буюу одоогийн цагалбараар арванхоёрдугаар сарын 22-нд орон гэрээ дал модны мөчрөөр чимэглэн амьдрал ямагт үхлээс давж гарахыг бэлгэддэг байжээ. Эртний Ромд гэр орноо ногоон навчаар чимэглэдэг байсан гээд жишээ олон бий. Шинэ он гарах зааг дээр амьдралын бэлгэ тэмдэг болсон ногоон өнгөтэй модоор орон гэрээ чимэглэх ёсон явсаар өдгөө хүрсэн байна. Цаг үеийн явцад мөнх ногоон өнгөтэй гацуур мод нь христийн шашны утга агуулгатай байсан ч өдгөө нэгэнт эргээд бэрх ба үхлийг амьдрал ба аз жаргал ямагт давж гардгийн бэлэгдэл болсон юм.
Орчин цагт улс бүрийн нийслэлүүдэд, тухайн хотод үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь хэн нь хамгийн чамин, хамгийн өвөрмөц, хамгийн үнэтэй, хамгийн тансаг шинэ жилийн гацуур мод барих вэ гэж өрсөлддөг. Ингээд дэлхийн олон улс орнуудын танил болж, жуулчдын очиж үзэх дуртай хотын нэг болох нь ойлгомжтой юм.
Энэ жил хотын маань албан байгууллагууд гацуур модоо өөр өөрийн өнгө төрхтэй засчээ. Сүхбаатарын талбайн гацуур мод 21 метр өндөртэй, нийслэлдээ хамгийн өндөр мод юм.
“Хотын гэрэлтүүлэг” компанийн захирал А.Цогтсайхан “Манай компани 50 гаруй жилийн түүхтэй. Энэ хугацаанд Сүхбаатарын талбайн гацуур модыг засч ирсэн. Жил бүр шинэлэг гацуур засахыг эрмэлзэж байдаг. Түрүүчийн жилүүдийнхээс энэ жилийн засч байгаа гацуур мод 1 метрийн өндөр болсон байгаа. Мөн гэрлэн чимэглэлийн хувьд хөгжмийн аяар өнгө нь хувирах юм. Өмнө нь 10 гаруй хоног засдаг байсан бол энэ жил 4-5 хоногт амжуулахаар ажиллаж байна” гэлээ.
Улсын их дэлгүүрийн гацуур модын доогуур нь хүн явах арктай.
“Хас банк” гацуур модоо өөрийн логоны өнгөөр чимэглэжээ.
“Tuushin Tower” гацуураа улаан өнгөөр гоёжээ.
“Unitel”-ийн гацуур ногоон, цагаан өнгөтэй.
“Худалдаа Хөгжлийн” банк өнгө өнгийн том бөмбөлөг зүүж гоёлоо.
“E mart” шар өнгөөр голчлон чимжээ.
12 сар гарсаар нийслэл “Улаанбаатар” хот ийнхүү өнгө өнгийн гацуураар гялалзан гэрэлтлээ.
Б.БАТБААТАР