Манай улсаас авч буй ажиллах хүчний тоогоороо Бүгд Найрамдах Солонгос Улс тэргүүлдэг бөгөөд өнөөгийн байдлаар нийт гучин мянга гаруй Монгол иргэд ажиллаж, амьдарч байна. Тэдний дөнгөж 60 хувь нь л албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа юм. Монгол иргэдийн дийлэнх олонх нь амьдрал, ахуй, эдийн засгийн нөхцөлөө дээшлүүлэх зорилготой БНСУ-д хөдөлмөр эрхэлж байна.
Монгол иргэдэд орчиндоо дасан зохицох, хөгжих, өөрийн эрх ашиг, эрүүл мэндээ хамгаалах талын мэдээлэл дутагдалтай байдгаас хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байх, үйлдвэрлэлийн осолд орох, гэмтэх бэртэх, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах зэргээр эрх нь зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг байна.Тэд долоо хоногт 40-өөс илүү цаг ажиллаад цалингийн доод хэмжээний цалин авах тохиолдол элбэг.
Тэгвэл хууль бусаар ажиллаж буй гадаад иргэдийн эрхийг хамгаалах тухай хуулийн заалт тус улсад байдаг.Хуулийн дагуу Солонгос улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь сая 260 мянган вонн бөгөөд долоо хоногт 40 цаг ажиллах ёстой гэж заасан байдаг гэнэ.
Солонгос улсын “Тэюү” хууль зүйн товчоо, Монголын “Today lounge” компаниудад хандаж авч чадаагүй цалин, 13 дахь сарын цалин буюу ажилгүйдлийн тэтгэмж, үйлдвэрийн ослын тэтгэмжээ хуулийн дагуу авах боломжтой юм байна.Гэхдээ хуулийн дагуу гурван жилийн дотор мөнгөө нэхэмжлэх эрхтэй бөгөөд дансаар цалингаа авдаг байсан бол дансны хуулга, бэлнээр авдаг байсан бол цалингийн дугтуйг нотлох баримт болгон авах ёстой. Харин үйлдвэрлэлийн ослын даатгалын хувьд тухайн байгууллага хамрагдаж байсан тохиолдолд тухайн хүн даатгал төлөөгүй байсан ч авах боломжтой.
Д.БУЯНЖАРГАЛ