Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдон Нарантуул, Хархорин, Дэнжийн -1000, Барс, Гранд плаза, 3, 4 дүгээр хороолол орчимд зогсоолын хүрэлцээ муу байгаагаас хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна.
Худалдааны төвийн түрээслэгч, ажилчид нь зогсоолдоо өөрсдийнхөө тээврийн хэрэгслээ байршуулснаас болж зогсоолын талбай эргэлт байхгүй худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд замын зорчих хэсэг, нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ түр буюу удаан хугацаагаар орхих, зогсох, давхарлах зэрэг зөрчлийг гаргаж зохиомол түгжрэл бий болгож замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулж байна.
Иймд томоохон худалдааны төвийн түрээслэгч, ажилтан нар өөрийн худалдааны төвийн зогсоолоо чөлөөлж иргэдэд үйлчлэх нөхцөл бололцоогоор хангаж өгөх, жолооч тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулах хэрэгтэй байна.
Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай ая тухтай зорчуулах зорилгоор Замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, сахилга соёлтой оролцохыг уриалж байна.
Д.БУЯНЖАРГАЛ