Хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед хүмүүс угаартах тохиолдол ихээр гардаг. Угаарын хийнд хордож амь насаа алдах, өвчлөх эрсдэл манай орны хувьд 12 сарын сүүлээс 2 сарын эх хүртэл буурахгүй байна.
Тухайлбал өчигдөр Улаанхуарангийн нийтийн байранд амьдарч байсан иргэн Н, М нар угаартан яаралтай 103-аар хүргэгдэн эмнэлэгт хүргэгджээ. Энэ нь иргэдийн мэдлэг дутмаг байдлаас болж, зуух, пийшингийн ам онгорхой байх, яндангүй, хий дамжих хоолой болон янданд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, бөглөрсөн байх, хүхээгийн хаалтыг хааснаас угаартах нөхцөл бүрдэж байна.
Мөн архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ пийшин, зуухандаа нүүрс ихээр хийж хяналтгүй орхих нь хордлогын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн автомашинаа гараждаа байрлуулсны дараа асаалттай дулаан байлгаж архидах, түүнээс үүдэн ухаан балартаж тэр чигтээ унтах тохиолдол гарсаар байна. Тэр байтугай машинаа битүү бүтээгээд асаалттай дотор нь сууж байгаад угаартсан тохиолдол 2014, 2015 онд хэд хэдээр бүртгэгдсэн байдаг. Иймээс галын аюулгүй байдлыг сахиж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.
Д.БУЯНЖАРГАЛ