Шинэ оны өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг ихээр зорьдог. Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлэгшээдэг ард түмэн юм.
Энэ үеэр замын цагдаагийн алба хаагчид батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурай, аюулгүй зорчуулахаар ажиллах юм байна. Иймд иргэд замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа халтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-аас анхааруулж байна.
А.ЦЭРЭНДУЛАМ