Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан билээ. Өнгөрсөн оны 12-р сарын 26-нд утааны эсрэг ээж, аавууд Сүхбаатарын талбайд тайван замаар жагсаж, эсэргүүцлээ илэрхийлж төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн.
Энэ жагсаалын үеэр эцэг, эхчүүд утааны эсрэг яаралтай арга хэмжээ авахыг төр засгаас шаардсан 900 хүний өргөдөл цуглуулж Өргөдлийн байнгын хороонд хүргүүлээд байгаа билээ.
Өнөөдөрийг хүртэл тэдний шаардлагад хариу ирүүлээгүй байна. Иймээс “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулахаар болсон байна.
Дахин жагсаал энэ сарын 28-ны 12.00 цагт Сүхбаатарын талбайд болох юм байна. Тэд энэ удаад жагсаалаа “Боож үхлээ” хэмээн нэрлэж, утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч буй хэн бүхнийг энэхүү жагсаалд оролцохыг уриалж байна.
Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас бардаг байна. Мөн иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан талаарх судалгааг “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ноос гаргажээ.
А.ЦЭРЭНДУЛАМ