Парламентыг Ардын их хурал болгон өргөтгөж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зорилготой "Ардын их хурал" хөдөлгөөн нь өнгөрсөн есдүгээр сард байгуулагдсан юм. Хөдөлгөөний зохицуулагчаар Б.Батсүх ажилладаг ба хотын Ерөнхий менежер асан Б.Бадрал нарын 200 гаруй гишүүнтэй билээ.
Улс оронд үүсээд байгаа нийгэм эдийн засгийн хямрал нь одоогийн төрийн тогтолцооноос үүдэлтэй гэж “Ардын их хурал” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд цаашид энэ их хямралыг даван туулахын тулд олигархууд биш ард түмэн өөрсдөө засаглах эрхээ эдлэх “Ардын их хурал”-тай болох ёстой гэж үзэж байгаа юм байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр тус хөдөлгөөнийхөн нэгдсэн зохион байгуулалтад орж, хямралаас гарахын тулд ард түмэн нэгдэх санал санаачилга гаргасныхаа төлөө цагдаагийн байгууллагад дуудагдаж, дарамтад өртөх болсон хэмээн мэдээллээ. Тодруулбал “Ардын их хурал” хөдөлгөөнөөс “Ард түмний сонорт” нэртэй ухуулах хуудсыг 2016 оны 12 дугаар сарын 5-нд нийслэл хотын гудамжаар наах явцад тус хөдөлгөөний зарим гишүүдийг ТЕГ-ын ажилтнууд барьж улмаар ганцаарчлан тусгай өрөөнүүдэд оруулан байцааж, энэхүү үйл ажиллагаа чинь таван жилийн хорих ялтай хэмээн айлган сүрдүүлж, бичиг баримтыг нь ухуулах хуудсуудын хамт хураан авч, тэр ч бүү хэл гар утсыг нь булаан авч, доторх мэдээллийг нь зөвшөөрөлгүй үзэж хүний эрхэнд ноцтойгоор халдсан хэмээн хэвлэлийн бага хуралд оролцогчид ярилаа.
Тус хөдөлгөөнийхөн цаашид нэгдсэн зохион байгуулалтад орж “Ардын их хурал”-тай болох их ажлыг эхлүүлнэ гэдгээ онцоллоо. Ард түмний дунд байгаа салбар бүрийн шилдэг эрдэмтэн судлаач, шинийг санаачлагч нэгдэж улс орныхоо хөгжлийг тодорхойлъё гэж тэд уриалж байна.
А.ЦЭРЭНДУЛАМ