ХОТ ЖИЛД 10 МЯНГАН ТОНН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ ҮҮСГЭДЭГ

2017-01-07  

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Л.Жаргалсайхан, МХЕГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр нар оролцсон юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр танилцуулгадаа  Улсын хэмжээнд 2015 оны байдлаар хог хаягдлын төвлөрсөн 371 цэгт 2,3 сая тонн хог хаягдал цугларсан бол, зориулалтын бус газарт 104 мянган тонн хог хаягдал хаягдан, 34 мянган га талбайг бохирдуулсныг цэвэрлэсэн.

Мөн нийслэлийн гэр хороололд хүйтний улиралд ойролцоогоор 81 мянган тонн буюу нэг өрх ойролцоогоор 450 кг хог хаягдлыг шатааж, агаарын бохирдолд нөлөөлж байна. Орон нутагт нийт 357 зөвшөөрөгдсөн хогийн цэг байгаагийн зөвхөн 68 нь хог хаягдлыг хөрсөөр дарж устгадаг бөгөөд бусад нь ил задгай хаяж байна гэдгийг онцлов.

2006, 2007 онд хийсэн судалгаа, тооллогоор Улаанбаатар хотоос жилд 10 мянган тонн аюултай хог хаягдал үүсдэг гэж тогтоосон.

Тухайн үед Улаанбаатар хотоос жилд 400 000 тонн хог хаягдал үүсдэг байсан бол одоо энэ тоо бараг 3 дахин нэмэгджээ. Аюултай хог хаягдлын үүсэлтийг улсын хэмжээнд тооцож үзвэл жилд 29–58 мянган тонн байхаар байна. Устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд нийт 297 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон 369 тонн, 69 мянган литр бодис хадгалагдаж байгаа нь тогтоогджээ.

Олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмуудыг хангах зорилгоор үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, үүсгэсэн хэмжээнээсээ хамаарч хог хаягдлын төлбөр, хураамж төлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Ингээд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?